Германы нэгэн улстөрч Кремлийг дэмжигч телевизээс их хэмжээний мөнгө авч байгаа бичлэгийг олсон гэж Чехийн тагнуулын алба мэдэгдэв . Өнгөрсөн зургадугаар сард болсон Европын парламентын сонгуульд Германы төлөөх альтернатив намаас (AfD) нэр дэвшиж буй Петр Быстрон Оросын суртал ухуулгын менежерээс 20 мянган евро буюу 17 мянган фунт стерлинг бэлнээр авсан гэдэг нь бичлэгт дүрслэгджээ. Бундестагийн гадаад харилцааны хороонд ажилладаг Быстрон уг мэдэгдлийг үгүйсгэж, гүтгэлэг гэж мэдэгджээ.
Петр Быстрон Кремлийн дэмжлэгтэй "Европын дуу хоолой" нэртэй суртал ухуулгын фронтыг удирдаж байсан Артем Марчевскийтэй сүүлийн зургаан сарын хугацаанд дор хаяж гурван удаа уулзсан гэж БНЧУ-ын Дотоодын тагнуулын агентлаг болох Аюулгүй байдлын мэдээллийн алба (BIS) мэдэгдэв. Быстрон зогсоол дээр Марчевскийтэй уулзаж, хоёр удаа ууттай зүйл хүлээн авсан нь камерын бичлэгт ил болжээ. Үүний дараа Быстрон зогсоол дээр " бэлэн мөнгө тоолж, шагшиж" буй нь сонсогддог гэж Чехийн парламентын нэгэн гишүүн мэдүүлэг өгсөн байна. Чехийн засгийн газар өнгөрсөн сард "Европын дуу хоолой" радиогийн вэб сайтыг татан буулгасан. Тодруулбал, уг сайтын эзэн Украины олигарх Виктор Медведчук Оросын талыг баримтлагч улс төрчдөд сайтаараа дамжуулан хахуулийн мөнгө өгч байна гэж "BIS"-ын мөрдөн байцаагчид үзсэн. Үүний дараа Медведчукын дансыг царцааж, гадаадад зорчихыг нь хориглон, хөрөнгийг нь битүүмжилжээ. Мөн Медведчукийн ойр дотнын хүн болох Марчевскийг байгууллагын өдөр тутмын ажлыг удирдан чиглүүлдэг ба мөнгө тараахад оролцдог гэж тодорхойлсон.
Медведчук бол Владимир Путины охины загалмайлсан эцэг юм. Түүнийг Орос Украинд түрэмгийлэх үед Крымд баривчилж байсан. Дараа нь хоригдол солилцох журмаар Орост аваачжээ. Европ даяар Оросыг дэмжигч улс төрчдөд Медведчук, Марчевский нар дор хаяж хагас сая евро өгсөн гэж "BIS" мэдэгдэв. Мөрдөн байцаах алба Чех, Польш болон Европын бусад орнуудад холбогдох хүмүүсийг байцаагаад байна. Быстрон Германы "DPA" мэдээллийн агентлагт "Энэ бол ЕХ-ны сонгууль хүртэл AfD-ын эсрэг кампанит ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулах гэсэн оролдлого юм" гэж ярьжээ. Холбооны мөрдөх товчоо мөн гуравдугаар сард Европын парламент дахь "AfD" намын бүлгийн дарга Максимилиан Крахыг Кремлийн агентуудаас мөнгө авсан байж болзошгүй хэмээн сэжиглэн байцаасан гэж "Der Spiegel" мэдээлжээ. Крах ярилцлага өгсөн гэдгээ баталсан ч ОХУ-аас мөнгө авсан гэдгийг үгүйсгэв.
Эх сурвалж:The Telegraph