Тусгаар тогтнол авчирсан түүхэн ялалт

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол авчирсан түүхэн ялалт

Хэдийгээр дэлхийн II дайныг 1939 оны есдүгээр сарын нэгэнд Европт эхэлсэн гэх боловч үнэн хэрэгтээ аль эрт 1939 оны тавдугаар сард Халхын голын байлдаанаар эхэлсэн гэвэл хэтрүүлэг болохгүй. Халхын голд Монгол Зөвлөлтийн арми Японы эзлэн түрэмгийлэгчдийг дөрөвхөн сарын дотор бут ниргэж, монголын газар нутгаас үтэр хөөн гаргасны дараа корпус командлан захирагч Г.К.Жуков “Энэ бол шинэ дайны эхлэл байж мэднэ” гэж хэлсэн байдаг. Үнэхээр хэдхэн хоногийн дараа Германы арми Польш руу халдан довтолсноор Европт шинэ дайн эхэлсэн билээ. Монгол улс анхнаасаа ЗХУ-ын талд бат зогсч, зэвсэг техник, эд материал, адуу мал зэргээр тусламж, дэмжлэг үзүүлж байлаа.

Дайны явц холбоотон гүрнүүдийн талд нэгэнт шийдэгдэх үед Алс дорнод дахь Японы империалистуудыг бут цохиход ЗХУ-ыг оролцуулахыг АНУ, Англи эрчимтэй шахах болжээ. Зөвлөлтийн удирдагч И.Сталин үүний хариуд хэд хэдэн шаардлага тавьсны нэг нь Монгол Улсын статус квог хүлээн зөвшөөрөх тухай байлаа. Үүнд нааштай хариу өгсөн учраас Зөвлөлт Монголын арми  Японы эсрэг дайнд нэгдэн орсон билээ.

1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ, наймдугаар сарын 10-нд манай улс Японд дайн зарласнаар “Чөлөөлөх дайн” эхэлсэн түүхтэй. Тухайн үед Японы цэргийн бүлэглэлийн гол хүч Манжуур, Хойт Солонгос, Өмнөд Сахалин, Курилийн арлуудад төвлөрч байсан. Энэ хүч 1945 оны наймдугаар сар гэхэд бие бүрэлдэхүүний хувьд нэг сая илүү хүнтэй, 1215 танктай, 6640 их буу, миномёттой, 1907 нисэх онгоцтой, далайн 25 хөлөгтэй байв. Зөвхөн хүний тоогоор аваад үзэхэд Японы дивизийн бие бүрэлдэхүүн дундажаар 18.0 мянган хүнтэй байхад Зөвлөлтийн дивиз 10.0 мянгаас хэтрэхгүй байжээ. Чөлөөлөх дайн эхлэхээс өмнө ЗХУ Алс Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, нэгтгэснээр цэргийн стратегийг тухайн үед зөв зохион байгуулж чадсан юм. Зөвлөлт Монголын  цэргийн дээд командлал хүчтэй цохилт хийх цэргийн томоохон бүлэглэлийг бүрдүүлэх ажлыг тав, зургаа, долдугаар сард зохион байгуулж, Баруун фронтоос Алс Дорнод руу төмөр замаар 9-12 мянган км зайд асар их олон тооны хүн, зэвсэг, техникийг шилжүүлэн байрлуулжээ. Үүний  үр дүнд ЗХУ-ын Алс Дорнод дахь цэргийн бүлэглэл дайн эхлэх үед бие бүрэлдэхүүний хувьд 1.7 сая илүү хүнтэй, 5250 танк, 29835 их буу, миномёттой, 5171 байлдааны нисэх онгоцтой, 93 далайн хөлөгтэй болсноороо Зөвлөлтийн цэрэг Японы цэргээс давамгайлж, стратегийн давших операцийг явуулах нөхцөлийг бүрдүүлжээ. Үндсэн цохилтын чиглэлүүдэд хүч хэрэгслийнхээ 70-90 хувийг төвлөрүүлж, бие бүрэлдэхүүнээ 1.5-1.7 дахин, их буугаа 4-4.5, танк 5-8, нисэх онгоцоо 2.6 дахин нэмэгдүүлсэн нь Японы армийг бут цохих цэргийн томоохон тактик байсан юм.

Цэргийн байлдааны стратегийн ажиллагаа нь Европ, Азийг дамнуулан тив хооронд хийсэн стратегийн агуу маневр байснаараа цэргийн урлагийн түүхэнд алтан хуудас болон үлдсэн гэж мэргэжлийнхэн үзэж байна. Манжуурын стратегийн давших операцид шийдвэрлэх үүргийг Өвөр Байгалийн фронт, түүн дотроо 6 дугаар гвардын танкийн арми голлох үүргийг гүйцэтгэсэн гэж цэргийн урлагийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Цэргийн шилжүүлэн бүлэглэлтээр Европоос Алс Дорнодод бүр тодруулбал Прагаас БНМАУ-ын зүүн хилд маневрлуулсан 6 дугаар гвардын танкийн арми бол Румын, Унгар, Австри, Чехословак зэрэг улс орны уулархаг ойт болон намгархаг тал нутагт байлдааны ажиллагааг амжилттай явуулж байсан туршлагатай арми бөгөөд Өвөр Байгалийн фронтын стратегийн давшилтын үндсэн чиглэлд 1000 шахам км гүнд маневрлан байлдааны ажиллагаа явуулснаараа цэргийн урлагийн түүхийн алтан хуудаснаа алдар гавьяагаа үлдээсэн домогт нэгдэл юм. Зөвлөлтийн цэргийн танкийн томоохон нэгдэл Их Хянганы уулархаг нурууг давсан нь түүхэнд тохиолдсон анхдагч үйл явдал байжээ. Ийнхүү 6 дугаар гвардын танкийн арми гурван өдрийн давшилтаар 450 гаруй км замыг туулахдаа Их Хянганы уулсыг даван түүнд тавьсан байлдааны үүргийг хоёр хоногийн өмнө биелүүлсэн байна. Энэхүү операцийн нэг онцлог нь 6 дугаар гвардын танкийн арми фронтын үндсэн хүчнээс салангид 300 орчим км-ийн алсад амжилттай ажиллагаа явуулсанд оршдог.

Энэхүү Чөлөөлөх дайнд ма­най улсын талаас 5,6,7,8 ду­гаар морьт дивизүүд, мото­механикжуулсан 7 дугаар хуягт бригад, тан­кийн 3 дугаар хороо, 9 дүгээр тус­гай хороо, их бууны 3 дугаар хороо, хол­бооны тусгай хороо, их бууны болон хуягт дивизион зэрэг 25 анги нэгтгэл, ЗХУ-ын талаас Ерөнхий цэргийн 11 арми, нисэхийн 3 арми, танкийн 1 арми, Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах /АДЭХ/ цэргийн 3 армийн бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Монголын 5,6 дугаар морьт ди¬визийн дайчид монголын хилээс 1100 км-т буюу Миюн хо¬тод хүрсэн нь одоогийн Бээжин хотын нэгэн дүүрэг юм. Тухайн үеийн Хятадын ардын чөлөөлөх найм¬дугаар арми японы эсрэг тулалдаж, бүслэлтэд ороод байхад нь Монгол Зөвлөлтийн арми очиж, бүс¬лэлтээс гаргасан талаар түүхэнд тэмдэглэж үлдсэн байдаг.

Зөвлөлт Монголын морьт механикжуулсан бүлэг бүхэлдээ 42000 цэрэг, офицер, 23000 агт морьд, 403 танк, хуягт машин, 610 их буу, олон авто машинтайгаар оролцож, Долоннуур, Жэхэ, Чуулалт хаалга, Жанчхүүгийн даваа зэрэг дайсны гол бэхлэлтүүдийг устгаж, Японы эзлэн түрэмгийлэгчдийн олон жилийн дарлалаас Өвөр Монгол, Жэхэ мужийн 180000 км квадрат нутаг дэвсгэрийг олон арван сая иргэдийн нь хамт чөлөөлсөн билээ. Японы Квантуны арми байлдааны ажиллагаанд амжилт олоогүй тул эсэргүүцлээ зогсоож зэвсгээ хураалгаад, 1945 оны наймдугаар сарын 23-нд байлдааны гал үндсэндээ зог­сож, 1945 оны есдүгээр сарын 2-нд Япон дайнд бууж өгөх актанд гарын үсэг зурснаар Чөлөөлөх дайн Монгол-Зөвлөлтийн ялалтаар дуусч, дэлхийн II  дайн төгссөн билээ.
Энэ дайнд МАХЦ-ийн байлдааны ажиллагааг чадамгай удирдаж гарамгай гавьяа байгуулсан учир маршал Х.Чойбалсанг БНМАУ-ын хошой баатар цолоор, хурандаа Д.Нянтайсүрэн, ахлагч Т.Дүүдэй, хөнгөн пулемётын наводчик Д.Данзанваанчиг, түрүүч С.Дампил, түрүүч М.Жанчив, пулемётчин Л.Аюуш нарт БНМАУ-ын баатар цол хүртээж МАХЦ-ийн 2000 гаруй дайчин төрийн дээд одон медалиар шагнагджээ.

Дайны үр дүн

Монгол Улс энэ дайнд оролцсон нь дэлхийн дайны голомтыг дарж унт­раахад холбоотон гүрнүүдтэй хамт байл­даж, нийтийн дайсныг бут цохин Нэгд­сэн Үндэстний талд тууштай зогсож буй­гаа нотлон харуулсан. Мөн үүний зэ­рэг­цээ Монгол Улсын тусгаар тогтнол батал­гаажиж, олон улсын харилцаанд эрх зүйн нэгэн субъект болохоо батлан ха­­руулс­наараа түүхэн ач холбогдолтой  юм.

Тухайлбал  ЗХУ, Дундад Иргэн Улсын хооронд холбоо, найрамдлын гэрээ байгуулж, улмаар 1945 оны наймдугаар сарын 14-ний өдөр манай улсын тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх тухай нот бичиг солилцоход Хятадын талаас  “Японыг, дарсны дараа Монголын ард түмний нийтийн хүсэл, энэ эрмэлзэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын (БНМАУ-ын) тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэж мэдэгджээ. Үүний дагуу 1945 оны 10 дугаар сарын 20-нд Монгол орон даяар бүх нийтийн санал асуулга болж, Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хадгалан хөгжих хүслээ 100 хувь илэрхийлснийг үндэслэн Дундад Иргэн улсын Засгийн газар манай улсын тусгаар тогтнолыг 1949 оны нэгдүгээр сард албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна.

Уг нь нэг далайлтаар нэгмөсөн Мон­­голыг байгуулах гэсэн маршал Х.Чой­балсангийн хүсэл эрмэлзэл холбоотон гүр­нүүд, Хятадын дарамт шахалтаар аргагүй унтарсан боловч алсдаа дэлхийн бусад улс гүрнүүд Монгол Улсыг тусгаар тогтносон бүрэн эрхт улс хэмээн хүлээн зөвшөөрөх эхлэлийг тавьснаараа энэ дайн монголчуудын хувьд хамгийн гол онцлогтой билээ.   

Д.Долгорсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж