Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг үхжилтэй нойр булчирхайн үрэвсэл буюу эдгэшгүй өвчтэй гэж оношилсон тухай мэдээлэл саяхан гарчээ. Эл мэдэгдлийн дараа Кремль түүний залгамжлагчийг идэвхийлэн хайж байна. Кадыровыг таван жилийн өмнө энэ өвчнөөр өвчилсөн гэж таамаглаж буй бөгөөд Москвагийн клиникийн төв эмнэлэгт тогтмол очиж, мэс засал хийлгэдэг байсан гэжээ.
Украины тагнуулын алба өнгөрсөн жил Кадыровын эрүүл мэнд муу байгааг онцлон тэмдэглэж, комд орсон тухай нь мэдэгдэж байв. Чеченийн дэд ерөнхий сайд асан Ахмад Закаев ч мөн энэ талаар дурдаж байжээ. “Новая газета” сонинд мэдээлснээр Кадыров өнгөрсөн жил хагалгаанд орохынхоо өмнө тайвшруулах эмийг хэтрүүлэн ууснаас болж уушгины цочмог дутагдал болсон байна.
Түүний үнэнч байдлыг нь дайруулан "Путины дайрдаг нохой", "Путины цэрэг" гэх мэтээр хочилдог. Чеченьд Оросын нөлөө, хяналтыг бэхжүүлэхээр зорьж буй Кадыровын эрүүл мэнд муудсан нь Кремлийн санаа зовоосон асуудал болов.
Боломжит залгамжлагчаар Чеченийн тусгай хүчний сайн дурын нийгэмлэгийн командлагч, хошууч генерал Апти Алаудиновыг таамаглаж байна. Алаудиновыг тус албан тушаалд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн томилсон юм.
Гэхдээ Кадыровын хувьд эрүүл саруул байгаагаа олон нийтэд харуулах гэж хичээж байна. Тэрбээр дөнгөж өчигдөрхөн /2024.04.23/ дасгал хийж байгаагаа бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлжээ. Кремль өмнө нь ч бас Кадыровыг эрүүл гэсэн цуу яриаг түгээхээр ажиллаж байсан удаатай.
Эх сурвалж: DAILY BEAST
Холбоотой мэдээ