АНУ-ын боомтуудад өдөр бүр ирж зогсох олон мянган хөлөг онгоцны хэдийг нь Вашингтон өөрөө үйлдвэрлэсэн бол.
Хариулт нь таныг гайхашруулж магадгүй юм. Дэлхийн далайгаар зорчих ачааны хөлөг онгоцнуудын нэг хүрэхгүй хувийг АНУ үйлдвэрлэдэг.
Эрх баригчид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих зоримог арга хэмжээ авахгүй байна гэж үзсэн үйлдвэрчний эвлэлүүд гуравдугаар сард гомдол гаргажээ. Хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбар ийм ядмаг байгаа нь Хятадын шударга бус үйл ажиллагаа, тэр дундаа их хэмжээний татварыг илтгэж байна гэж тэд үзсэн. Тэгвэл үйлдвэрчний эвлэлүүд ямар шийдэл санал болгосон бэ.
Дэлхийн тээврийн компаниуд Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоц ашиглаж байгаа бол АНУ-ын боомтуудад ирж зогсохдоо төлбөр төлөх ёстой гэсэн саналыг тэд дэвшүүлжээ.
Дэлхийн худалдааны 80 орчим хувь нь далайгаар дамждаг. Тиймээс Хятадын усан онгоцны үйлдвэрүүдийг нарийвчлан судлах нь барууны бодлого боловсруулагчдад ашигтай байж магадгүй юм. Хятад улс усан онгоцны үйлдвэрлэлийн салбараар дамжуулан дэлхийн эдийн засгийн ноён оргилд гарахыг зорьж байна.
ДЭЛХИЙН ДАЛАЙГ ХЯМД БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ДҮҮРГЭХ СТРАТЕГИ
Усан онгоц үйлдвэрлэл гэдэг үг тэгтлээ анхаарал татаад байдаггүй ч асар том салбар гэдэг нь ойлгомжтой. Дэлхий даяарх усан онгоцны үйлдвэрүүд жил бүр ойролцоогоор 150 тэрбум ам.долларын хөлөг онгоц зарж, борлуулж байна. Хятадын хувьд дэлхийн далайг хямд үнэтэй бүтээгдэхүүнээр дүүргэх стратеги баримталж байна.
Тэдний хувьд мөнгө гол зорилго биш. Гадаадын өрсөлдөгчдийг энэ бизнесээс шахан зайлуулж, ноёрхлоо тогтоох нь тэдний зорилго.
Хятадын хөлөг онгоц үйлдвэрлэгчдийг төрөөс дэмждэг. Тодруулбал, ердийн ачааны хөлөг онгоц бүтээх зардлын 13-20 хувийг Хятадын засгийн газар төлдөг аж. Мөн 2010-2018 онд Хятадын төрийн өмчит санхүүгийн байгууллагууд дотоодын хөлөг онгоц үйлдвэрлэгчдэд дор хаяж 127 тэрбум ам.долларын зээл олгожээ.
Хятадын усан онгоцны үйлдвэрүүд жил бүр дэлхийн хөлөг онгоцны талаас илүү хувийг үйлдвэрлэж байна. Гэтэл 20 жилийн өмнө энэ үзүүлэлт ердөө 12 хувьтай байв. Өсөлтийн хувь цаашид ч нэмэгдэнэ. Хятадын усан онгоцны үйлдвэрлэл 2023 онд бараг 12 хувиар өссөн бөгөөд ирэх гурван жилд тус улс дэлхий даяарх бүх шинэ нефтийн танк, хуурай ачигч тээврийн хэрэгслийн 70-80 хувийг үйлдвэрлэх төлөвтэй байна.
ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНД ТЭСВЭРТЭЙ САЛБАР
Хятад улс барууны болзошгүй хориг арга хэмжээнд тэсвэртэй ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгохыг зорьж буй. Энэ салбар гадаадын хоригт өртөх эрсдэл багатай гэдэг нь хамгийн том давуу тал. Тодруулбал, Хятад улс дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 55 орчим хувийг дангаараа даадаг. Тэгэхээр дотоодын усан онгоцны үйлдвэрүүд түүхий эдээр хэзээ ч дутахгүй аж. Цаашилбал, тэдгээр усан онгоцоор тээвэрлэх чингэлэгний дийлэнх хувь нь Хятадынх байна. Дэлхийн хуурай ачаа тээврийн чингэлэгийн 96 хувийг Хятадад үйлдвэрлэдэг. Мөн Хятадын "ZPMC" гэх ганцхан компани дангаараа дэлхийн ачааны краны 70 хувийг үйлдвэрлэдэг аж.
Дараагийн давуу тал бол санхүүжилт. "China Exim" болон "Bank of China" нь дэлхийн тээврийн салбарын хамгийн чухал оролцогчид юм.
Хориг арга хэмжээнээс зайлсхийх хүчин чармайлтын бас нэгэн томоохон тулгуур бол гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хязгаарласан явдал. Коммунист нам 2001 онд анх тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлажээ. Өнөөдөр Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцны дөнгөж тав орчим хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид харъяалагдана. Гадаад хөрөнгө оруулагчдаар тогтохгүй хувийнханд ч энэ салбарт орон зай байхгүй гэхэд болно. Төрийн өмчит компаниуд Хятадад үйлдвэрлэсэн хөлөг онгоцны гуравны хоёр орчим хувийг үйлдвэрлэж байна.
Ийнхүү хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбар хөндлөнгийн оролцооноос сайтар хамгаалагдав.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДҮРМЭЭС ГАЖУУД САЛБАР
Иргэний болон цэргийн хэрэглээний зааг ялгаа энэ салбарт байхгүй. Хятадын төрийн өмчит хөлөг онгоцны корпораци "CSSC" нь иргэн ба цэргийн нэгдлийг харуулж буй тод жишээ юм. Тус компани нь дэлхийн ачааны хөлөг онгоцны тавны нэгийг үйлдвэрлэхийн зэрэгцээ Хятадын тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцны томоохон нийлүүлэгч ажээ. Эндээс хоёр дүгнэлт хийж болно. Нэгдүгээрт, "CSSC"-тэй хамтран ажилладаг барууны компаниуд Ардын чөлөөлөх армийн тэнгисийн цэргийн хүчийг санхүүжүүлдэг байж магадгүй юм. Корпорацийн тэргүүлэгч үйлдвэр болох "Худун-Жунхуа"-ийн захиалгын 70 гаруй хувийг гадаадын хөлөг онгоцны эзэд эзэлдэг.
Хоёрдугаарт, дайн байлдааны цагт усан онгоцны үйлдвэрүүдийн зориулалтыг түргэн шуурхай өөрчлөх боломжтой. Энэ нь мэдээж Хятадын тэнгисийн цэргийн хүчинд том давуу тал болно.
ТАГНУУЛЫН СТРАТЕГИ
Хятадын аж үйлдвэрийн салбар хүчирхэгжихийн хэрээр тагнуулын стратеги нь ч нарийсч байгаа гэхэд болно. Энэ танд танил сонсогдож ч магадгүй. "Huawei"-ын бүтээгдэхүүн барууны цэргийн байгууламжуудыг тагнаж, чагнаж байна гэх болгоомжлолоос үүдэн АНУ болон түүний зарим холбоотон тус компанийг 5G зах зээлд гаргахыг хориглосон билээ. Дэлхийн өнцөг булан бүрт ачаа тээвэрлэлтийг хянадаг "Logink" нэртэй програм хангамж бий. Энэ програм хангамжаа үнэ төлбөргүй түгээх өгөөмөр бодлогыг Хятад баримталж байна. Герман, Нидерланд, Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Япон гэх мэт олон улсын томоохон боомтууд тус програм хангамжийг хэдийнэ ашиглаж буй. Гэм зэмгүй мэт санагдах уг програм хангамж нь Хятадад чухал мэдээлэл цуглуулж өгч байж магадгүй гэж АНУ санаа зовж байна.
Хөлөг онгоц болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд Хятад ноёрхож байгаа нь тээврийн хэрэгслийн бүх том ангиллыг Хятад атгаж байгаатай адил. Бээжингийн "Хятадад үйлдвэрлэв 2025" стратеги гэж бий. 2015 онд гаргасан уг стратегиэс Хятадын ноёрхлын төлөвлөгөө тодорхой харагдана. Цаашид нисэх онгоц, галт тэрэг зэрэг ноёрхохыг зорьж буй салбаруудыг нь мөн тус баримт бичгээс харж болох ажээ.
Эх сурвалж: FOREIGN POLICY
Холбоотой мэдээ