Польшийн агаарын тээврийн "LOT Polish Airlines" компанийн нисгэгч Конрад Ханк нислэгийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ. Варшаваас Краков хүрэх нислэгийн үеэр тэрбээр тус агаарын хөлгийн үйлчлэгчээр ажилладаг найз бүсгүй Пауладаа гэнэтийн санал тавьсан байна. Тэдний аз жаргалтай агшинг "LOT Polish Airlines" компани албан ёсны цахим хуудсандаа Даваа гаригт нийтэлжээ.
Ахмад Конрад Ханк баглаа цэцэг бариад онгоцны дотоод холбоогоор гэрлэх саналаа тавьжээ.
"Өнөөдрийн нислэгээр маш онцгой нэгэн хүн яваа. Тэр хүн юу ч төсөөлөөгүй яваа гэдэгт би итгэж байна. Ноёд, хатагтай нар аа, би жил хагасын өмнө энэ ажлаа хийж яваад амьдралыг минь орвонгоор нь өөрчилсөн хамгийн гайхамшигтай хүнтэй учирсан юм. Чи надад хамгийн үнэтэй. Чи бол бодит болон биелсэн хамгийн гайхамшигтай мөрөөдөл минь билээ. Тиймээс би чамаас үүнийг асууж байна. Надтай гэрлээч?" гэж Ханк хэлжээ.
Тэдний бичлэг цахим орчинд маш өндөр хандалт авч, 1000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Тэдний хайр дурлал Илона Зан, Иан Дункан нарын 50 жилийн романс шиг урт удаан үргэлжлэнэ гэж найдаж байна. "Pan American World Airways"-ын нисгэгч Иан Дункан, үйлчлэгч Илона Зан нарын хайр дурлал 1970 онд Ромоос Тегеран хүрэх нислэгийн үеэр эхэлсэн түүхтэй. 2021 онд Дункан 86 насандаа нас баржээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ