Ким Жон Ун ОХУ-д нийлүүлэхээр төлөвлөсөн зэвсгээ туршсан уу?

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун ОХУ-д нийлүүлэхээр төлөвлөсөн зэвсгээ туршсан уу?

Ким Жон Ун ОХУ-д нийлүүлэхээр төлөвлөсөн зэвсгээ туршсан уу?

Хойд Солонгос улс Даваа гаригт цөмийн сөрөг довтолгоог дуурайлгасан “хэт том” олон тооны пуужин харвасан нь бүс нутагт хурцадмал байдлыг нэмэгдүүлээд байна. Өмнөд Солонгос болон Японы илрүүлснээс Хойд Солонгосын нийслэл Пёньяны ойролцоох бүс нутгаас зүүн тэнгис рүү ойрын тусгалтай олон тооны баллистик пуужин харважээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар эдгээр пуужин нь их буу болон баллистик пуужингийн нэгдэл аж. Даваа гаригт туршсан 600 мм-ийн олон пуужин харвагчийг тактикийн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай гэж тодорхойлсон байна. Мөн энэ нь “Haekbangashoe” буюу “Цөмийн гох” гэх Хойд Солонгосын цөмийн зэвсгийн менежмент болон хяналтын системийн анхны үзүүлбэр гэдгийг “KCNA” агентлаг мэдэгдэв.

АНУ, Өмнөд Солонгостой харилцаа хурцдаж буй үед Хойд Солонгос улс өөрсдийн цөмийн хүчин чадал, олон төрлийн довтолгооны арга хэрэгслээ харуулах зорилгоор уг сургуулилалтыг хийжээ. Хойд Солонгос улс АНУ, Өмнөдийн хамтарсан цэргийн сургуулилалтыг буруушааж, тэднийг “дайн дэгдээгчид” гэж дүрсэлсэн юм. Хоёр улсын хамтарсан цэргийн сургуулилалт Баасан гариг хүртэл үргэлжилнэ.

Пуужин харвагч системээс дор хаяж дөрвөн пуужин харважээ. Пуужингууд байг онохоосоо өмнө 350 гаруй км ниссэн. Энэ удаагийн сургуулилалт нь цөмийн хүчний бүх командлал, удирдлага, хяналт, үйл ажиллагааны системийн найдвартай байдлыг баталгаажуулжээ.

Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хороо пуужинг 300 км зайд ниссэн гэж мэдэгдээд “АНУ-тай байгуулсан цэргийн эвслийн дагуу илэрхий өдөөн хатгалгад хүчтэй хариу өгөхөд бэлэн” гэжээ. Харин Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяаши хэлэхдээ “Хойд Солонгос хамгийн багадаа нэг баллистик пуужин хөөргөсөн нь 250 км зайд 50 км өндөрт ниссэн” гэжээ.

Мэргэн буудагчийн винтов адил өндөр нарийвчлалтай харвасанд нь Ким Жон Ун сэтгэл хангалуун байгаагаа мөн илэрхийлсэн байна. “Энэхүү сургуулилалт нь манай цөмийн хүчийг ямар ч үед, ямар ч гэнэтийн нөхцөл байдалд дайныг зогсоох, дайны санаачлагыг гартаа авах чадвартай болгоход чухал ач холбогдолтой” гэж тэр хэлжээ.

Пуужингууд нь Өмнөд Солонгос дахь объектуудыг онилох магадлал өндөртэй байсан гэж Сөүлийн Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдэгдэв. Түүнчлэн олон пуужин харвагч системийнхээ нарийвчлалыг хэтрүүлсэн байх магадлалтай гэдгийг Штабын дарга нарын нэгдсэн хорооны хэвлэлийн төлөөлөгч Ли Сон Жун онцолсон байна. Өмнөд Солонгосын тал ийм зэвсгийг илрүүлж, таслан зогсоох боломжтой аж.

Ли Сон Жуны онцолсон бас нэгэн зүйл нь олон пуужин харвагч уг төхөөрөмжийг Хойд Солонгосоос ОХУ-д экспортлохоор төлөвлөж байж магадгүй гэсэн өнцөг байв. Тиймээс экспортод гаргахын өмнө төхөөрөмжөө туршиж үзсэн байж магадгүй гэж үзэж байна.

Хойд Солонгос, АНУ хоорондын сөргөлдөөн хурцдахын хэрээр Путин, Ким Жон Ун нар цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх болсон. Хойд Солонгос сүүлийн саруудад зэвсгийн туршилтуудаа эрчимжүүлж, цэргийн хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Албаныхан болон шинжээчдийн үзэж буйгаар Ким Жон Уны эцсийн зорилго нь АНУ-аар Хойд Солонгосыг цөмийн гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлэх явдал юм.

Нөгөө талд АНУ, Өмнөд Солонгос, Япон ч хоёр талын, гурван талын цэргийн сургуулилалтуудаа эрчимжүүлж байна. Тэд АНУ-ын стратегийн хөрөнгөд тулгуурлан цөмийн зэвсгээс сэргийлэх стратегиэ улам хурцалж байна.

Хойд Солонгосын өнөөг хүртэлх туршсан пуужингуудыг Өмнөд Солонгос, АНУ, Японд цохилт өгөх зориулалттай цөмийн хүчин чадалтай пуужин байсан гэж үздэг. Тэр бүү хэл зарим шинжээчийн үзэж буйгаар Хойд Солонгос улс Өмнөд Солонгос болон Японд хүрч чадах цөмийн пуужинг аль хэдийнэ бүтээчихсэн аж. Харин АНУ-д хүрэх боломжтой тив хоорондын баллистик пуужинг хараахан бүтээж амжаагүй байгаа гэж таамаглаж байна. Гэхдээ АНУ-ын Номхон далайн нутаг дэвсгэр Гуам болон түүнээс цааш алслагдсан бай руу довтлох зорилготой хэт авианы цэнэгт хошуутай хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын пуужинг дөрөвдүгээр сарын эхээр туршсан байж магадгүй ажээ.

Дашрамд дурдахад, сүүлийн туршилттай холбоотойгоор Хойд Солонгос удахгүй тойрог замд хориотой хиймэл дагуул хөөргөж магадгүй гэсэн таамаг ч гарч ирсэн байна.

Эх сурвалж: NBC, AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж