Хүүхэд, залуучуудын театр-Нямаас Нямын өнгөнд…

Хуучирсан мэдээ: 2024.04.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд, залуучуудын театр-Нямаас Нямын өнгөнд…

Хүүхэд, залуучуудын театр-Нямаас Нямын өнгөнд…

“…Хүүхэд залуучуудын театрыг И.Нямгаваа гэж хүн устгаж хаяснаас болж 60-аад уран бүтээлч гудамжинд гарсан. Хувьчилж авсан хүний хуншгүй зангаас болж олон жүжигчин харьяалах театр байхгүй зовж яваа…” 

Одоогоос найман жилийн өмнө Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар энэ үгийг халаглан хэлж байжээ. Хүүхэд, залуучуудын театрт 200-гаад жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Цагаан” хэмээн алдаршсан Ц.Цэгмидийн байгуулсан театрт гэдгээр нь харсан ч халаглаж барамгүй үг. Хүний нэгэн үеийн урлагийн толь байгаад, тэнд нь ажиллагсдийг уран бүтээлтэй нь, туулсан замналтай нь, баяр бахдалтай нь “гудманд гаргасан” эмгэнэлтэй түүхийн гэрчлэл.  Хэрэв уншигч та хүүхдийн 100-гийн гудамжаар алхаж яваад, ХААН банкны /нэгэн цагт төв нь байсан/ АТМ-аас мөнгө авч байсан бол санах л ёстой. Аа энэ бол тухайн үедээ Хүүхэд, залуучуудын театр оршиж байсан барилга юм. Цагийн саалтанд одоо энэ барилга “ХААН”-ны төв байр байхаа болиод зүгээр нэг салбар төдий болж, хүүхэд, залууст зориулсан тусдаа театрт ч үгүй байж.

Залуучуудын театр чухам яагаад “Хааны ордон” болчихов. Түүх гэвэл урт ч, хэлье гэвэл энгийн. Анх 1948 онд улсын хүүхэлдэйн театр байгуулагдаж байв. Улмаар гуравхан жилийн дараа 1951 онд урын сан, репартуараар нь нэгтгээд “Хүүхдийн төв театр”-ыг байгуулжээ.

Тухайн үед Ц.Цэгмид болон улсын алдарт жүжигчдийн ур чадварт тулгуурлан хөгжүүлж байгаад 1967 онд Улсын хүүхэд, залуучуудын театрыг байгуулагдаж байлаа. Нийтлэлийн эхэнд дурдсан “Хүүхдийн 100-н Хааны ордон” чухам энэ юм. Хүүхэд, залуучуудын теарт байгуулагдахаас яг нэг жилийн өмнө буюу 1966 онд ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев манайд ирээд буцахдаа өнөө бидний “мэрэх” олон зүйл хаяад буцсаны нэг нь Хүүхэд, залуучуудын театр юм. Одоо нийтэд ил болоод хайлтын систем гарч ирсэн мэдээллийг эш татвал  “1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн.1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилжээ”. Үүнээс харвал мөнөөхөн эзэн нь И.Нямгаваа. Уншигч та санахгүй байгаа бол яагаав нөгөө “Гэрлэж амжаагүй явна” кинон дээр гол дүрийн  “Гансүх” найзаа муриад, шахмал түлшний үйлдвэрийг нь өөр дээрээ гөрдөх гээд байдаг “Баярсайхан” шүү дээ. Тухайн үедээ захирал нь байсан И.Нямгаваа өөрийн багийг бүрдүүлж, менежментийн хувьчлал нэрийн дор өмчилжээ. Гэрээнд зааснаар тетарын нийт өсвийн 50 хувийг удирдлагын баг бүрдүүлэх үүрэг хүлээсэн ч зах зээлийн хувьд ямар ч боломжгүй болж улмаар АНУ-аас хөрөнгө оруулалт татсан байдаг. За ингээд хөрөнгө оруулагч үгүй, зах зээл ч үгүй энэ салбар “алга болжээ”. Нэгэн үеийн уран бүтээлчид гудамжинд гарсны дараа юу болсон гээч, гудамжны нэр Нацагдоржийнх байгаад Сөүлийн гудамж болж.

Нийслэл хотын номын сан хүний атганд орох гээд арай гэж үлдэж, Хангай нэртэй зочид буудал нурааж болдоггүй балгас болж, Болгарын бэлэглэсэн Улсын цирк менежментийн хувьчлалаар өнөө маргаашгүй болсон сүмочнынэг харьяанд очиж, Гэрэлт гудамж байгаад одоо юуны гудамж нь мэдэгэхгүй лед гэрэл унжуулсан түгжээ ихтэй гудам болж,Брюссель, Калифорни, Милан, Ром гэх чамин нэртэй рестораны цуглуулга болж.

Юу нь мэдэгдэхгүй олон жил замнаад, хаачхаа мэдэхгүй болсон энэ цаг үед нэгэн нааштай мэдээ байна. Дээр дурдсан олон “болж”-ийг эерүүлээд Хүүхэд, залуучуудын теарт хөшгөө нээх нь. Нээх, нээхдээ “Ням”-ын гараар устгагдаад, “Ням”-ын өнгөн дээр нээх нь, бүр болоогүй “Хайрыг хайрла” жүжгээр…

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж