Тайванийг олон жил цэргийн дэглэмээр удирдаж байсан Чан Кайшигийн 800 гаруй хөшөө дурсгалыг буулгана гэж тус улсын засгийн газар мэдэгдэв. Хятад болон Тайванийг 1975 он хүртэл удирдаж байсан түүний төрийн эрхийг шалгах хороо 2018 онд байгуулагджээ. Тус хороо хөшөө дурсгалийг хангалттай хугацаанд нүүлгэн шилжүүлэхгүй байна гэж засгийн газрыг буруутгасан тул парламент уг ажлыг Дотоод хэргийн яаманд шилжүүлсэн байна. Үлдсэн 780 ширхэг Чан Кайшигийн хөшөөг Дотоод хэргийн яам буулгаж, нүүлгэн шилжүүлэх талаар парламентын гишүүн Ших Пу Даваа гаригт мэдэгдэл гаргасан. Тайвань нь Чан Кайшийн хөшөөгөөр дүүрсэн бөгөөд олон жилийн турш засгийн газар болон цэргийн хүчин эдгээр хөшөөг нүүлгэн шилжүүлэх талаар маргалдаж ирсэн. Ялангуяа, Тайбэй хотын Чан Кайшигийн дурсгалын танхим доторх хамгийн том хөшөөг хэрхэх талаар маргаантай байжээ. Хөшөө дурсгалын дийлэнхийг нь ихэвчлэн Тайбэйн хойд хэсэгт байрлах цэцэрлэгт хүрээлэн рүү нүүлгэн шилжүүлдэг байв. Одоо уг цэцэрлэгт хүрээлэн олон мянган Чан Кайшигийн хөшөөгөөр дүүрэн гэдгээр алдартай.
Хятад болон Тайваньд цэргийн академи байгуулсан Чан Кайшиг Батлан хамгаалах яам хамгийн ихээр хүндэтгэдэг. Өнгөрсөн долоо хоногт тус яам Чан Кайшигийн хөшөөнүүдийг засгийн газар бус Батлан хамгаалах яам мэдэлдээ авах ёстой гэж мэдэгджээ. Түүнчлэн Тайванийн эрх баригч болон сөрөг хүчин хөшөө дурсгалын зүйлсийг нүүлгэн шилжүүлэх тал дээр маргаантай хэвээр байна. Эрх баригч Ардчилсан дэвшилтэт нам үргэлжилсэн хүндэтгэлийн арга хэмжээнээс татгалзахыг дэмжиж байгаа бол сөрөг хүчин Чан Кайшигийн "KMT" нам "намын түүхийг арилгахыг хүсч байна" гэж буруутгажээ. Гэвч зарим иргэд Чан Кайшигийн хөшөө дурсгалыг бүр мөсөн нүүлгэн шилжүүлэх бус багасгах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь Чан Кайши дан ганц дарангуйлагч байгаагүй ба Тайванийн эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн замыг удирдаж, коммунистууд болон япончуудын эсрэг тэмцэж, цэргийн академи байгуулж байсныг нь хүндэтгэж, дунджийг баримтлах ёстой гэв.
Чан Кайшигийн засаг захиргаа Тайваньд удаан хугацааны турш улс төрийн маргааны сэдэв байсаар ирсэн. Түүнээр удирдуулсан "КМТ" нам болон олон сая дэмжигчид 1949 онд Хятадын иргэний дайнд ялагдаж Тайвань руу дүрвэв.Чан Кайши цөллөгт байхдаа Бүгд Найрамдах Хятад улсын засгийн газрыг байгуулж, 1975 онд нас барах хүртлээ Тайванийн хүн амыг харгис хэрцгий цэргийн хуулиар удирдаж байжээ. Түүнийг нас барсны дараа эрх мэдэл нь хүүд нь шилжсэн ба 1987 онд хурцадмал байдал дуусахад 140 мянга орчим хүн шоронд хоригдож, 3 мянгаас 4 мянга орчим хүн "KMT"-ыг эсэргүүцсэн хэмээн цаазлагдсан гэх тооцоолол бий.
Эх сурвалж:The Guardian
Холбоотой мэдээ