Жүдо бөхийн Ази тивийн аварга Хонг Конгт эхэлсэн. Олимпийн өмнөх гэдэг утгаараа зарим улс орнууд гол тамирчдаа бэртэл гэмтлээс сэргийлж, нөөсөн бол зарим тамирчид олимпийн өмнөх формоо олох гэж оролцлоо. Нийт 36 орны эрэгтэй 166, эмэгтэй 106 тамирчин тивийн аваргадаа өрсөлдөв. Тэмцээний эхний өдөр Монголын баг амжилт дүүрэн байсан. Тодруулбал, эмэгтэйчүүдийн -48кг жинд барилдсан Б.Баасанхүү алтан медалийн төлөө Бүгд Найрамдах Солонгос улсын тамирчин Ли Хикёнгтой барилдаж үндсэн цагт цэвэр ялснаар Азийн аварга болж, Монголын багийн эхний алтан медалийг эх орондоо авчирлаа. Үүний дараа Б.Цогт-Очир хүрэл медалын төлөө Казакстан улсын тамирчин Нурканат Серикбаевтэй барилдаж нэмэлт цагт цэвэр ялснаар хүрэл медалын болзол хангав.
Эхний өдөр үүгээр дууссангүй. Л.Сосорбарам -52 кг-д Солонгосын тамирчинг ялж, хүрэл медаль хүртсэнээс гадна эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Эрхэмбаяр алтан медаль, эмэгтэйчүүдийн -57 кг-д Л.Энхрийлэн алтан медаль тус тус хүртсэн. Б.Эрхэмбаяр финалд Японы Шинсэй Хатториг, Л.Энхрийлэн финалд Хух Мимиг тус тус ялжээ.
Хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Ганхайч финалд шалгарсан ч Японы Ямагүчи Кирарид ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Мөн эмэгтэйчүүдийн -70 кг-д Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн болов.
Гурав дахь өдөр Монголын хоёр жүдоч шигшээд шалгарсан ч түрүүлж чадсангүй. Эхлээд эрэгтэйчүүдийн -90кг жинд барилдсан Г.Алтанбагана алтан медалийн төлөө Япон улсын тамирчин Санширо Мүраотой барилдаж ялагдал хүлээснээр мөнгөн медаль медаль хүртсэн. Түүний адилаар эмэгтэйчүүдийн +78кг жинд барилдсан А.Адъяасүрэн алтан медалийн төлөө Солонгос улсын тамирчин И Хёнжитой барилдаж ялагдал хүлээснээр мөн тивийнхээ дэд аварга боллоо.
Хоёр мөнгөн медалиас гадна хоёр хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, Б.Гончигсүрэн Солонгос улсын тамирчин Ким Сэхёнтой барилдаж ялснаар эрэгтэйчүүдийн -100кг жинд хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү Монголын жүдочид багийн дүнгээр хоёрдугаарт гурван алт, гурван мөнгө, таван хүрэл медальтай Японы араас бичигдлээ.
Өнөөдөр/2024.04.23/ багийн барилдаантай. Монголын баг эхний тойрогтоо Тайваньтай учраа таарчээ. Сугалааг харахад финалд үлдэх боломж дүүрэн харагдаж байна.
Холбоотой мэдээ