Иракийн Зуммар хотын захаас Сирийн зүүн хойд байрлах АНУ-ын цэргийн бааз руу таван удаа пуужин харвасан гэж тус улсын Аюулгүй байдлын алба мэдэгдэв. Жижиг оврын ачааны машин дээр пуужин харвах төхөөрөмжийг суурилуулсан байсан ба харвах мөчид тус машин дэлбэрсэн байна. Ирак дахь Ираны дэмжлэгтэй бүлэглэлүүд хоёрдугаар сард АНУ-ын эсрэг довтолгоогоо зогсоосноос хойш Даваа гаригийн эхээр болсон халдлага анхны тохиолдол боллоо. Мөн Иракийн ерөнхий сайд Мохаммед Шиа аль-Судани АНУ-д айлчилж, ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаны дараахан болов.
Иракийн зэвсэгт бүлэглэлүүд тус улсад байгаа АНУ-ын хүчин рүү дахин цохилт өгөхөөр шийдсэн гэж Иракийн Катаиб Хезболла мэдэгдэв. Тэд Америкийн цэргийг гаргах хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байгааг буруутгаж, "Болсон явдал бол эхлэл" гэж мэдэгджээ. АНУ-ын хувьд пуужингийн цохилт амжилтгүй болсон гэж мэдэгдсэн ба сөнөөгч пуужин ашиглаж өөрсдийн цэргээ хамгаалж чадсан гэв. Зуммар хотоос харвасан пуужингууд баазыг онож чадсан эсэх нь тодорхойгүй бөгөөд гэмтсэн хүн байхгүй.
Эх сурвалж: Sky news