ЦАГАА ОЛООГҮЙ НИЙТЛЭЛ

ЦАГАА ОЛООГҮЙ НИЙТЛЭЛ

ЦАГАА ОЛООГҮЙ НИЙТЛЭЛ

(Зөвхөн философи сонирхогчдод)

Юун Афины философи, шинжлэх ухаан, Сократын хоригдож байсан шорон, Платоны Академи бэ?! Цаг үеэ мэдэрдэггүй хүний нийтлэл гэвэл энэ байх. УИХ-ын сонгууль болох гээд хүн бүр хэн, хэн ямар намаас нэр дэвших гэж буйг сонирхож, аль нам, эвсэл ялах магадлалтай, хэнд нь үйлчилбэл сонгуулийн дараа албан тушаал олдох бол хэмээн бодолхийлж, улс төрчид нэр дэвшихийн тулд хэн нь хэнтэй, яаж нууцаар уулзсан, хэчнээн төгрөг хаясан, өрсөлдөх магадлалтай хүнээ хэрхэн унагах талаар төсөв, төлөвлөгөө зохиосон, бизнэсмэнүүд аль нам, хүчин, нэр дэвшигчид мөнгө хаявал ашигтай бол хэмээн таамаг дэвшүүлсэн, нам, хүчнүүд яаж хор найруулж, хуйвалдаж буй тухай ер нь, тэгээд хэрүүл уруул, хов жив агуулсан “сонирхолтой” сэдэв сайтуудаар дүүрэн байхад ийм уйтгартай юм бичиж байх гэж.

Тийм ээ, философи сонирхдоггүй, pseudo-philosophers болон хуурамч сэхээтнүүд ер нь, танин мэдэхүйн сэдэлгүй, ийм зүйлээс таашаал авдаггүй хүмүүс энэ нийтлэлийг уншиж цаг гарздах хэрэггүй, шууд орхиорой. Таны сонирхлыг татах зүйл энэ өгүүлэлд өчүүхэн ч байхгүй.

Миний бие 10 гаруй жилийн өмнө news.mn сайтад “Философийн булан”, “Либертари булан” гэсэн хоёр булан хөтөлж, цуврал хялбаршуулсан нийтлэл гаргадаг байсан юм, энэ өгүүлэл түүний маань үргэлжлэл болог. Энэ удаад философийн аль нэг асуудал руу гүнзгий орохгүй, эртний Грекийн “аугаа 3”-ын хэрэглэж байсан категори, термин, логик нэр томьёо, силлогизм ч хэрэглэхгүй, зүгээр л аян замын тэмдэглэлээ тавив.

МЭДЭЭД АВЧХАД ОГТ ИЛҮҮДЭХГҮЙ НЭГЭН  МЭДЭЭЛЭЛ

Соёл иргэншил (civilization) гэдэг бол тодорхой утгатай, тогтчихсон ойлголт, түүнийг санааны зоргоор өөрийн дуртай үгтэй холбон хэрэглээд байж болдоггүй юм. Өнөөгийн хүн төрөлхтний өндөр хөгжил, техник-технологи, танин мэдэхүйн их амжилт ердөө, 3 феномэнтэй шууд холбогддог, тэдгээрийг ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛ ИРГЭНШЛИЙН ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ хэмээнэ: нэгд, Афины философи, шинжлэх ухаан; хоёрт, Ромын төр, эрх зүй; гуравт, Иерусалимын шашин, ёс суртахуун.  Ром ба Иерусалимд  2016 оны 7, 2018 оны 2-р сард очсон, харин муу ч, сайн ч философийн боловсрол эзэмшсэнийх Грек, тэр тусмаа Афиныг (Сократ, Платон, Аристотель гээд суут философичдын эх орон, амьдарч, бүтээж байсан газар нутаг) үзчих юм сан гэсэн бодол сэтгэлд хоргодоостой байсан, тэр маань энэ жил гүйцэлдэв. Уучлаарай, дэлхийн соёл иргэншлийн 3 эх голомтыг үзсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлснээс биш, онгирч буй хэрэг биш шүү .

Энэ 3 бол өнөөгийн дэлхийн өндөр хөгжлийн анхны голомт, эх үндэс болсон нутаг орон. Жинхэнэ соёл иргэншил, манайхны ярьдаг нүүдлийн соёл иргэншил гэдгээс тэс өөр, арай л ул үндэс, углуургатай зүйл яригддаг. Ер нь, соёл иргэншил буюу civilization гэдэг бол хотын нэрнээс гарсан үг, суурьшилтай холбоотой нэр томьёо, түүнээс биш “нүүж явдаг civilization (соёл иргэншил) гэж байдаггүй” гэж мөн ч олон хэлсэн дээ.

“Эх сурвалж”-ийн Роаркийн (ө.х. Айн Рэндийн) зөв юм билээ

Манайд бүх зүйл Чингис гэсэн нэртэй байдаг шиг Афинд бүх зүйл Акрополистой холбоотой, гудамж талбай, зочид буудал, бараа таваар гээд.

Афинд очсон хүн Акрополис хийгээд Парфеноныг үзэхгүй буцвал алдас болно. Акрополис, Парфенон дээр очоод, Айн Рэндийн буюу либертари эстетик зөв юм байна гэдгийг дахин нэг ухаарав.

Акрополис гэдэг маань эртний барилга байгууламжуудтай толгод, Парфенон гэдэг нь бүх хүмүүсийн мэддэг эртний Грекийн сонгодог архитектуртай том байгууламж, Дорийн хэв загвараар баригдсан гэх юм билээ, энэ толгод дээрх хамгийн гоёмсог бөгөөд том нь. Баганыг нь эртний Грекийн охин тэнгэрүүдээр хийсэн, цагаан гантиган барилга. Үүнийг архитектурын гайхамшиг гэж дэлхий даяар үздэг. Харин Айн Рэндийн “Эх сурвалж”-ийн Роарк л тэгж үздэггүй, түүгээр үл барам энэ барилгад дургүй байсан байх (Роарк ч гэж дээ, Рэндийн эстетик шүү дээ). Либертари эстетик бол огт өөр юм чинь, би ч үзээд Роаркийн талд байлаа ер нь, барилга байшин илүү дутуу зүйлгүй, бүх зүйл нь оршин оршин суугчдынхаа тав тух, таалалд нийцсэн ямар нэг зориулалттай байх ёстой. Байшингийн хана, багана, тулгуурыг хээ угалз, амьтан хүний дүрсээр чимэглэлээ гээд бөх бат, ая тухтай болчихдоггүй. Барилгад орсон бүх зүйл (хээ угалз, хүнээр дүрсэлсэн багана гээд) тухайн байгууламждаа ямар нэг функцитэй байх ёстой.

Гэсэн ч Парфенон бол дэлхийд алдартай архитектур. Тэр үед яаж ийм зүйлсийг босгосон юм бол гэмээр барилга, байгууламж, амфитеатр Акрополис хавьд олон л доо. ХТӨ 450-иад он шүү дээ. Цагаан гантиган барилга, байшингууд үзэсгэлэнтэй шүү. Нэг бүтэн өдөр тэр хавиар явсан, лавтай сайн үзье гэвэл лав 2-3 өдөр явах байх. Энд гар утсаараа авсан ганц нэг зураг тавих гэснээ болихоор шийдэв. Миний зураг нэг их сонин биш, харин тэр барилга байгууламжийг сонирхъё гэвэл интернэт рүү Acropolis, Parthenon гээд ороход дээд зэргээр чанарын шаардлага хангасан фото-зураг хангалттай байгаа даа. 

СОКРАТ, ТҮҮНИЙ ХОР УУЖ НАС БАРСАН ШОРОН

ХТӨ 400-гаад он. Афинын гудамжаар гадаад төрх нь тийм сайхан биш, урагдаж салмайсан хувцастай, нэгэн халамцуу хүн явж байх юм. Тэр хүн тийм баян чинээлэг, гоё сайхан биш атлаа өөртөө их л итгэлтэй харагдана, гэхдээ бас бие тоосон, ойворгон биш. 130.000-аад хүн амтай Афинд энэ хүнийг таньж, мэдэхгүй хүн үгүй, эрх мэдэлтэй, нэр төртэй хэмээн тооцогддог хүмүүс түүнтэй халз тулахаас аль болох зайлсхийнэ, харин залуучууд тэр тусмаа, мэдлэг боловсролд тэмүүлсэн язгууртан залуус түүнээс салахгүй дагацалдах аж. Энэ бол түүхэн дэх анхны философич хэмээн тэмдэглэгдэн үлдсэн хүн болох Сократ. Эхнэр нь бас түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн анхны “хэрүүлч эхнэр”. Түүхэнд “анхны” гэсэн нэр авсан нэг гэр бүлийн хоёр. Түүнийг гэр орныхоо ажилд оролцохгүй, гадуур явж, явж ирэхэд эхнэр нь үглэж, яншина гэдгийг үзүүлж өгдөг байж. Харин Сократ маш тайван, хэлж буй үг, төрх байдлыг нь ихэд сонирхсон байдалтай харж, сонсож суудаг байсан гэдэг.

Олимпийн тоглолт болж байна. Нөгөөх эр бас л тэнд оччихсон, Афинд маш нэр хүндтэй нэгээхнийг асуултаар булж, түүний юу ч мэдэхгүй хүн болохыг нь олноо илчлээдхэв.

Сарын дараа Зевс бурханд зориулсан баяр болж, гудамжинд олон түмэн цугласан байлаа. Тэд мөн л Сократыг тойрон яриаг нь сонирхон сонсоно. Тэрээр ямар ч уур хилэнгүй, намуун тайван байдлаар Афинын төр барьж буй эрхмүүд ямар мулгуу хүмүүс болохыг ойлгомжтой тайлбарлав. Түүний ярианаас үнэнийг олж мэдсэн иргэд эрх баригчдаа хараан зүхэж эхэлнэ. Сократ Афинын төр болоод ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ҮНЭХЭЭР ХАЛТАЙ хүн ажээ. Хэд хоногийн дараа олон хүн цугласан зах дээр оччихсон, нэгэн баян худалдаачинд асуулт тавьж, хариултаас нь асуулт ургуулан тавьж байлаа. Мөнөөх эр мухардсандаа уур нь хүрэх авч, Сократын асуултад хариулсаар эцэст нь үнэнд хүрлээ. Худалдаачин хоёрдмол сэтгэгдэлтэй хоцров, өөрөө үнэнд хүрчихсэн ч юм шиг, эсвэл Сократ түүнийг хөтөлж аваачаад хүргэчихсэн ч юм шиг. МАЙЕВТИКА. Асуултаараа хөтөлж, өөрийг нь өөрөөр нь няцаалгаад, үнэнд хүргэх аргаа Сократ майевтика гэж нэрлэв. Эх барихуй гэсэн утгатай үг аж, Сократын ээж эх баригч хүн байж л дээ.

Сократ ХТӨ 469 онд (зарим сурвалжид 470 он гэж бичсэн байдаг) төрөөд, 399 онд хор ууж, насан эцэслэжээ. Үнэхээр, аугаа философич, ямар сайндаа, эртний Грекийн философийг Сократаас өмнө ба Сократаас хойших гэж хуваах вэ.

Философийн түүхэнд хамгийн их алдаршиж, философичдод маш их таалагдсан Сократын үг бол “БИ ЮУ Ч МЭДЭХГҮЙГЭЭ МЭДЭЖ БАЙНА”. Энэ бол асар их мэдлэгээс гардаг үг аж. Хүн маш их уншиж, бодож сэтгэж, бясалгах тусмаа дотогшоо ба гадагшаа хязгааргүй ертөнцийн хувьд маш бага мэдэж буйгаа ухаарч эхэлдэг. Харин өнгөц бөгөөд багахан уншмар болсон хүнд тэр нь асар их мэдлэг хуримтлуулсан мэт санагддаг аж. Сократын энэ үг хойших философичдод маш их таалагдсан бол Сократад өөрт нь тэр үеийн Дельфийн сүмийн үүдэнд бичээстэй байсан “Өөрийгөө танин мэд!” гэсэн үг ихэд таалагддаг байжээ. Хүн өөрийгөө хөндлөнгөөс харж чадахгүй л дээ, ямар арьснаасаа мултрах биш. Хүмүүс үнэхээр, өөрсдийнхөө ямар өчүүхэн болохыг хэзээ ч мэддэггүй, Сократын хэлснээр, “Томчуул хүүхдийн гэнэн балчрыг гайхдаг бол Бурхад хүмүүсийн тэнэг балчир болохыг гайхаж байдаг”.

Афинд төрж, тэндээ алдаршиж, тэндээ насан эцэслэсэн, Афинын төлөө Пелопонезийн дайнд спартчуудтай эрэлхгээр тулалдаж явсан, жинхэнэ Афинын иргэн атлаа Сократын хэлэх дуртай үг нь “Би бол Афинын биш, дэлхийн иргэн”. Ийм нэг адармаатай иргэн Афинд аж төрдөг байжээ.

Шүүх болон цаазын ял. Афинчууд Сократыг “бурхныг үл тоомсорлосон”, “Афины хүүхэд, залуусыг ёс суртахууны хувьд уруу татсан” хэмээн буруушаан шүүсэн гэдэг. Үнэндээ, ардчилсан төр-засгийн тэргүүнүүдийг эсэргүүцсэн, тэднийг дэмжсэнгүй гэж ялласан нь тэр байв. Үнэхээр ч, Сократ анхны ардчилсан төрийг түлхэн унагасан сурвалжит гэр бүлүүдтэй дотно харилцаатай байсан юм. Түүний хамгийн алдартай шавь Платон гэхэд л Афинд хоёр дахь удаагаа ардчилсан засаг тогтохоос өмнө түр хугацаанд төр барьж байсан хүчирхэг гэр бүлүүдийн нэгний гишүүн байв. Ер нь, Афинын сурвалжит гэр бүлээс гаралтай, язгууртан залуус түүнд их татагддаг байж. Афинчууд түүнээс салахын түүс болсон бас нэг шалтгаан нь Сократ Афинын иргэдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйлд итгээгүй, түүгээр ч үл барам, тэр нь буруу гэдгийг баталсанд байлаа. Өнөөгийн хэлээр Сократ КОЛЛЕКТИВИСТ БИШ, ИНДИВИДУАЛИСТ хүн байв.

Сократыг улс төрийн шалтгаанаар яллах нь эрх баригчдад дэндүү осолтой, олны дургүйг хүргэж мэдэхээр байсан тул түүнийг цаазлахын тулд бодож олсон шалтаг нь энэ байлаа.

Сократыг шүүх ажиллагаа шүүгдэгчид биш харин шүүгч нарт ёстой “зүрх алдмаар ажил” болсон гэдэг. Сократ өмнө нь хэдий олон хүний мунхгийг илчилсэн байна, төдий олон дайсантай болжээ. Голдуу өөрсдийгөө ихийг мэддэг гэж боддог хүмүүсийн мунхгийг илчилснээрээ бүр ч аюултай дайснуудтай болоод байв. Хэдийгээр, ардчиллын зарчмаар Афинын шүүх 501 иргэнээс (тэр үед ардчилал гэдэг нь өнөөгийн бидний хэлдэг шууд ардчилал л байсан, өөр ардчилал байдаг гэж толгойд нь ч буухгүй) бүрддэг байсан авч голлох сценарийг Сократад байнга амаа таглуулдаг байсан Ардчилсан намын улс төрч Анит, эмгэнэлт яруу найраг бичдэг Мелет, уран илтгэлийн багш Ликон нар тавьжээ. Эдгээрээс хамгийн их хорсол агуулсан хүн нь 70 гаруй настай Сократтай үе тэнгийн Мелет байлаа. Нэг хот-улсад хамт амьдрах хугацаандаа Сократад мөн ч олон удаа мад тавиулсан аж. Бас дээр нь, Мелет шашны фанатик байсан нь бүр ч лайтай.

Цаазын ял өгөх нь урьдаас тодорхой байсан уг шүүх хурал болохоос өмнө Афинаас зугтах боломж Сократад байсан юм. Тэрчлэн шүүхээс оноосон цаазын ялыг цөлөх ял болгон хөнгөлж өгөхийг ч хүсэх эрх түүнд байсан. Афины шүүх түүнийг ийм хүсэлт тавьсан бол дуртайяа зөвшөөрөх байсан гэдэг. Гэсэн ч Сократ юмс үзэгдлийн жинхэнэ мөн чанар, учир зохилдлогоог олох гэж оролдсоноороо Афинын хувьд ямар ч буруу, муу зүйл хийгээгүй гэдэгтээ бүрэн итгэлтэй байжээ. Тэр ч бүү хэл, өөрийнхөө хэлсэн үг, хийсэн үйлийг хот-улсад маань тус болсон хэмээн тунхаглаж, тиймээс афинчууд цаазын ял оноох бус харин ч их хэмжээний мөнгө төлж, нэр төртэй иргэнээ гэж үзэх ёстой гэж хэлсэн байдаг. Гэр бүл, шавь нар, найз нөхдөө өршөөл нигүүлсэл эрж, дээгүүр доогуур гүйн хөөцөлдөхийг чандлан хорьжээ. Цаазаар авахуулах ял авах гэж шүүгдэж буй хүн гэхэд хэтэрхий “бардам” байлаа. Тэр бүү хэл, шүүгчдээс “Та өөрийгөө ямар шийтгэл авах ёстой гэж бодож байна вэ?” хэмээн асуухад тэднийг даапаалж “Намайг хэдхэн төмөр зоосоор торгочихвол яасан юм” хэмээн шүүгчдийн хор шарыг малтсан гэх яриа ч гарч байв.

Сократ байр суурин дээрээ хатуу зогсож, өөртөө итгэлтэй байсан тул шүүгчид ёстой л “зөв харж инээн, буруу харж уйлан байж” цаазын ял оноохоос өөр аргагүй болжээ. Тэд бүр, ялын тогтоол гүйцэтгэхээс өмнө түүнийг оргоод алга болчхоосой гэж хүртэл хүсэж байсан гэдэг. Шүүх хурлаас нэг сарын дараа Сократ анд нөхөдтэйгөө нэг шөнөжин философидсоны дараа шоронгийнхны бэлдэж өгсөн хортой ургамлын хандыг ууж, насан эцэслэжээ. Нас барахдаа “Үхэл гэдэг бол зүүдгүй нойр шүү дээ, айх юм огт байхгүй” гэжээ. Бас нэг хувилбараар “Би үхэж байгаа юм биш, сүнс-оюун санаа маань бие-махбод гэдэг шоронгоос чөлөөлөгдөж буй хэрэг” хэмээсэн гэдэг.

Сократын үхэл, Грекийн философийн төдийгүй бүхий л соёлын нэгэн үе шатны эхлэл болжээ. Шавь Платон нь түүний тухай их бичих болж, түүнийг нь хүмүүс улам их шимтэн уншдаг болов.

Сократын хувьд философи нь хүмүүний ахуйгаас дээр орших ямар нэг трансцендент зүйл биш харин хүний аж төрөх ёс, амьдрал юм. Дэлхийн философийн түүхэнд философич хүн гэж Сократ шиг хүнийг хэлнэ гээд хүлээн зөвшөөрчихсөн байдаг бол СОКРАТ ГЭДЭГ ХҮН ӨӨРӨӨ ТЭР ЧИГЭЭРЭЭ ФИЛОСОФИ БАЙСАН ЮМ хэмээн нэмэрлэе.

Сократын хоригдож байгаад хор ууж нас барсан шорон  энэ

гэсэн. Гадаа нь сууж байхад янз бүрийн зүйл бодогдов.

Сократыг цаазаар авах шийд гаргасан энэ олон түмэн гэдэг үү!

Харанхуй масс, бүдүүлэг олонх, олонхоороо түрий баригсад,

олонхоороо дарангуйлагчид гээд. Хамгийн  тохирсон үг бол “Хэрэв

олонх эрүүл сэтгэх чадвараа алдах юм бол эрүүлээр сэтгэдэг

цөөнхөд галзуугийн эмнэлэгт очихоос өөр зам үлддэггүй.” 

ПЛАТОН БОЛОН ТҮҮНИЙ АКАДЕМИ

Ер нь, Өрнийн ямар ч философийн урсгал, чиглэлийг аваад үзэхэд цаана нь Сократ, Платон, Аристотель нарын сүнс, сүүдэр сүүмэлзэж байдаг. Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн, философич, математикч, логикч Б.Рассэль (Англи, 1872-1970 он) Өрнийн мэргэн ухаан хэмээх алдартай номдоо Платон, Аристотель хоёрт хамгийн их зай эзлүүлжээ. Энэ ланжгар бүтээл дор хаяж, 200-гаад философичийн тухай авч үзсэн байлгүй. Өрнийн философичид Платоныг Өрнийн философид хамгийн их нөлөө үзүүлсэн гэдэг бол Оросууд Аристотельд илүү анхаарал хандуулдаг. Уг нь, Платоны жинхэнэ нэр Аристоклес, гэхдээ ямар учраас Платон гэсэн нэр авч, түүгээрээ сэтгэлгээний түүхэнд алдаршсан юм, мэдэхгүй. Энэ тухай тайлбар, баримттай тааралдаж байсангүй. Платон ХТӨ 428 юм уу 427 онд төрж, 348-уу, 347 онд насан эцэслэжээ. Жинхэнэ Афины иргэн.

Платон улс төрд гүнзгий оролцоотой, их баян, сурвалжит гэр бүлд төрж, өсжээ. Ээж нь эцгийг нь нас барсны дараа Периклийн ахтай суусан байдаг. Хожмоо өөрийнх нь багш болсон Сократ гэр орноор нь байнга орж гардаг байжээ. Хэдий, ийм гэр бүлд өссөн боловч Платон их даруу төвшин амьдарч ирсэн нэгэн байв.

Миний Афинд очсон гол зорилгуудын нэг учраас юуны түрүүнд, Платоны Академийн туурин дээр очлоо. Тун чиг ядруу зүйлс үлджээ. Дэлхийг бүхэлд нь эзлэх дөхсөн их байлдан дагуулагчийн үр хойчсын байгуулсан нийслэлээс юу үлдсэн юм бол хэмээн Хар-хориныг зорин очсон гадаадынхныг Эрдэнэ зуугийн ард ямаршүү зүйл угтдаг билээ, яг тийм (гэхдээ нэг нь 800-гаад, нөгөө нь 2400 гаруй жилийн өмнөх байгууламжууд шүү дээ). Гэхдээ энд Платоны Академи байгуулагдсан анхны үеийг харуулсан зураг, тайлбар бүхий самбар, хөшөө гээд юмс байлгүй яах вэ.

Платоны Академиас үлдсэн туурь. Академийн суралцагчид

дотроос Аристотельд хазаар, бусдад нь ташуур хэрэгтэй байсан

гэдэг (Платоны өөрийнх нь үгээр). Би ингээд сууж байсан бол

мөн ч их ташуурдуулах байсан биз. Аристотелийн Лицейн

туурь гэж мөн яг иймэрхүү зүйл үлдсэн байх юм билээ.

ХТӨ 387 онд байгуулагдсан энэ Академи 900 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаад хаагдсан ч, өнөөгийн Афинын Их сургуулийг энэ Академийн зүй ёсны залгамжлал гэж үздэг.

Платон өөрийн Академид философи, логик, математик, уран илтгэх чадвар, одон орон г.м. математик суурьтай хичээлд түлхүү анхаарсан байдаг нь пифагорчуудын нөлөөг их авсантай холбоотой гэдэг. Ер нь, энэ төрлийн 10-аад хичээл ордог байж. Иймэрхүү хичээл, ухааныг таашаадаггүй хүмүүсийг Академид орох шаардлагагүй хэмээн шууд хэлдэг байв. Гэхдээ Рассэлийн тэмдэглэснээр бол хамгийн суут шавь Аристотель багшийнхаа математикт төдгүй ханддаг байсан гэдэг (мөн Рассэлийн тэмдэглэснээр, энэ нь Аристотель тухайн үеийн математикийг дутуу дулим мэдэж байсан гэсэн үг биш). Академи дахь сургалтын арга, техник нь орчин үеийн их, дээд сургуулийнхтай төстэй: лекц, семинар, номын сангийн сургалт гээд.

Платоны зохиол, бүтээл бараг бүтнээрээ үлджээ. Нийт 35 зохиол (диалоги), 13 захидал. Платон, Аристотель хоёрын бүтээлийг харьцуулахад Платоных илүү амьд, сонирхолтой байдаг. Энэ нь, Аристотель академик хэлээр түлхүү бичсэн байхад Платон уран зохиолд илүү дөхөм хэлээр бичсэн байдагтай холбоотой болов уу.

Платон зохиолуудаа диалоги (харилцан яриа) маягаар бичихдээ аналогийг ихээр ашигладаг байв (бүрэн дүүрэн тохирдоггүй ч, энэ үгийг зүйрлэл гэсэн монгол үгээр илэрхийлье). Платоны “Агуйн аналогийг” философийн түүхэн дэх хамгийн алдартай, гол нь хамгийн оновчтой зүйрлэл хэмээн үздэг. Агуйн ханан дээр агуйн амаар орж ирэх гэрлийн нөлөөгөөр зарим нэг юмсын сүүдэр л сүүтгэнэх аж. Тэгвэл насаараа агуйд өсөж, амьдарч буй хүмүүст гадаад ертөнцийн тухай ойлголт, мэдлэг тэр хэмжээнд л байна. Яг үүн лугаа, бидний мэдлэг агуйн ханан дээрх сүүдэр төдий зүйл байвал яана!!! Мөн “алав аа”! Ертөнц, түүний тухай бидний мэдлэг бол агуйн ханан дээрх сүүдэр, тэгвэл Платоныхоор ЖИНХЭНЭ ЕРТӨНЦ БОЛ ЭЙДОС. Бүдүүвчилсэн жишээ татъя: хус бол хус, улиас бол улиас, нарс бол нарс, аль нь ч мод биш, эйдосын ертөнц (жинхэнэ ертөнц) бол хус, улиас, нарсанд хамаагүй зөвхөн модонд хамаатай. Агуйд амьдарч буй бид хус, улиас, нарстай харьцах болохоос хэзээ ч модны мөн чанарт хүрэхгүй. Яах вэ, үүнийг зарим нэг нь бүдүүвчлээд ерөнхийг туйлчлаад, тусгайг үл тоомсорлосон, тийм учраас Платон бол реалист гэдэг л юм.

“Хөлөг онгоцны аналоги” нь ч маш оновчтой сэтгэмж байдаг. Нийгмийг мэдлэг, сэтгэлтэй цөөн хүн удирдах болохоос демосууд кратална гэж юу байх вэ. Далайн аймшигт хар шуурга болж байхад хөлөг онгоцыг багийн бүх гишүүд хуралдаад ардчилсан шийдвэр гарган удирдах гэж үү? Хамгийн түргэн, хамгийн оновчтой шийд гаргагч л ахлах ёстой, түүнийг ахмад гэдэг. Удирдахын тулд мэдлэг, мэдээлэл, боловсролтой байх ёстой тийм хүн бол философичид гэж хэлсэн учир нь энэ. Нөгөө ФИЛОСОФИЧ-ХААНЫ тухай санаа. “Улс төрчид философич болоогүй, эсвэл философичид улс төрд ороогүй үед энэ ертөнц хэзээ ч зөв замдаа орохгүй” гэж хэлсэн утга нь ч энэ.

АРИСТОТЕЛЬ, ТҮҮНИЙ ЛИЦЕЙ

Аристотель ХТӨ 384 онд Стагирад төрж, 322 онд Чалсид нас баржээ (Эртний Грекийн хотууд). Харин Афинд л философид суралцаж, энд л философиороо алдаршиж, өөрийн Лицейг байгуулсан байдаг. Аристотель анх Афинд Платоны Академид суралцахаар ирэхдээ 17-той байв. Гэхдээ Афины унаган хүү биш, Сократ, Платон хоёрыг бодвол Афины хувьд харь хүн аж. Өнөөгийн Афинын Их сургуулийн төв байрны үүдэнд Сократ, Платон хоёрын томоос том,  уран гоёмсог баримал байх атлаа Аристотелийнх байдаггүй нь ийм л учиртай болов уу!

Аристотелийг багшийнхаа сургаалын толгойг яг урвуугаар нь тавьсан гэж үздэг. Ө.х. тэрээр Платоноос илүүгээр энэ ертөнцөд анхаарч байжээ. Тиймээс, Рафаэлийн алдарт “Афинын сургууль” зурагт Платон дээш эйдосын ертөнц рүү, харин Аристотель доош энэ газар дэлхий рүү зааж байгаагаар дүрслэгдсэн.

Рафаэль бүтээлдээ Платон, Аристотель хоёрыг

төвд нь  зурснаас гадна Пифагор, Сократ, Евклид,

Архимед гээд тухайн үеийн бараг бүх суут сэтгэгчдийг

багтаасан. Тэр ч бүү хэл өөрийнх нь дүрийг ч олж харж болно.

Аристотель байгаль шинжээчийнхээ хувьд алдартай байв. Хожим Б.Рассэлийн дүгнэснээр физик, астрономын онол нь дутагдалтай ч биологийнх нь онол гаргууд байж. Телеологийн сургаал нь (теологийн биш шүү) мэдээж, гэнэндүү боловч хэр баргийн сэтгэлгээтэй хүн няцаачхаж чадахгүй дээ. Энэ сургаалын дагуу хүн ч, адуу ч, үхэр, мэлхий бүгд л чухам ийм морфо-бүтэцтэй болохын тулд он удаан жилийн эволюцийг дамжиж ирээгүй гэж үү гэсэн асуулт тавихад, баргийн хүн хариулах гэж тэвдэнэ шүү. ФОРМАЛЬ ЛОГИК буюу Аристотелийн логик нь олон үеийн турш сэтгэлгээний учрыг олох гарын авлага болж ирсэн. Урлагийн талаарх ДУУРАЙЛТЫН ОНОЛ нь одоо ч урлаг дахь танин мэдэхүйн элементийн талаар жинтэй санааг агуулсан хэвээр байна.

Аристотелийн философи нэгэн үе мартагдах шахсан гэдэг. Энд арабчуудад талархах ёстой, Аристотелийн, араб хэлэнд орчуулагдсан бүтээлүүд олдсоноор дундад зууны европчууд эргэн аристотелизмыг сонирхох болсон. Тэр тусмаа дундад зууныхан, алдарт Фома Аквинский Бурхны оршихуйг батлахдаа аристотелизм дээр л тулгуурласан.

Сонирхуулахад, лицей хэмээх үг эртний латин этимологиороо (гарал, үүслийн хувьд) хөлхөх, холхих, явах гэсэн утгатай юм гэсэн. Аристотель хичээл орох үедээ нааш цааш явж ярьдаг байж, тийм ч учраас тухайн үедээ “явдаг философи” гэсэн нэртэй байсан гэдэг. Тэгдэг дээ, лекц орж байх үед, заримдаа анхаарлаа төвлөрүүлэхийн тулд холхих тохиолдол зөндөө л гардаг юм.

СОЁЛ, ТҮҮХИЙН ХОЛБОГДОЛТОЙ ЗАРИМ НЭГ ГАЗАР

Бороо орж байснаа нар гараад, тэгснээ дахиад бороо шаагиад, явуулын хүнд жаахан тухгүй өдөр Олимпын анхны тоглолт болсон газрыг үзлээ. Хөөрхөн үнэтэй, андуураагүй бол 20-иод евро байсан байх. Гээд, ямар ч байсан Олимп гэж зүйл анх явагдсан газар шүү дээ.

Өөр нэг өдөр зорин байж, Афинын Их сургууль, энэ Их сургуулийн Философийн факультет, Грекийн Үндэсний номын санг очиж сонирхов. Аз болоход энэ 3 нь яг нэг доор байдаг юм билээ.

Афинын Их сургууль, грекчүүд энэ сургуулиа Платоны Академийн

зүй ёсны үргэлжлэл гэж үздэг юм билээ. Сократ, Платон

хоёрын баримал байгаад харин Аристотелийнх байхгүй

шалтгааныг нийтлэлд дурдсан.

Философийн факультетын үүд, орох хаалганы дээд талд маш том гоёмсог зурагтай. Охин тэнгэрүүд, бүгд гартаа ном барьчихсан, номын хавтсан дээр астрономи, философи, математик, физик г.м. бичээс харагдах аж. Грекийн Үндэсний Номын Сан хамгийн баруун талынх нь. Эдгээр барилгууд дээр шар шувууг олноор товойлгон дүрсэлсэн байсан. Шар шувууг эртний Грект цэцэн мэргэний бэлгэдэл хэмээн үздэг байсан юм билээ.

ФИЛОСОФИЙН УХААНЫ ДОКТОР Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

StephanieMoreno 2024-04-19 185.181.245.225

Халуун охид таныг хүлээж байна ~ https://news.mn@ok.me/95WG1?2716363

Avatar

NoelleWallace 2024-04-19 188.130.136.39

Халуун охид таныг хүлээж байна >>>>> https://news.mn@ok.me/95WG1?2716363

Avatar

VeronicaMccray 2024-04-19 45.86.0.7

Халуун охид таныг хүлээж байна ___ https://news.mn@ok.me/95WG1?2716363

Avatar

KathyGordon 2024-04-19 188.130.218.236

Халуун охид таныг хүлээж байна –> https://news.mn@ok.me/95WG1?2716363

Avatar

Нэргүй 2024-04-19 188.130.211.189

Халуун охид таныг хүлээж байна — https://news.mn@ok.me/95WG1?2716363

Avatar

Bayarlalaa 2024-04-19 124.158.122.242

Batchuluun bagshiin niitlelees mash ih zuil avsaar irsen. Ene udaa bur ch ihiig avlaa. Bayarlalaa.

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.177.15

Энэ Сократ чинь Энэтхэгийн ёрөнхий сайд Модитой яасан адилхан юм бэ !

Avatar

Нэргүй 2024-04-19 103.57.94.166

нийтийн тооллын өмнөх гэж ярьдаг бичдэг. хүний тооллын өмнөх гээл аваад хаячих юмаа. манайхны бусдаас ялгарах гэж солиорохдоо тогтсон дүрмийг дагахгүй бол төөрөгдөл үүсгэх аюултайг ер тоохгүй шүү. зүгээр л оршил гээд дэлхий даяараа бичдэгийг дээж үг, цацал үг этр гэж чамирхаж солиорно. яамаар ч юм дээ

Avatar

Hoorhii mini 2024-04-19 124.158.122.242

English-eer BC gej baidag. Tuuniig Before Christ gedeg yum. Chi Batchuluun bagshid zaah boloogui

Avatar

Dembrel 2024-04-19 47.227.179.89

Улс орны төлөө номын солиотой эрийг ялын дээд хэмжээ өгсөн нь зөв байжээ

Avatar

Энэ тэнэгийн комментийг хараарай 2024-04-19 103.212.116.185

Бас "улс орны эрх ашгийнэрх ашгийн үүднээс" шүү. Ха ха ха.

Avatar

Нэргүй 2024-04-19 176.66.87.78

Нүүдлийн соёл иргэншил гэж байхгүй юм бол монгол гэж байхгүй…

Avatar

Dembrel 2024-04-19 47.227.179.89

хүн төрөлхтөн бүгд тодорхой цагт нүүдэлчин байсан! Цаг нь ирэхээр суурьшсан болно.Одоо энэ Улаанбаатар хотыг хар дандаа нүүдэлчид

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.191.48

филисофчид яг хүн төрөлхтөнд хэрэгтэй чухам юу бүтээсийн,яг манай их хурлынхан шиг хоосон чалчигсад,тахиа анхдагч уу,өндөг анхдагч уу гэж одоо хүртэл маргаастай,харин математикчид,физикчид,химичид гэгддэг хүмүүс л хэрэгтэй зүйл хийсээр ирсэн дээ,тэдний тухай яриач,ж нь: архимедийн тухай ч юмуу???

Avatar

Сэтгэлгээ = философи 2024-04-19 103.212.116.185

Хүн сэтгэхээ больсон цагт философидохоо болино. Хүн үргэлж материаллаг ашиг, зүйл боддоггүй. Амьтан л тиймэрхүү байдаг

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.191.48

математикчид,физикчид,химичид тэгээд сэтгэдэггүй гээд л солиорвоодоо,наад чалчигчдаас чинь илүү бодитоор сэтгэдэг юм чалчигч мниь

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.98

Сэтгэлгээ сэргээх нь атугай үг солиогүй удаж дүүтэйгээ , баяр хүргэе – ХУЛГАЙЧУУДАД хэрэггүй нь үнэн ч , хойчис иррационалиудын яргуй юм шүү дээ – ТЭД …

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.180.70

энэ тэнэг зөвхөн цагаан арьстны түүх соёл ярих юм.. түүнээс өмнө Месопотами Египет Хятад гэж зөндөө илүү хөгжсөн байдаг

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.180.174

Насаар надаас олон дүү хүн боловч Батчулууны бичсэн болгоныг уншдаг, мөн ч энгийн бөгөөд гүнзгий логик нь над таалагддаг. Энд л гэхэд соёл иргэнш лийн үндсийг маш сайхан хэлээд өгсөн бна ш дээ !

Avatar

DR. ADITYA 2024-04-19 102.88.83.119

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган долла

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.86.85

Батчулуунтай санал нэгдээрэй
..

Avatar

Нэргүй 2024-04-19 59.153.86.85

Батчулуун маш сайн бичжээ.. ярих юм алга.дотор нь мөн ч чухал санаанууд бана даа.баяр хоргэе ээ

Avatar

Нэргүй 2024-04-19 66.181.160.30

Батчулуун л философийн сэдвээр эрүүл юм бичих юм даа?! Анхааралтай, тогтож уншвал маш хэрэгтэй юм байна!!

Avatar

Иргэн 2024-04-19 66.181.187.201

кккк өрнийн философ яахаараа дэлхийг төлөөлөх билээ кккк баруунжсан нохдийн санаа төдий

Avatar

Zochin 2024-04-19 202.126.91.203

Сократ, Платон, Аристотел – Гурван том сэтгэгч, философичдийн тухай сайхан тэмдэглэл байна.

Avatar

Сократыш шүтэгч 2024-04-19 103.212.116.185

Сократ бол дэлхийн философийн эхлэл яах аргагүй мөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж