"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"

"Цахим спортын мэргэжлийн тамирчин болж, амжилтад хүрэх магадлал 0.1 хувь"
Yoon Ki-chan, majoring in esports, guides a friend as they play League of Legends during a class at Eunpyeong Meditech high school in Seoul, South Korea, October 7, 2021. Picture taken on October 7, 2021. REUTERS/Kim Hong-Ji

Цахим спортын хөгжил дэвшил, судалгаа, хамрах хүрээ өргөжин тэлсээр мэргэжлийн болон сонирхогч гэх ялгаа зааг гарлаа. Энэ чиглэлээр мэргэжлийн тамирчид бэлтгэх сургалт дамжаа олширч, их сургуулиуд хүртэл энэ хөтөлбөрөөр элсэлт авдаг болов.

Өмнөд Солонгост цахим спортын мэргэжлийн тамирчдыг бэлтгэх академи үйл ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацааг үджээ. Сөүлийн Гванак дүүрэгт байрлах тус академид компьютерийн хулгана, гарын товчлуурын дарагдах чимээ тасралтгүй сонсогдоно. Энгийн хичээлийн анги шиг харагдах энэ газар цахим спортын мэргэжлийн тамирчдыг бэлтгэх бөгөөд компьютерийн хулгана ашиглах, хариу үйлдэл үзүүлэх хугацаа нь миллисекундээр хэмжигдэх аж.

Энэ академид хулганаа хэрхэн зөв атгахаас эхлээд хөдөлгөөн бүрийг нь чиглүүлж, нарийн зааж зөвлөдөг гэнэ.

Өдөр 18:00 цаг гэхэд ахлах, дунд ангийн сурагчид хичээлээ тарж ирээд цахим спортын мэргэжлийн тамирчин, аварга болох мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэлдээ ордог. 16 настай Ким Сюн Хюн гэхэд л өдөрт 15 цаг бэлтгэл хийж, мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна.

МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БОЛОХОД ДАН ГАНЦ УР ЧАДВАР ХАНГАЛТГҮЙ

Гэхдээ дан ганц ур чадвар байгаад сайн мэргэжлийн тамирчин болоход хангалтгүй. Зах зээлийн цар хүрээ нь нэмэгдэхийн хирээр цахим спортын тэмцээн уралдаан зохион байгуулах улс орнууд олширч, томоохон байгууллагууд ч цахим спортын багтай болж, үзэгчдийн тоо ч асар хурдацтай нэмэгдэж байна. Тиймээс дэлхийн хотуудаар аялж, тэмцээнд оролцох, гадаадын багт тоглох, фэнүүдтэйгээ харилцахад хэлний мэдлэг хэрэг болж байна.

Дунд сургуулийн суагч Ём Жон Хваны хувьд энэ жилээс эхлэн англи хэлний сургалтад давхар хамрагдаж эхэлжээ. Түүний хувьд "Valorant" тоглоомын төрлөөр хичээллэдэг бөгөөд олон улсын багт орох эсвэл гадаад руу тэмцээнд явахад хэлний мэдлэг хэрэг болно гэж үзжээ.

Түүнчлэн бие бялдар, харилцаа хандлага чухал. 15 настай И Да-Солын хувьд цахим спортын бэлтгэлээс гадна долоо хоногт дөрвөн удаа фитнесээр хичээллэж, нурууны булчиндаа анхаардаг аж. Харин 18 настай Шин Жун-Вун багаар ажиллах, бусадтай харилцах чадвартаа анхаарч олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог гэв. Багууд ч тамирчдын харилцааны чадвар дээр онцгой анхаарч, багтаа элсүүлдэг гэнэ.

Хүнд хэцүү, нарийн дэглэмийн дор бэлтгэл хийж, мэргэжлийн түвшинд хүрэх тамирчид тун цөөн. Мэргэжлийн тамирчны карьер богино учир анхнаасаа шилдэг нь байж, багтаа байр сууриа богино хугацаанд олох хэрэгтэй байдаг ажээ.

Энэ талаар тус академийн дасгалжуулагч Чой Сон Мин ярихдаа "Мэргэжлийн тоглогч болоод амжилтад хүрэх магадлал ердөө 0.1 хувь" гэлээ. Тиймээс тэрбээр суралцагч нараа өөр ажил мэргэжил сонгоход эсэргүүцдэггүй гэв.

Чой Сон Мин "PUBG"-ийн мэргэжлийн тамирчин байсан ч хүссэн амжилтаа үзүүлж чадалгүй дасгалжуулагч болохыг сонгожээ. Дасгалжуулагч, аналист, тайлбарлагч, стриймер гэх хүртэл цахим спортын шинэ мэргэжлүүд зах зээлд гарч ирэв. Тамирчид богино карьераа дуусгасны дараа хоёр дахь карьераа дээрх мэргэжлүүдээс сонгож эхлүүлдэг гэнэ.

Дунян их сургуулин цахим спорт судлалын тэнхимийн профессор Ким Жун Тэ ярихдаа "Бага, дунд ангийн сурагчид В төлөвлөгөөгүй мэргэжлийн тамирчин болно гэдэг ухаалаг хэрэг биш. Эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ сайн ярилцах ёстой. Сургуульд сурч, боловсрол эзэмших хүсэл тэмүүллээ хүүхдүүд алдахгүй байх нь чухал" гэжээ.

Цахим спортыг дэлхий нийтээрээ спорт гэдгийг хүлээн зөвшөөрч, Азийн наадмын хөтөлбөрт хүртэл багтсан. Мөн энэ зах зээлд эргэлдэж буй хөрөнгө, тамирчдын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын мөнгөн дүн зэрэг нь жилээс жилд огцом өсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж