Украины Агаарын цэргийн хүчин Оросын стратегийн бөмбөгдөгч Ту-22М3 онгоцыг устгажээ. Ингэснээр алсын тусгалын пуужин ашиглах чадвартай стратегийн байлдааны онгоцыг анх удаа устгасан гэж Агаарын цэргийн хүчний командлагч Микола Олещук Баасан гаригт мэдэгдэв.
Тэрбээр телеграмд мэдэгдэхдээ "Агаарын цэргийн хүчний зенитийн пуужингийн ангиуд Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газартай хамтран Ту-22М3 алсын тусгалын стратегийн бөмбөгдөгч онгоцыг анх удаа устгалаа. Энэ нь Оросын террористууд Украины хотуудад довтлохдоо ашигладаг далавчит пуужин болох Х-22-ыг тээвэрлэдэг онгоц юм. Өнөөдрийн дайралтын үеэр ийм хоёр пуужинг анх удаа устгасан. Фронтын бүс нутгийг терроризмоос илүү сайн хамгаалахын тулд илүү их техник хэрэгсэл, илүү их пуужин хэрэгтэй байна" гэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр Ту-22М3 онгоц Орос руу буцаж явах замдаа өмнөд хэсгийн Ставрополь мужийн агаарын орон зайд осолджээ. Мөн Оросын албаныхан ослын шалтгааныг “техникийн доголдол” байж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC
Холбоотой мэдээ