УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2024.04.23/-ийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаарх эрх зүйн дүгнэлттэй танилцлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “1930-аад оны үед монголчууд биенээ матсаар байгаад олон хүний амь нас хохироосон. Одоо Хэлмэгдүүлэлтийн тухай хууль гаргаад нөхөн төлбөр гаргаад явж байна.
Уг төсөлд зааснаар “Шүгэл үлээгч мэдээллээ монгол хүн бол монгол хэлээр, гадаад хүн гадаад хэлээр эсвэл өөрийн мэддэг хэлээрээ цаасаар өгч, болно, цахимаар өгч болно” гэж заажээ. Гадаадын иргэн цахимаар монгол хүнийг матаж болох юм уу. Түүндээ Монголын төрөөс урамшуулал авч болох юм уу. Шүгэл үлээсэн мэдээлэлд төр 30 хоногийн дотор хянан шалгах үйл ажиллагаа явуулж, үр дүнгийнх нь хариуг өгнө. Хойшлуулшгүй ажиллагаа явуулна гэж заасан байна. Монгол хүний үндсэн эрх ашиг хохирохгүй юу, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй юу. Шүгэл үлээсэн нөхөр мэдээллийн эх сурвалжаа нууна. Хэн өгсөн нь мэдэхгүй мэдээлэлд хуулийн байгууллага нь хөдлөөд дараагийн хэлмэгдлийн эх үүсвэрийг тавьчих вий дээ.
Хуулийн төслийн 11 дүгээр зүйлд шүгэл үлээгчийг хариуцлагад татахгүй гэж заажээ.
Төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцад авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээ нийтийн эрх ашгийн төлөө шүгэл үлээсэн гэж үзвэл төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний мэдээллийг хамгаалах хууль тогтоомжоор тогтоосон хязгаарлалтад хамаарахгүй гэж зааж. Төрийн нууц, хувь хүний нууцыг энэ хуулиар задалж болох уу. Хүнлэг ардчилсан иргэний нийгмийг байгуулсан гэх Үндсэн хуулийн зарчим яах юм. Энэ бол аймшигтай заалт. Энэ хуулийн дагуу явах юм бол шүгэл үлээсэн хүнийг тухайн байгууллага, хуулийн байгууллага хамгаалалтад авна. Шүгэл үлээснээс болоод монгол хүний эрх ашиг зөрчигдөж, хэлмэгдэж, шорон оронд орвол түүний эрх ашгийг хэн хамгаалах вэ гэлээ.
Ажлын хэсэг:
-Таны асуусан зүйл эрх зүйн дүгнэлтэд дурдагдаагүй. Өргөн барьсан хэлэлцэж байгаа хуулийн төслийн хүрээнд Б.Энх-Амгалан гишүүний хэлж байгаа заалт бий. Цахимаар эсвэл бичгээр мэдээллээ гаргана гээд. Тэгэхдээ төслийг уншихад гадаадын иргэн мэдээллийг өгнө гэж тодорхойлсон зүйл гэж харахгүй байгаа. Монгол Улс үндэсний цөөнхтэй болохоор тэрийг хэлж байгаа болов уу гэж хувь хүнийхээ хувьд ойлгож байгаа. Олон улсын зарчимд хэн бүхэн шүгэл үлээж болно. Тухайн байгууллагад ажиллаж байгаа оюутан ч нийтийн эрх ашгийг хохироож байгаа асуудлаар шүгэл үлээж болох зарчимтай юм билээ.
Хоёрт, төслийн 11 дээр Төрийн болон албаны нууцын тухай хуулиар хатуу хаагаад өгсөн. Эрх зүйн дүгнэлт дээрээ нарийн зохицуулж өгөх шаардагатай гэж дүгнэсэн. Тэр зохицуулалт нь тодорхойгүй учраас. Тухайлбал, Засгийн газар өөрт олгогдсон эрхийн хүрээнд нууцыг хамгаалах журам батлах хүрээнд тухайн байгууллага өөрт байгаа мэдээллээ жишээлбэл, шүгэл үлээгчийн хөндөж байгаа мэдээллийг байгууллагын нууцад оруулан хамаарахаар батлуулчих юм бол энэ асуудал нь шүгэл үлээх мэдээлэлд хамаарахгүй болох эрсдэл бий гэдгийг эрх зүйн дүгнэлтэд дурдсан байгаа гэлээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ