Түгжрэлээс залхсан нийслэлчүүд хөл дүүжлэх шинэ “унаа”-тай болсон. Хотын гудамжинд энд тэндгүй байршуулсан цэнхэр, улбар шар өнгийн скүүтэр /scooter/-ийг иргэд унаж, гудамжинд сүлжилдэх болов. Цаг агаар дулаарсан энэ өдрүүдэд замын түгжрэлд зогсохоос илүү түрээсийн скүүтэр, дугуй үйлчилгээ олноор нэвтэрч, иргэд ч нэг үеэ бодвол хэрэглээд дасчихжээ.
Энэ жил гэхэд Jet скүүтэр тоогоо хэдэн мянгаар нэмэгдүүлсэн бол түүнтэй өрсөлдөхүйц Tapa скүүтэр үйлчилгээнд гарч эхлэв. Аль аль нь хэрэглээний хувьд ижилхэн ч үнийн хувьд бага зэрэг ялгаатай.
Түгжрэлээс залхсан хүмүүсийн унаа скүүтэр, унадаг дугуй байж болох ч тэдний хамгийн том асуудал бол зам. Нийслэлд зориулалтын дугуй, скүүтэр унах зам битгий хэл явган хүний зам нь ч тун ховор. Тиймээс скүүтэр хэрэглэгчдийн хамгийн том зовлон бол зориулалтын зам. Автоамашины замаар явбал дайруулчих гээд, явган хүний замаар зорчихоор хүн дайрчих гээд зовлон их. Анх түрээсийн дугуйн үйлчилгээ гарч байхад иргэд гэртээ оруулаад тавьчихсан, эвдэлчихсэн, хулгайлсан гээд олон асуудал гардаг байсныг бодвол одоо хүмүүсийн хэрэглээ, соёл нь өөрчлөгдсөн. Дугуй, скүүтэр хэрэглэгчид зориулалтын зогсоолд байршуулах, эвдэж гэмтээхгүй байхад анхаарч хэрэглэгчийн соёл маш өндөр болсон.
Гэвч зориулалтын зам байдаггүйгээс түрээсийн скүүтэр нь эвдрэх, хүмүүс бэртэж гэмтэх, машинд мөргүүлэх тохиолдол их гардаг. Өөрөөр хэлбэл, унадаг дугуй, скүүтэр унах зориулалтын зам бариагүй байж, хэдэн мянган скүүтэр, унадаг дугуй унаад ч нэмэргүй гэсэн үг.
Автомашины зам нь жил бүрийн бороо, үерийн ая даахгүй эвдэрч, жил бүр нь засвар үйлчилгээ хийдэг ч төдийлөн үр дүнгүй байдаг нь нууц биш ээ. Олон улсын стандартад бол автомашины зам нь дугуй болон мотоциклын, явган хүний зам гээд стандартын дагуу баригдсан байдаг. Харин Монголд эсрэгээрээ дугуй, явган хүний замаас илүү автомашины замдаа л анхаарлаа хандуулдаг. Автомашины замаа чанартай барьж чаддагүйгээс жил бүр эвдэрч, нүх гарч олон жолоочийн бухимдлыг төрүүлдэг. Гэхдээ Нийслэлийн удирдлагуудын хамгийн сайн хийдэг, засваг нэг л зүйл нь замын хажуугийн бродур. Жил бүр явган хүний зам, автомашины зам хоёрынхоо эвдрэлээс илүү зөвхөн замын хамжуугийн бродурыг нь засахдаа маш сайн, манай дарга нар.
Сүүлд “Jet sharing Mongolia” компани энэ жил өмнөх жилийнхээс хоёр дахин их буюу 6000 ширхэгийг түрээсийн скүүтэрийг хэрэглээнд нэтрүүлж байгаагаа мэдэгдсэн. Шинээр "Tapatrip" компани түрээсийн унадаг дугуй, скүүтэрийн үйлчилгээг явуулж эхэллээ. Гэсэн хэдий ч нийслэл хотод явган хүний зам, унадаг дугуйн зам хангалтгүй хэвээр.
Албаныхан дэлхийн томоохон хотуудад байдаг жишиг үйлчилгээ Улаанбаатарт нэвтрүүлнэ гэж ярьдаг ч Улаанбаатар хот өөрөө стандартаа хангаж чадахгүй байгаа юм.
Улаанбаатар хот доторх унадаг дугуй, явган зорчигчийн замыг шинээр барьж, нэмэгдүүлэх төлөвлөлтийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсээс өнгөрсөн 2023 онд дугуйн зам барихад 27.5 тэрбум, гүүрэн байгууламж барихад 52.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцолж байв. Ингэснээр түгжрэл гурван хувиар буурах тооцооллыг мэргэжлийнхэн гаргасан талаар мэдээлж байсан юм.
Гэвч өнөөдөр бидний алхдаг, дугуй унадаг, машины зам нь ч "там" болсон цагт хэдэн мянган түрээсийн скүүтэр, дугуйн үйлчилгээ нэвтрүүлээд ч нэмэргүйг энд тодогтгоё. Гадаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг хэдэн мянган сайн дугуй, скүүтэр байгаад ч замгүй бол ямар ч нэмэргүй, үр дүнгүй. Нэгэнт түгжрэлээ шийдэж чадахгүй, метро, дүүжин тээвэр гэж том мөнгө, том ажил ярьж суухаар ядаж л скүүтэр, дугуйн үйлчилгээ нэвтрүүлж байгаа аж ахуй нэгжүүдтэйгээ нийлээд дугуйн зам, явган хүний замаа хийчихвэл ирэх намар хүртэл түгжрэлээс болж хараалгахгүй шүү дээ, эрхэм дарга нар аа!
Холбоотой мэдээ