Сурвалжлага: Ногоон байгууламжтай болгох хотын даргын үг "мөрөөдөл" болжээ

Хуучирсан мэдээ: 2024.04.25-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Ногоон байгууламжтай болгох хотын даргын үг "мөрөөдөл" болжээ

Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд байрлах “East plaza" худалдааны төвийн шатсан барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж Д.Сумъяабазар Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа мэдэгдсэн удаатай. Гэвч түүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрч, дээрх үг замхарч, орон сууцны барилгын ажил цаг хугацаатай уралдан, өрнөж байна.

Биднийг тус газар өчигдөр (2024.04.24) очиход барилгын ажил ид өрнөж, ойролцоогоор гурван давхар барилгын ажил хийгдсэн байв. Нэг дэх блокийн суурийн гурван давхрын багануудыг бариад дууссан, дөрөвдүгээр давхар руу шилжилж байгаа бол нөгөө блок нь гуравдугаар давхрын хана, суурийг цутгаж байлаа. Барилгын суурийн ажил 2023 оноос эхэлжээ. Хашаалсан, хашаан дээр “Хар Хорум” виллаж, захиалага авна гэх мэт бичиг бүхий анонас хадаастай байсан юм.

“36 ХУВЬД БАРИЛГА, 64 ХУВЬД НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ”

Өнгөрснийг нэхэн сануулбал,

Тус газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гаргав. Мөн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьж, иргэдээс санал авах ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд үүрэг болгосон байдаг.

Баянзүрх дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэр, XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд талд байрлах шатсан “East” төвийн сууринд өмнө нь Манжийн төрийн үеийн “Бат цагаан” нэртэй шорон байсан түүхтэй. Тус шоронд гамингууд Монголын эх оронч баатар Манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан гэдэг бол 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ренчин, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг мөн хорьж байсан тухай мэдээлэл бий. Харин 1992 оноос тус барилгыг худалдааны зориулалтаар ашиглаж байгаад  2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй.

2022 оны зургадугаар сард Хотын удирдлагууд тус газарт очиж танилцснаас хойш нэг сарын дараа буюу долдугаар сард шатсан барилгыг нурааж,  Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ “Газар бол төрийн, ард түмний өмч. Энэ газрыг олон жил зориулалт бусаар ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, дамжуулан наймаалж ирсэн явдлыг бид таслан зогсоож, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа өргөсөн баатарлаг эрсийн дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэн барина” гэж мэдэгдсэн юм.

Тус газрыг “Пром-Импорт” ХХК эзэмшдэг. Худалдаа, үйлчилгээ, нийтийн үйлчилгээний газар, цогцолборын зориулалттай 8913 мкв газрыг олгосон байдаг.

Шатсан барилгыг нураах шийдвэр гаргахаас гурван сарын өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард тус газрын  эзэмшигч болох “Пром-Импорт” ХХК гурван блок буюу 16 давхар худалдаа, үйлчилгээний цогцолбор байгуулахаар архитектур төлөвлөлтийн даалгавраа /А даалгавар/ батлуулж байжээ. Харин 2022 оны долдугаар сард Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачилга гаргаж тус газрын эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын удирдлагыг хэлэлцээрийн ширээнд урьсан юм. Энэ хүрээнд дээрх компани гурван блок барилгаа хоёр блок болгон өөрчилж, үлдсэн эдэлбэр газарт нь ногоон байгууламж байгуулахаар болсон гэж байв.

Албаныхны хэлснээр тус газрын 36 хувьд барилга, 64 хувьд ногоон байгууламж, зам, талбай байхаар баталж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ.

“БИД Д.СУМЪЯБАЗАРААС ЗӨВШӨӨРЛӨӨ АВААД, БАРИЛГАА БАРЬЖ БАЙНА”

“East” plaza худалдааны төвийн шатсан барилгын суурин дээр барилга барьж буй компанийн инженерийн өгсөн мэдээллээр тус компани 2022 онд зөвшөөрлөө авч, 2023 оноос барилгын ажлаа эхлүүлжээ. Тус барилгын инженертэй уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

Энд барилга барих зөвшөөрөл авсан юмуу, хэн өгсөн бэ?

-Инженер: Бид 2022 онд зөвшөөрөл авсан

 -Орон сууц барих зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ?

-Инженер: Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга байсан Д.Сумъяабазараас зөвшөөрөл авсан. 2024 онд зөвшөөрлөө сунгасан.

-Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар энэ газар дахь шатсан байсан барилгыг нураагаад ногоон байгууламж барина гэж амласан шүү дээ? 

-Инженер: Мэдэхгүй ээ,  бид зөвөөшөрлөө хууль журмын дагуу авсан. Түүнийхээ дагуу ажлаа хийж байна.

Ийн тайлбар өгөөд цааш ярих зүйл байхгүй хэмээн барилгын талбайг орхиж гарахыг шаардсан юм.

“МАНАЙ ДАРГА НАРЫН АМ АЖИЛ ДАНДАА ЗӨРДӨГ”

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх нарын ярьснаар бол энэ газарт иргэдэд тав тухтай суух, амрах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж барих ёстой байлаа. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд орон сууцны хороолол болгох ажил эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд тэд орон сууц барих зөвшөөрлөө ч авсан гэдгээ хэллээ.

Олон нийт, иргэд, тухайн барилга орчмын оршин суугчид ч гэсэн энэ газарт ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн хүлээлттэй байв.

Иргэн: Энэ газарт тухайн үед ногоон байгууламж барина л гэж байсан. Одоо барилга л барьж байна. Энэ ажил чинь өнгөрсөн жил эхэлсэн. Дарга нарын ам ажил дандаа зөрдөг. Итгэх итгэлгүй болоод байна шүү дээ.

Иргэн: Манай энэ хавьд ногоон байгууламж байхгүй, бид нар хол явж агаарлаж амарч чаддаггүй. Цэцэрлэгт хүрээлэн амралт чөлөөт цаг өнгөрөөх газар байгуулаасай гэж хүсч байсан юмсан.  Уг нь энд ногоон байгууламж барьсан бол оршин суугчдад хэрэгтэй бүтээн байгуулалт болох байсан. Харамсалтай нь, хэлсэн ярьсандаа байж чадсангүй.

"ПРОМ-ИМПОРТ ХХК-ИЙН ЭЗЭМШИГЧ НЬ Ө.ГАЛЦОГ ОЛОН КОМПАНИ ЭЗЭМШДЭГ"

Тус газрын эзэмшдэг, орон сууц барьж буй “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшигч нь Ө.Галцог. Өмнө нь тус компанийг Хадбаатарын Золжаргал гэж нэр дээр байсан ч одоо Ө.Галцог эзэмших болжээ. Харин Ө.Галцог нь тус компанийг дангаараа эзэмшдэг ч Шатарбатын Удаанжаргал гэх хүнтэй хэд хэдэн компанийг эзэмшдэг байна. Тухайлбал, “ЖБНД” ХХК, “Эх газрын үр” ХХК зэрэг компаниудыг эзэмшдэг бөгөөд тэдний эзэмшлийн компаниуд барилга, газар тариалан, автомашины худалдаа, гадаад худалдаа, мэдээлэл технологи зэрэг олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байна.

тайлбар: “Пром-Импорт” ХХК-ийн анхны эзэмшигчийн мэдээлэл /эх сурвалж: УБЕГ/

 

тайлбар: “Пром-Импорт” ХХК-ийн эзэмшигчийн мэдээлэл /эх сурвалж: УБЕГ/

 

тайлбар: Ө.Галцог, Ш.Удаанжаргал нарын эзэмшдэг компани /эх сурвалж: УБЕГ/

тайлбар:  Ш.Удаанжаргалын эзэмшдэг компани /эх сурвалж: УБЕГ/

Гэрэл зургийг Ч.ДАРХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
11
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж