Хичээлийн шинэ жилийг Ерөнхийлөгчтэй угтав

Хуучирсан мэдээ: 2010.09.02-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийг Ерөнхийлөгчтэй угтав

Хаашаа ч харсан инээмсэглэл, баяр хөөр. Удаан уулзаагүй хүүхдүүдэд ярьж хөөрөх зүйл багагүй байгаа бололтой. Бага ангийнхан хичээлийн шинэ жилийн нээлтэнд нь Ерөнхийлөгч зочилсныг мэдээгүй бололтой, “уг хүнийг” үл тоон хоорондоо ноцолдож, инээлдэн хөгжицгөөж байв.

Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 46 дахь жилийн эрдмийн баяр ийнхүү эхлэв.

Шуугилдаж байсан хүүхдүүд, эцэг эхчүүдийн дуу намжихад сургуулийн захирал В.Доржготов нийт багш, сурагчид, эцэг эхчүүдэд эрдмийн баярын мэнд дэвшүүлээд Монгол Улсын Ерөнхийлөгч сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд хүрэлцэн ирснийг хэллээ. 

Ерөнхийлөгч энэ үед “Есдүгээр сарын 1 бол сурагч, багш, эцэг эхчүүд гээд ер нь хүн бүрийн хүсэн хүлээдэг гэгээлэг сайхан өдөр юм. Энэ мөчид, орон даяар 50 гаруй мянган балчир үрс маань анх удаа сургуулийн босгыг алхаж байна” гээд боловсролын салбарт олон сайн шинэчлэл гарч, төр засгийн зүгээс ч томоохон дэмжлэг үзүүлэхэд өөрийн зүгээс хичээнгүйлэн ажиллахаа амлалаа.

Энэ сургууль нийт 2455 сурагчтайгаас 222 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсч байгаа. Эцэг эхчүүд “Ерөнхийлөгч оролцож байгаа болоод ч тэр үү, энэ жилийн нээлт их өргөн болж байна” хэмээн баярлацгаана. Хичээлийн жилийн нээлтэд зориулсан хүүхдүүдийн урлагийн тоглолтыг үзсэний дараа хичээлийн анхны хонх дуугарч, хүүхдүүд хичээлийн танхим руугаа яарцгаав. Ямарваа нэг урт дараалалд зогсоод, чихэлдэн орж байгаа хүмүүсийн царай хэзээ ч тэднийх шиг баяр хөөрөөр дүүрэн байдаггүйг сая харж, өөрийн мэдэлгүй инээд алдав. Ялангуяа тэд нэгэн хөл муутай жаалыг өмнүүрээ оруулахаар өмнөхөөсөө ч их хүч гарган зай тавьж байгааг нь харвал бидэнд тэднээс сурах зүйл олон байгаа бололтой.

Дараа нь Ерөнхийлөгч сурагчдын гар урлалын үзэсгэлэн үзэж яваад сурагч охины зурсан зургийг бэлгэнд авсан. Ерөнхийлөгчийг харин ч нэг тоохгүй хэсэг хүмүүс байсан нь анх сургуульд орж байгаа зургаан настнууд. Тэдэнд улсын тэргүүнээс илүү урдах зурагтай ном, шинэ дэвтэр, өнгийн харандаанууд нь чухал байлаа.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж