Улсын циркийн барилгыг нураагаад дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Өмнө нь 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Гэтэл нэмээд улсын циркийн урд талд 35 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт болсон НИТХ-аар албаныхан мэдээлсэн.
Албаныхны тайлбарлаж байгаагаар циркийн газар биш банкны газар гэдгийг онцолдог.
Тодруулбал, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны эзэмшил газар дээр оффис үйлчилгээний зориулалттай 35 давхар барилга барихаар төлөвлөжээ. Угтаа өндөр барилга барихаар төлөвлөсөн энэ газар ч улсын циркийн газрын нэг хэсэг. Циркийн урд талд 35 давхар өндөр барилга баривал түүхэн дурсгалт барилгын архитектурын орон зай нь алдагдана гэдгийг судлаачид хэлж, анхааруулж байгаа. Гэвч хэн ч тоож, авч хэлэлцэлгүй өдийг хүрсэн.
Хотын дарга Х.Нямбаатарын хувьд НИТХ-ын үеэр "Улсын цирк бол нийслэлийн өмч биш. Төрийн өмч. Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдээлэл авах нь зүйтэй" гэдэг хариултыг өгч байв. Гэтэл нийслэлийн харьяа газар нь өндөр барилга барих төлөвлөгөөг нь баталчихсан. Соёлын сайдтай болсон ч энэ асуудалд анхаарал хандуулсангүй.
Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гарсан тухай баримт, мэдээлэл ebarilga.mn мэдээллийн санд нээлттэй байгаа юм. Энэ талаар нийслэлийн Барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга Д.Хан-Уулаас өмнө нь тодруулахад "Улсын циркийн барилгын хойд талын хэсэг буюу ногоон байгууламжийн хэсэгт тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн. Тэр орон зайд ямар нэгэн барилга барихгүй. Хуучин улсын циркээ шинээр засварлахаар төлөвлөсөн.
Харин циркийн барилгын өмнөх газар дээр 2019 онд оффис барилгаа өргөтгөх зөвшөөрлийг авсан. Өнгөрсөн 2022 онд тэр газар дээр зураг төслөө шинэчилж, 35 давхар барилга барихаар болсон.
Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Рояал плаза" компани 1.3 га газар эзэмшиж байгаа" гэдэг мэдээллийг өгч байв.
Улаанбаатар хотын түүх судлаач Г.ОЧБАЯР:
-Улсын циркийн барилгын талаар саяхан олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацагдсан. Түүхэн дурсгалт барилгын ойр орчимд 35 давхар барилга барихаар төлөвлөсөн. Гэхдээ циркийн барилгыг буулгахгүй гэсэн. Циркийн барилгыг шинэчлэх зураг төслөөс харахад үндсэн дүр төрх, бүтээцийг өөрчлөх юм байна. Хажууд нь 35 давхар барилга барих юм байна гэдэг нь харагдсан. Бид энийг эсэргүүцэж байгаа юм. Хотын төвийн А бүсэд байрлах маш цөөн орон зай, түүхэн барилга. Хотын хуучны дүр төрхийг авч үлдэх шаардлагатай. Улсын цирк нийслэлчүүдийн хайртай, очих дуртай газрын нэг байсан.
Улсын цирк нь соёлын томоохон байгууламж учраас тэр орон зайг нь устгах гэж байгааг эсэргүүцэж байна.
Нэгдүгээрт, барилгын үндсэн хэв шинж өөрчлөгдөнө. Хоёрт, ойр орчмын орон зайг эвдэх зураг төсөл болсон байна. Улаанбаатар хотод усан оргилууртай гудамж маш цөөн үлдсэн. Их дэлгүүрээс урагшаа Богд хаан уул нэвт харагддаг орон зай иргэдийн аюулгүй байдал, чөлөөт цагийг өнгөрүүлэх зориулалттай талбайтай. Циркийн хажууд 35 давхар өндөр барилга барьвал тэр орон зай нь алдагдана. Хотын даргаар ажиллаж байсан хүний гэр бүл түүхэн дурсгалт барилгыг үгүй хийх гэж байгаад шүүмжлэлтэй хандаж байна" гэдэг байр суурийг илэрхийлж байсан.
"Түмэн амгалан ордон" компанийн боловсруулсан циркийн барилгын өргөтгөл, шинэчлэлтийн загвар зургийг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд баталсан байна. Зураг төслөөр 3000 хүн хүлээн авах хүчин чадалтай, зоорьтой, хоёр давхар барилга төлөвлөгдсөн бөгөөд өргөтгөлийн хэсэг нь үндсэн барилгын хийц, бүтээцэд нөлөөлөхгүй шийдлээр зураг төсөл боловсруулсан гэсэн байдаг.
Холбоотой мэдээ