Дайчдын алдар гавьяа мөнх

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Дайчдын алдар гавьяа мөнх

Дайнд оролцсон ахмад дайчид аа!

Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх эрхэм үйл хэрэгт хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа дайчид аа!

Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, албан хаагчид, гадаадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид аа!

Монгол Улсын нийт иргэд ээ!

Манай дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж явсан ОХУ-ын болон Хамтын нөхөрлөлийн орнуудын ахмад дайчид, эрхэм зочид оо!

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 65 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд халуун баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. ХХ зууны түүхэнд бараан мөр үлдээн хүн төрөлхтөнд гай гамшиг, гашуун зовлон учруулсан дэлхийн II дайны сүүлчийн голомтыг дарсан энэ дайны ялалтын түүхэн ач холбогдол нь фашист эвслийн түрэмгий бодлогыг няцааж, дэлхий дахинд энх тайван тогтооход эргэлтийн үйл явдал болсны дээр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулан зөвшөөрүүлэх онцгой үр дагавартай байсанд оршино.

Олон зуун жилийн уламжлалтай Монгол, Оросын ард түмэн, Зэвсэгт хүчний найрамдал нөхөрлөл, харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд дэлхийн II дайн, түүний дотор чөлөөлөх дайн нэгэн чухал хуудас болж ордог бөгөөд энэхүү дайнд амь үрэгдэж, шархадсан 36000 гаруй жирийн орос цэргийн дурсгалыг манай ард түмэн гүнээ хүндэтгэж байдаг билээ. Энэ дайны явцад Монгол, Зөвлөлтийн цэрэг Хятадын Ардын чөлөөлөх армийн цэрэгтэй нэг зорилгын төлөө мөр зэрэгцэн тулалдаж байсан нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХАЧА-ийн хамтын ажиллагааны шинэ хуудас болсныг онцлон тэмдэглэж байна.

Монголын ард түмэн ардчилал, хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн хөгжлийн замыг тууштай сонгож, дэлхийн шударга улс түмний нэгэн гэр бүлд багтаж, дайны аюул заналгүй энх тайван амьдарч, улс орноо хөгжил цэцэглэлтэд хүргэхийн төлөө зорьж байна. Улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө өөрийн амь бие, хүч хөдөлмөрөө зориулж явсан ахмад үеэ бахархан хүндэтгэх, дайчин уламжлалыг нь өвлөн залгамжлах, залуу үеийг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, дэлхийн улс түмнүүдтэй энх тайван найрамдалт харилцааг улам бэхжүүлэх явдал төр, засгийн бодлогын салшгүй нэг хэсэг байсаар байх болно. Ялалтын төлөө мөр зэрэгцэн тулалдаж явсан баатарлаг дайчдын алдар гавьяа ашид мөнх мандан бадарч байх болтугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ОЙД БЭЛТГЭХ, ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИССЫН ДАРГА Л.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж