"Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа"

Хуучирсан мэдээ: 2024.04.24-нд нийтлэгдсэн

"Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа"

"Монгол Венесуэлийн зам дээр шууд харайгаад гарчихлаа"

Эдийн засагч Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал эхний таван сарын байдлаар ямар үзүүлэлттэй байна вэ?

-Оны эхний улирлын мэдээ боломжийн хэмжээнд гарсан харагдсан. Төсвийн нийт орлого 7.7 их наяд төгрөгт хүрсэн бол төсвийн нийт зарлага 5.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн ашигтай гарсан. Монгол Улсын экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан байсан.

Гэхдээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт 100 орчим  сая ам.доллар, тэнцэл 580 сая ам.доллараар буурсан байсан. Цаашид нүүрсний үнэ үргэлжлэн буувал төсөв төлөвлөсөндөө хүрэхгүй.

Мөн сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой элдэв төрлийн халамж, бэлэн мөнгийг тараах аян өрнөж байна. Энэ бол тун муу мэдээ. Эрх баригчдад сонгуульд ялах нь чухал болохоос улс орны ирээдүй огт хамаагүй мэт аашилж байгаа нь харамсалтай.

-Сүүлийн үед нүүрсний үнэ тодорхой хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нөхцөл байдал улсын орлогод яаж нөлөөлөх вэ?

-Монгол Улс өнгөрсөн жилийн эхний улиралд 14 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ оны эхний улиралд 18 сая тонн болж биет хэмжээ өссөн хэдий ч нүүрсний үнэ буурсантай холбоотой экспортын орлого буурсан. Нүүрс Монгол Улсын нийт экспортын бараг 60 хувийг эзэлж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цаашид нүүрсний үнэ буурвал манай экспортын орлого буурч, төсөвт дарамт ирнэ. Нөгөө талаасаа валютын ханш чангарч төгрөгийн ханш суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, үнэ өсөж аж ахуй нэгжүүд хаалгаа барих, бага орлоготой иргэдийн амьдралд дарамт ирнэ гэсэн үг. Энэ жил төсвийн нийт орлогын 30 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлнэ. Тус салбараас улсын төсөвт 2021 он 3.4 их наяд төгрөгийн орлого олохоор тооцож байсан бол, 2024 онд найман их наяд болсон нь уул уурхайгаас улам хараат болох бодлого төсвөөр дамжин хэрэгжсэн байна.

Монгол Улсын эдийн засаг нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ, тодруулбал Хятадын нүүрс худалдан авалтаас шалтгаалж савлах эрсдэлтэй болсон гэж ойлгож болно.

-Төрийн албан хаагчдын тэтгэвэр тэтгэмж, ахмадуудын цалин нэмэгдсэн ч инфляци нэг оронтой тоонд байна. Бэлэн мөнгөний нийлүүлэлт инфляцид сөрөг дарамт үүсгэхгүй байна гэж харж болох уу?

-Эрх баригчид сонгуулийн босгон дээр төрийн албан хаагчид, тэтгэврийн ахмад, малчид гэсэн гурван зорилтот бүлэгт татвар төлөгчдийн мөнгийг цацаж ирсэн уламжлалтай. Сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 1-ээс 225 мянга гаруй төрийн албан хаагчдын цалин, 498 мянган ахмадын тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмж байна. Ковидын үеэр 5, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж түүнийхээ үр дүнг нийтэд тайлагнаагүй хав дарсандаа амтшаад мал аж ахуйн салбарт таван их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхээр улайрч байна. Энэ нь УИХ-ын сонгуульд санал худалдаж авах сайхан арга заль мэт боловч улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэх гамшигт шийдвэр юм. Ойрын жилүүдэд тэтгэврийн өрийг тэглээд зогсохгүй тэтгэврийн хэмжээг ч хэд хэдэн удаа нэмсэн. Гэтэл уг шийдвэрүүд үнэ хөөрөгдөхөөс өөр нөлөө үзүүлсэнгүй. Иргэдийн амьдралд ч бодитоор наалдсангүй. Улам бүр ядуурлын түвшин нэмэгдсэн. Төсвийн дэмжлэгийг зөвхөн зорилтот бүлэг буюу орлого багатай өрх, иргэдэд чиглүүлж чадвал төсвийн тэнцвэргүй байдлыг гааруулахгүй байх өндөр ач холбогдолтой.

2016 оны төсвийн гүйцэтгэлээр Засгийн газрын тусгай сангуудаар нийт 2.3 их наяд төгрөг зарцуулж байсан дүн 2024 онд 10.1 их наяд төгрөг болж таван дахин өслөө. 2016 онд Нийгмийн халамжийн сангаар 285 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2024 онд 2.4 их наяд төгрөг болж ес дахин нэмэгдлээ. Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхий нийтэд  байхгүй гэдгийг онцолмоор байна.

"БАЯЛГИЙН САН РУУ УЛС ТӨРЧИД ХУРУУГАА БҮҮ ХЭЛ “ХОШУУГАА” ОРУУЛАХ ЗАВСАРГҮЙ БАЙХ УЧИРТАЙ"

-Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Байгалийн баялгийг иргэд ижил тэгш хүртэх боломж бүрдсэн талаар хууль санаачилагчид хэлж байна.  Та энэ тал дээр ямар бодолтой байна?

-Монгол Улсын хувьд 2008 оноос хойш Засгийн газар солигдох бүрд Монгол Улсыг хөгжүүлэх сан, Хүний хөгжлийн сан,  Ирээдүйн өв сангууд байгуулагдаж УИХ-ын сонгуулийн амлалт биелүүлэх хэрэгсэл болж байгаа. Бидний загварыг нь дуурайдаг Норвеги улс 1996 онд сан байгуулснаас хойш Засгийн газар  нь хэд хэдэн удаа солигдсон ч сангийн дүрэм журам, үйл ажиллагаанд ямар ч өөрчлөлт ороогүй. Үүний гол учир нь засаглалдаа байгаа юм. Тус сан төрийн сайд бүү хэл үе үеийн Ерөнхий сайдын эрх мэдлээс хол байсан юм. Өөрөөр хэлбэл, Баялгийн сан руу улс төрч нэртэй мангасууд хуруугаа бүү хэл “хошуугаа” оруулах завсаргүй байх учиртай. Зөвхөн ийм тохиолдолд “Баялгийн сан” өсч, арвижаад зогсохгүй иргэд нь дэлхийн хамгийн өндөр орлоготой орны тоонд багтдаг ажээ. Харин Монгол Улсын хувьд байдал 100 хувь эсрэгээрээ. Үүнийг ганц жишээнээс харчихаж болно. Тавантолгойн 1072 хувьцаа тухайн үеийн нэг сая төгрөгийн үнэтэй буюу 909 ам.долларын ханштай байж. Тэгвэл одоо гурав дахин ханшаа алдаж 300 ам.долларт хүрэхгүй болжээ.

Ийнхүү хуримтлагдаж арвижах ёстой Баялгийн сан” Засгийн газрын мэдэлд байснаараа “Балгийн сан” болж хувирсан. Сая батлагдсан Баялгийн сангийн хууль дээр дурдсан “Балгийн сангийн” үргэлжлэл гэж би харж байна. Сангийн засаглал төрийн сайд нарын мэдэлд үлдсэн, мөн төсөв номер хоёр болсныг хууль уншсан захын хүн ойлгоно.

“Хувийн хэвшлийн 24 хувийг төр дээрэмдэж аваад иргэдэд өгнө” гэдэг үг сайхан сонсогдож байж магадгүй. Энэ бол “гадаадын хөрөнгө оруулалтыг” цаагуураа хориглож буй бүдүүлэг коммунист арга барил. Өөрөөр хэлбэл, манай улс Венесуэлийн зам дээр шууд харайгаад гараад ирлээ. 2024 онд Засгийн тусгай 20 сангаар дамжуулж 10.1 их наяд төгрөг зарцуулах юм. Засгийн газрын бүхий л санд хулгай, дээрэм нүүрлэсэнийг ЖДҮ, Боловсрол, Тариалан эрхлэлтийн гээд олон сангуудын түүх өгүүлдэг. Ирээдүйн өв сан гэхэд л өмнө нь хуримтлагдсан хэд хэдэн их наядаар хэмжигдэх төгрөгийг хуулиа өөрчилж байгаад зарцуулчихсан.

Засгийн тусгай сангуудын хулгай, дээрмийг цэгцлээгүй мөртөө бас дахин "Баялгийн сан" нэрийн дор гурван ч сан нэмж сайд нартаа хариуцуулахаар болчихлоо. Ядуу иргэдтэй орны улс төрчид “эх орончийн дүр бүтээх” гэж улс орноо сүйдэлсэн жишээ маш олон. Түүний л нэг жишээ бол энэ хууль. Өнөөгийн эрх баригчдад улс орны ирээдүй, эдийн засгийн хөгжил дэвшил ердөө сонин биш. Тэд парламентад дахин олонх болохын тулд хийж буй эцсийн шийдсэн мэх бол “Үндэсний балгийн сан”-гийн хууль. Тэдний хувьд өмнөх “хулгай, дээрэм” нь сөхөгдөхгүй, бас Баялгийн сангаас баяжих боломж энэ хуулиар дамжин бий болно гэж тооцож байх шиг байна. Ийнхүү Монгол улсын хувьд эдийн засгаа сүйрүүлэх ээлжит нэгэн тэнэг алхам энэ хуулиар дамжиж баталгаажих юм.

-Төрийн мэдэлд байгаа компани, ААН-ийн тоог цөөлөх бодлого баримтлах талаар хэлж байсан ч эргээд хувийн хэвшилд байгаа ААН-үүдийн 34 хувийг төр хүчээр авах хууль эрх зүйн орчин бүрдлээ гэдгийг зарим судлаачид хэлж байна.  Санал нийлэх үү?

-Төрийн өмчийг аль болох хяналттай олон нийтийн эсвэл хувьд шилжүүлсэн тохиолдолд авилгал гэж юм үгүй болдог. Гэтэл Баялгийн сангийн хууль төрийн өмчийг улам бүр томруулна. Хувийн хэвшилд байгаа уул уурхайн компаниудын 34 хувийг төрд авах тухай эрээ цээргүй ярьдаг болж. Ийм тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг тоох ч үгүй. Хөгжиж буй ямарч улс гаднын хөрөнгө оруулалттгүй хөгжсөн түүх байхгүй. Тиймээс одоохондоо улс орныхоо хөгжил дэвшлийн талаар март гэж эрх баригчид маш хүчтэй дуугарч байгаа гэж ойлгож болно. Төрийн өмчит, төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд болон төрөөс “угждаг” өндөр тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер дээр төсвийн зарлагаа нэмбэл манай улсын нийт эдийн засгийн дийлэнх буюу ДНБ-ний бараг 40 хувь төрөөс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Монголын төр хувийн хэвшлийн орон зайг төсвөөр дамжуулан булааж байгаа юм. Төсөв бүхнийг шийдэж, төр толгойгоо даахгүй болтлоо “данхайсан” нь төрийн өмчид “хувалз” мэт шигдсэн авилгал хээл хахуулийг гааруулахаас цаашгүй байгааг бид нийтээрээ мэдэж байгаа шүү дээ. Авилгал сая төгрөгөөр биш, бүр тэрбумаар ч биш ихнаядаар яригддаг боллоо.

“МОНГОЛ ГАДААД ӨРИЙН ХАВХАНД ШИГДЭЖ,  УЛС ОРНЫ ТУСГААР ТОГТНОЛЫН АСУУДАЛ БОЛЖ ХУВИРСАН"

-Өнгөрсөн 30 жилд юу хийсэн гэдгээс илүү ирэх он жилүүд рүү чиглэсэн урт хугацааны эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж чадаж байна уу?

-Манайд урт хугацааны бодлогын баримт бичиг хэд хэд бий. Түүний нэг нь “Алсын хараа-2050” гэх нэртэй тус бодлогын баримт бичиг. 500 орчим хуудастай Монголын түүхэнд, магадгүй дэлхийн түүхэнд ч хамгийн урт хөгжлийн бодлого. Энэхүү хөгжлийн баримт бичгийн өмнөтгөл 80 нүүр олон тооны баримт мэдээллийг агуулах боловч хэнд зориулж гаргасан, ямар зорилгоор гаргаж байгаа, яг ямар үр дүнд хүрэхийг тэмүүлж байгаа зэрэг нь  тодорхойгүй. Энгийн иргэд бүү хэл гишүүд нь ч уншиж танилцаагүй гэдэгтэй би баттай итгэлтэй байна. Логик дараалал, утга санааны авцалдаа дутмаг, урд байгаа асуудлыг хэдэн арван хуудасны дараа дахин гарч ирж ч байх шиг туйлын ойлгомжгүй бүтээл. Жишээлбэл, тус баримт бичгийн 17 дугаар нүүрнээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хувь батлагдахаас өмнөх хугацаанд батлан хэрэгжүүлж ирсэн” гэх хэсэг байх юм. Үүнийг юу гэж ойлгох вэ. Гүүглийн орчуулга шиг ийм  ойлгомжгүй зүйлс эндээс олныг харж болно. Өөрөөр хэлбэл, бодлогын баримт бичгээ ч олигтой бичиж чадаагүй гэдгийг хэлмээр байна.

-Өнгөрсөн найман жилийн эдийн засгийн бодлогын үр өгөөжийг хэрхэн дүгнэх вэ. ДНБ өсч өрийн хэмжээ бодитоор буурсан уу?

-Өнгөрсөн гурван жилд манай улсын инфляц хоёр оронтой тоонд байсан. Дэлхийд гурван жил дараалан өндөр инфляцтай байсан улсын тоонд Венесуэл, Шри-Ланк болон Африкийн ганц нэг улс орно. Аливаа улсын эдийн засгийн бодит өсөлтийг хэмжихдээ үнийн өсөлтийг  заавал тооцох ёстой. ДНБ-ийг зэрэгцүүлэх үнээр тооцсоноор эдийн засгийг үнийн нөлөөгүй, бодит байдлаар хэмжиж чадна гэсэн үг.

Бараа, үйлчилгээний үнэ жилээс жилд өөрчлөгддөг, ялангуяа манай улсад төсөв, санхүүгийн буруу бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор сүүлийн гурван жил инфляци өндөр байсан. Иймээс эдийн засгийн өсөлтийг үнэн зөв тодорхойлохын тулд үнэ өсөөгүй буюу зэрэгцүүлэх суурь онтой харьцуулж гаргах ёстой.

Үндэсний статистикийн хороо хамгийн сүүлд ийм суурь харьцуулах оныг “2015 он” гэж шинэчилсэн. ДНБ-ий зэрэгцүүлэх үнийн суурийг шинэчлэх нь дэлхийн бүх улсуудад статистикийн байгууллага нь хийдэг үйл ажиллагаа бөгөөд тайлант үеийн эдийн засгийн бодит өсөлтийг харуулж чадах статистик юм. Эндээс  харвал нугарч хугарч өссөн зүйл огт харагдахгүй. Зэрэгцүүлэх үнээр тооцож харвал, 2015 оноос хойш ДНБ 7 их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд эрх баригчдын хэрэгжүүлсэн бодлого  “энэ” гээд онцолчих зүйл огт байхгүй. Харин сүүлийн хоёр жилд урд хөрш маань хангалттай нүүрс худалдан авсан нь энэхүү багахан өсөлтийг бий болгожээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд байгааг, хаалгаа барьсан аж ахуй нэгжүүд, зээл олдохгүй өнөө маргаашдаа үйл ажиллагаа нь зогссон компаниудын тоо хэлээд өгнө. Мөн иргэдийн амьдрал ямар хэмжээнд хүрснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй.

2022 оны байдлаар статистик дүнгээр бараг сая иргэн нэн ядуу ангилалд орсон байна.

Гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр байхад эдийн засаг хоёр дахин өсөх боломж яагаад ч байхгүй. Гадаад өрийн хувьд сүүлийн хоёр сонгууль дамнан хэт олонх болсон эрх баригч 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдох болсон талаар халаглаж засч залруулахаа амлаж байсан. Гэвч энэ үзүүлэлт одоо 35 сая төгрөгтэй тэнцжээ. Ийнхүү Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдэж гадаад өр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлаас хальж улс орны тусгаар тогтнолын асуудал болж хувирсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж