Шадар сайд С.Амарсайханаас дараах асуултад хариулт авлаа.
-Онцгой байдлын алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж үеэрээ амь насаа алдаж буй энэ асуудалтай холбоотойгоор хариуцлага хүлээлгэх албан тушаалтнуудын нэрсийг оруулж ир гэдэг үүрэг өгөгдсөн мэдээлэл байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд энэ асуудлыг оруулсан уу?
-Нэгдүгээрт, ажлын эрсдэл, орчны онцлог гэж байна. Хоёрдугаарт, ямар ч салбарын ажил байсан ажлын хариуцлага, уялдаа холбоо чухал. Хариуцлага тооцох асуудал нэг хүнээр яригдаж болохгүй. Нэлээн өргөн хүрээнд яригдах ёстой асуудал. Хариуцлагын цаана албан тушаалтан хувь хүн байгаа гэдгийг мартаж болохгүй. Дүүрэгт болсон эрсдэл гамшиг дүүргийн удирдлага нь ажилдаа хариуцлагагүй хандсан, албан хаагчдаа зөв удирдаж, сургаж дадлагажуулж чадаагүй бол ямар хариуцлага тооцох юм. Онцгой байдлын ерөнхий газрын дотоод үйл ажиллагаа ямар байгаа юм гэх мэт олон асуудал дээр. Жишээлбэл, хүний амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр хуулийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулаад ямар буруутай үйл ажиллагаа байсан бэ гэдгийг тогтоосны дараа хариуцлагын асуудал ярина.
Тэр хүрээнд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байна гэж хэлсэн. Энэ хүрээнд зарим албан тушаалтанд өнөө маргаашгүй хариуцлагын асуудал яригдана.
Зөвхөн Онцгой байдлын байгууллага ч биш аж ахуй нэгж иргэдийн өөрсдийн хариуцлага оролцоо, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгуурласан эрсдлийг багасгах, харилцан хамтарч ажиллах байдал чухал.
-Онцгой байдлын албаны таван албан хаагч амиа алдсан асуудалд Засгийн газар мэдрэмжгүй хандлаа гэдэг санал шүүмжлэл өрнөж байна. Өмнө нь төрсөн ээжийг углааштай нь өвлөөр эмнэлэг хооронд зөөсөн үндэслэлээр Засгийн газар огцорч байсан. Тэгэхээр хариуцлага тооцох асуудал танай Засгийн газрын үед хоосон яриа болж байгаа биш үү?
-Хий хоосон зүйл болж үлдэх ёсгүй. Хүний амь настай холбоотой асуудал дээр хариуцлага яригдаж байгаа бол ултай суурьтай, үндэслэлтэй байх ёстой.
Энэний хажуугаар гамшигтай тэмцэх алба хаагчид гэдэг бол хэдийгээр тангараг өргөсөн ч гэсэн эрсдэлгүй орчин нөхцлийг бүрдүүлэх. Шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх. Эрсдлийг бий болгосон суурь шалтгааныг бид тооцох ёстой. Албан хаагч гамшгийн голомт руу орж байгаа. Хэн ч амьд үлдэнэ гэсэн баталгаагүй орчин руу орж байгаа. Тэгэхээр тухайн обьектыг эзэмшигч иргэн, ААН -ийн хариуцлага гэж байх ёстой. Яагаад гэвэл тэд эрсдэл бий болгосон. Засвар үйлчилгээгээ цаг хугацаандаа хийгээгүй ч юм уу, эсвэл шатах тослох материал дэлбэлдэг ч юм уу. Голомтыг бий болгохгүй байх тал дээр хаа хаанаа анхаарах ёстой.
-Ерөнхий сайд танд хариуцлага тооцох талаар хэлсэн үү?
-Одоохондоо тийм юм яриагүй.
Холбоотой мэдээ