Украины ерөнхийлөгч Зеленскийн амь насанд халдах ажиллагаанд туслах зорилгоор ОХУ-ын тагнуулын албатай хамтрахыг завдсан гэх хэргээр польш эрэгтэйг баривчилжээ. Прокуроруудын мэдэгдсэнээр Павел К гэгч эрэгтэй Украины ерөнхийлөгчийн ирж, очиж байсан Польшийн нисэх онгоцны буудлын талаар мэдээлэл цуглуулах үүрэгтэй байсан гэв. Энэ нь Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Ржешов-Жасионка нисэх онгоцны буудал юм.
Украины тагнуулын мэдээлэлд үндэслэн баривчлах ажиллагааг зохион байгуулжээ. Гэхдээ тухайн хүн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Гэм буруутай нь тогтоогдвол найман жил хүртэл хорих ялаар шийтгүүлэх аж. Өдгөө сэжигтэнг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Павел К өөрөө эхэлж Оросын цэргийн тагнуулын албатай холбогдсон байх магадлалтайг прокурорууд мэдэгджээ.
ОХУ-аас Украинд довтлохын өмнө Ржешов-Жасионка нисэх онгоцны буудал нь бүс нутгийн жижиг нисэх буудал байжээ. Харин дайн эхэлснээс хойш барууны орнуудын Украинд цэргийн тусламж үзүүлэхдээ ашигладаг гол зангилаа нисэх буудал болсон байна. АНУ, Европын цэргийн болон ачааны онгоцууд тус онгоцны буудлаас тогтмол хөөрч, Украинд зэвсэг сэлтийг нийлүүлдэг. Украины агаарын орон зай хаалттай тул олон улсын удирдагчид Польшоор дамждаг.
Зеленский ч дайны цагт Ржешов-Жасионка нисэх онгоцны буудлаас олон удаа нислэг үйлдсэн.
Дашрамд дурдахад, Оросын талд тагнуул хийсэн гэх хэсэг иргэнийг өнгөрсөн жил Польшийн эрх баригчид баривчилж байсан. Тэдгээр хүмүүс нь Ржешов-Жасионка нисэх онгоцны буудал тэргүүтэй чухал объектуудад камер суурилуулсан байжээ.
Эх сурвалж: BBC