"Өргөө" амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсголын талаар өнөөдөр /2024.04.19/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би нэг жил зургаан сарын хугацаанд "Өргөө" амаржих газрын захирлаар ажиллаж байсан ч ёс зүйн асуудал гаргасан гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөгдсөн билээ. Эрүүл мэндийн байгууллага, ажилчдыг удирдан, зохион байгуулж, дэмжих үүрэгтэй төрийн дээд байгууллага бол Эрүүл мэндийн яам. Гэтэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг, доройтуулдаг олон шалтгааны эх үүсвэр болсон ажлуудыг урт хугацааны турш хийж ирсэн хүнлэг биш сэтгэлтэй хүмүүс биднийг удирдаж байгаад харамсч байна. Тодруулбал, мэдрэг чадвар нь ердөө 20 хувьтай оношлуурыг хэрэглэх боломжгүй гэдгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга асан Б.Цэцэгсайхан дарга хэлсэн байдаг. Гэтэл эмийн нээлттэй сонсголоор тухайн үеийн Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын шахалтаар БНХАУ-аас ийм оношлуур худалдан авсан гэх асуудлыг хөндлөө.
Эмийн сонсголыг үзсэн хүмүүс эмнэлгийн байгууллага дампуурсан байна гэж ярихыг сонсоод сэтгэл маш их эмзэглэсэн. Гадаадаас оруулж ирж байгаа эмийг эмч нар оруулж ирдэггүй. Эмийн чанарыг эмч нар шинжилдэггүй. Тэгсэн мөртлөө бурууг нь эмч нар хүлээдэг" гэв.
Мөн тэрбээр УИХ-аас зохион байгуулсан эмийн сонсголын үеэр сайд асан С.Энхболдын хариуцлагагүй мэдэгдлүүдэд хариулт өгөхийг хүссэн гэв. "Намайг ажиллаж байх хугацаанд төрөх эмнэлэгт эхийн эндэгдэл гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Эмийн сонсголоор зөвхөн "Өргөө" амаржих газрын асуудлыг хөндөн ярьсанд гайхаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн байсан, цар тахлын хүнд үед манай ажилтнууд маш сайн ажилласан. Гэтэл үнэндээ миний дараа томилогдсон захирлын үед 27, 31 настай хоёр ээж нас барсан тохиолдол гарсан. Эхийн эндэгдэл гэдэг бол үр тогтсон цагаас эхлээд жирэмсэн байх хугацаа болон төрж байх үе, төрсний дараах үед 42 хоногийн дотор эх эндэхийг хэлдэг. Гэтэл намайг аль хэдийн тушаалаа биелүүлээд, ажлаасаа чөлөөлөгдсөн байх үед болсон үйл явдлаар шалтгаалан намайг ажлаас чөлөөлсөн гэх тайлбар хийсэн. Харин би эсрэгээрээ энэ үйл явдал өрнөж байхад ажил хүлээж авсан захиралд ямар арга хэмжээ авсныг асуумаар байна" гэсэн юм.
Б.Эрдэнэзаяа
Холбоотой мэдээ