Украины зүүн хэсгийн Харьков хотод ОХУ пуужингаар цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас 245 метр өндөртэй телевизийн цамхаг дундуураа хугарч, телевизийн дохио тасалдсан байна.
Харьков мужийн цэргийн захиргааны дарга Олех Сынабов мэдэгдэхдээ "Эзлэн түрэмгийлэгчид Харьковын телевизийн дэд бүтцийн объектод цохилт өглөө. Агаарын дайралтын үеэр ажилчид хамгаалах байранд байсан. Хохирсон хүн байхгүй. Гэсэн хэдий ч телевизийн дохио тасалдсан. Тиймээс зөвхөн албан ёсны мэдээллийн эх сурвалжид итгэхийг иргэдэд дахин уриалж байна" гэжээ.
Телевизийн цамхаг руу халдсан явдлыг дайны гэмт хэрэг гэж украинчууд үзэж байна.
Тухайлбал, Олон нийтийн мэдээллийн хүрээлэнгийн тэргүүн Оксана Романюк хэлэхдээ "Харьков дахь телевизийн цамхаг руу халдлага үйлдсэн нь Украины энгийн ард иргэдийн эсрэг Оросоос явуулж буй системтэй, өргөн цар хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг юм. Энэ нь Украины хууль тогтоомж болон олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу дайны гэмт хэрэг мөн. Телевизийн цамхаг зэрэг иргэний объект нь зэвсэгт мөргөлдөөний хууль ёсны бай болох үндэслэлгүй. Бид нарийвчилсан мөрдөн байцаалт явуулахыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байна" гэв.
ОХУ өнгөрсөн сараас Украины телевиз, радиогийн дэд бүтцэд халдах нь эрс ихэссэн гэдгийг мөн Олон нийтийн мэдээллийн хүрээлэн онцолжээ.
Эх сурвалж: POLITICO
Холбоотой мэдээ