Хилийн чанад дахь 18-60 насны украин эрчүүд эх орондоо буцахаас бусад тохиолдолд консулын үйлчилгээ авахгүй болсныг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгдлээ. Энэ нь дайны цаг үед цэрэгт элсэгчдийн тоог нэмэгдүүлэх хүчин чармайлтын нэг хэсэг юм.
Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба энэ талаар мэдэгдэхдээ "Украинчуудын эрхийг хамгаалах нь хамгийн гол асуудал хэвээрээ. Гэхдээ эх орноо сүйрлээс аврах нь бидний гол үүрэг. Гадаадад болон дотоодод байгаа цэргийн насны эрчүүдийн дунд шударга хандлагыг сэргээнэ. Цэргийн насны эрчүүд эх орноосоо дүрвэчихээд төрөөс үйлчилгээ авахыг хүсээд байх шиг байна. Ингэж болохгүй. Манай улс дайны байдалтай байна" гэжээ.
Өдгөө фронтод цэрэг, зэвсгийн тоогоороо ОХУ илүү давуу байгааг "BBC" мэдээлэв.
Украин саяхан цэрэг татлагын насыг 27-оос 25 болгон бууруулсан. Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хилийн чанад дахь эрчүүдээ эргэж ирэхийг уриалсан билээ. Дайчилгааны тухай шинэ хууль саяхан батлагдсанаас харвал Украины эрх баригчид олон нийтэд таалагдахгүй шийдвэр гаргахаас эмээхээ больсон бололтой. Украины гудамж талбайгаар эх орноо хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалсан зурагт хуудсуудыг наажээ.
Консулын шинэ хязгаарлалт чухам ямар эрчүүдэд үйлчлэх нь тодорхой бус. Яагаад гэвэл гадаадад байгаа украин эрчүүдийн дунд хөгжлийн бэрхшээлтэй, гурав ба түүнээс дээш хүүхэдтэй зэрэг дайн байлдаанаас хууль ёсны дагуу чөлөөлөгдөх эрхтэй хүмүүс бий.
НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас мэдээлснээр 6.4 сая гаруй украин хүн эх орноосоо дүрвэжээ. Тэдний олонх нь Европын холбооны орнуудад байна. Европын холбооны статистик мэдээг харвал одоогоор бүс нутагт амьдарч буй 4.3 сая украинчуудын 20.6 хувь нь эрчүүд аж.
Дашрамд дурдахад, Украин дахь "Rating group" судалгааны байгууллага эрчүүдийн эх орноо хамгаалах хүсэл эрмэлзлийн талаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнгээр эрчүүдийн 62 хувь нь эх орныхоо төлөө тулалдахад бэлэн байгаа бол үлдсэн хувь нь үгүй гэж хариулсан байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ