Цүнх баригч нараасаа болж, Х.Нямбаатар гудамжинд гарав

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Цүнх баригч нараасаа болж, Х.Нямбаатар гудамжинд гарав

Цүнх баригч нараасаа болж, Х.Нямбаатар гудамжинд гарав

УИХ-ын сонгууль хаяанд тулсан энэ үед Улаанбаатар хот эзэнгүй айл шиг ундуй сундуй. Энд тэндгүй нийтийн эзэмшлийн газрыг аж ахуйн нэгжүүд булааж, хашаа хатгаснаас явган хүн ч явах боломжгүй болгосон байхад түүнийг мэддэг дүүргийн Засаг дарга ч гэж алга.

Арга нь барагдсан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар дүүргийн Засаг дарга нарыг нэг, нэгээр нь дагуулан явж, харьяа нутаг дэвсгэрт нь ажиллан, “Энийгээ тэг, тэрийгээ ингэ” гэж үүрэг даалгавар өгч, эргэн ажлын биелэлтийг нь шаардахаа мэдэгддэг болов.

Хамгийн сүүлийн жишээ татахад Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2024.04.23/ нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Өнөр хорооллын арын замын орц гарцыг нээх үүрэг даалгаврыг Засаг дарга Ө.Сумъяабаатарт өглөө. Учир нь, дээрх газрын нийтийн эзэмшлийн газрыг хувийн хэвшил хашаалж явган хүний замыг нь булаасан байхад дөрвөн жил тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа Ө.Сумъябаатар болон түүний нөхөд мэдээгүй сууж байх жишээтэй. Мөн “Эрин” хороололтой хаяа хатгаад “Сод Монгол” группын нефть хадгалах агуулах байршиж байхад таг дүлий сууцгаасан.

Уг нефть хадгалах агуулах “Эрин” орон сууцны хороолол баригдахаас өмнө байсан уу, эсвэл баригдсанаас хойш дээрх агуулах баригдсан уу гэдгийг мэдэж байгаа ч юм алга. Зөвхөн “Эрин” хорооллын тухайд ярихад нийт 11 мянга гаруй оршин суугчтай.

Өнгөрсөн өвөл “Дүнжингарав” худалдааны төвийн орчимд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрэхэд хүмүүс амиа алдаж, 100 гаруй иргэн орох оронгүй болсон.

Иймээс суурьшлын бүсэд байршиж буй нефтийн агуулахын асуудлыг авч үзэх шаардлага бий. Эл асуудлыг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хот төлөвлөлтийнхнөөс тодруулж, эргэн нягтлахаар болж байна.

Ийм газрууд Улаанбаатар хотын хэмжээнд хэд байгааг хэлэхэд бэрх байна. Учир нь, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гудамжинд гарч, ажилласан тулдаа энэ бүгдийг мэдэж, шалгаж нягтлахаар болж байгаагаас биш Засаг дарга нарт мэдэж буй зүйл нэг ч алга. Эцсийн эцэст шат, шатандаа ажлаа хийдэг, асуудлаа мэддэг байсан бол өнөөдөр энэ бүх асуудлыг судлах, шийдэх бус хэзээний шийдвэрлэчихсэн иргэд явган явах замтай, нийтийн эзэмшлийн газарт нефтийн агуулах байршиж буй асуудлыг шийдвэрлэчихсэн л байх байсан болов уу. Харамсалтай нь, эрх баригчид энэ мэт цүнх баригчдаасаа болж, нийслэлд нэр хүндээ алдсаар байна.

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын хувьд зам талбайн асуудалтай зууралдахаас илүү олон улсын хөрөнгийн зах зээлд бонд босгож, гэр хорооллыг барилгажуулах санхүүжилтийн эх үүсвэрийг босгох нь чухал байгаа. Түүнд цаг зарцуулах ёстой атал ажилгүй анхиагүй дүүргийн удирдлагаас болж, өмнөөс нь ажлыг нь хийх шаардлага тулгарав.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж