Үндэсний дээд лигийн Эрдэнэтийн Уурхайчид баг Кори Маниголт гэх тоглогчтой үл ойлголцсоноос болж, Монголын сагсан бөмбөгийн холбооноос чангахан шийтгэлийг хүртээд байсан билээ. Тэгвэл Уурхайчид багийн зүгээс уг асуудлыг шийдэж, холбооны зүгээс ч лигийн шагналын мөнгө болон ирэх улирал дээд лигт тоглох эрхийг нь олгохоор болжээ.
Уурхайчид багийн мэдэгдэлд "Багийн зүгээс Кори Маниголтыг хохирлыг барагдуулж, асуудлаа шийдвэрлэсэн болно. Тиймээс гуравдугаар байрын 75 сая төгрөг, лигт оролцсон 15 сая төгрөгийг олгож, 2024-2025 оны улиралд лигт оролцохыг түдгэлзүүлсэн асуудлаа шийдвэрлэж өгнө үү" гэх утгатай зүйлсийг бичжээ.
Сагсан бөмбөгийн холбооны зүгээс ч шагналын мөнгийг олгож, лигт орох эрх нь нээгдсэн болохыг мэдэгдсэн аж.
Хэрэг явдлыг эргэн сануулбал, Уурхайчид баг Сербид бэлтгэл хийх үеэрээ Кори Маниголт гэх тоглогчтой гэрээ байгуулсан ч тухайн тоглогч нь хар тамхи, эрүүл мэндийн шинжилгээнд оролцохоос татгалзаж, мөн зан авирын асуудалтай байсан тул гэрээг нь цуцалсан гэнэ. Харамсалтай нь, тоглогч болон түүний агент гэрээний мөнгөө бүтэн нэхэмжилж, FIBA-д хандсанаар дээрх асуудал үүсчээ.
Холбоотой мэдээ