Цахим спортын "CS2" төрлийн томоохон тэмцээнүүдийн нэг болох "ESL Pro League"-ийн 19 дэх улирлын шигшээ тоглолтууд Мальта улсад эхэллээ. Ази тивийг төлөөлөн хоёр баг оролцож байгаа бөгөөд Монголын "The MongolZ" баг өнөөдөр/2024.04.24/ хэсгийн эхний тоглолтоо дэлхийн чансааны 13 дугаарт эрэмбэтэй, Саудын Арабын "Falcons" багтай хийв. Гурван ээлжийн ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын эцэст "The MongolZ" баг өрсөлдөгчөө 2-1 гэсэн харьцаатай хожлоо.
Ингэснээр тэд В хэсгийн дээд хагас шигшээд "G2 Esports" багтай учраа таарлаа. Шилдгүүдийн цуглуулга "G2 Esports" багийн тухайд өнөөдөр эхний тоглолтдоо Ази тивийн өөр нэгэн төлөөлөл болох Хятадын "TYLOO"-г хожсон юм.
"The MongolZ" болон "G2 Esports" багуудын тоглолт маргааш 22:30 цагаас эхэлнэ.
Сүүлийн жилүүдэд Саудын Араб спортод ихээхэн хөрөнгө оруулж байгаагийн нэг хэсэг нь цахим спорт руу чиглэж буй. Тэд саяхан "Falcons" багаа бүрэн шинэчилж, Европын шилдгүүдийг мөнгөөр урхидсан. Гэвч тэмцээнүүдэд бүтэл муутай оролцож, эздийнхээ, фэнүүдийнхээ хүссэн амжилтыг үзүүлж чадаагүй явна. Алдарт дасгалжуулагч "Zonic"-ийн удирдлага дор "Snappi", "maden", "Magisk", "SunPayus", "dupreeh" гэсэн хүчирхэг таван тоглогч нэгдсэн билээ.
Энэхүү тэмцээний нийт шагналын сан 750 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг "IEM Cologne"-д оролцох эрхийг авна. Мөн багуудын үзүүлсэн амжилтаас шалтгаалан "Blast Premier"-ийн чансааны оноо цуглуулна.
Дашрамд дурдахад, "Falcons"-ийн "PUBG Mobile"-ийн бүрэлдэхүүнд хуучин "Stalwart Esports" багийн тамирчид болох Монголын "TOP", "Action", "N1RZED", "ICY", дасгалжуулагч "Senator" нар харьяалагддаг билээ.
Холбоотой мэдээ