Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Санал хураалтад оролцсон гишүүдээс 39 нь дэмжсэнээр уг хуулийн төсөл батлагдаж байна.
Ингэхдээ дээрх төслийг дагаж өргөн мэдүүлэгдсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөл, Хуримтлалын сангийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Аж ахуй нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд эцэслэгдэн батлагдлаа.
Л.Оюун-Эрдэнэ: Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг бий
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг батлахын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв.
Тэрбээр “Олон жилийн хугацаанд ярилцаж, зарим газраа маргаантай ч гэсэн Үндэсний баялгийн сангийн тухай хууль цогц байдлаар анх удаа батлагдах гэж байна. Дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна. Парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, нэгдмэл байр сууринд нэгдэж намын дарга нар гарын үсэг зурсан. Хууль батлахад дэмжлэг үзүүлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд болон гишүүдэд талархал илэрхийлье.
Энэ хууль байгалийн баялаг хүртээмжтэй байх суурь зарчмыг тохирч байгаа гэдгээрээ чухал агуулгатай. Хуулийн төслийн хуудас нь нимгэн ч том агуулгатай. Баялагтаа эзэн байх суурь эрх зүйн орчин бүрдсэнээр хэрэгжих эхлэл цэг тавигдана гэдэгт итгэлтэй байгаа. Ирээдүйн өв сан нь Норвегитэй адилхан үржүүлэхийн хүрд байх эрх энэ хууль батлагдсанаар нээгдэж байна. Нөгөө талаараа Ирээдүйн өв сангийн хуримтлал валютаар хадгалагдана гэж хуульчлагдаж байгаа. Валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн. Валютын нөөцөө арвижуулах том боломж гарч байгаа. Бүх иргэдэд хүртээмжтэй зүйл болно. Хуримтлалын санг Сингапурын суурь зарчимд тулгуурлан боловсруулсан.
Өнгөрсөн хугацаанд орон сууцжуулалтын том реформ хийгдэж чадахгүй явсан нь эх үүсвэр үнэтэй байсанд л байгаа юм. Бодлогын хүү өндөр, зээлжих зэргэлэл В3-т хүрэхгүй байсан учраас хаанаас ч мөнгө татсан өндөр хүүтэй байсан.
Одоо бол жилд дунджаар 500-700 орчим тэрбумыг импотекийн хөтөлбөрт зарцуулдаг.
Монголбанктай яриад, хувийн хэвшилтэй хамтраад үржүүлэхийн хүрд болгож чадвал жил бүр 1 их наядаас давсан илүү хөрөнгийг орон сууцанд оруулах, тэр хүүгээ өөрсдөө удирдах боломж энэ хууль батлагдсанаар бүрдэж байна.
Дээрээс нь эрүүл мэнд, боловсрол. Дндаж давхаргыг бүрдүүлнэ. Боловсролын салбар бүх ирээдүйн эдийн засгийн салбартай уялдсан реформ учраас үүнийг Баялгийн сангаараа шийднэ.
Уул уурхайн ил тод байдал хангагдана. Нэг гэр бүл цаашдаа стратегийн ордыг эзэмшээд яваад байхгүй, энэ хуулиар цэг тавьж, хязгаарлагдаж байна. Тэд бирж дээр нэлттэй компани болно, олон улсын аудитад байнга ордог болно. Ил тод байдал дээшилнэ.
Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар тавих эрх зүйн орчин хийгдэж байна. 30 хувь гэдэг том эхлэл цэг. Бусад улс оронд 80 хувь хүртэл татвар тавьдаг.
Үүсмэл ордыг хаягдал орд гэж явсан. Өнгөрсөн жил төсөв 4 их наядаар давсан. Үүнд түшиглээд цалин, тэтгэврийг нэмсэн. Яг үүнтэй адилханаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн ил тод байдал хангагдаж, эдийн засаг илүү их тэлэх боломжтой болж байна. Эдийн засаг 36 их наядаас 74 их наядад тэлсэн. 100 их наяд руу аваачих хэрэгтэй. Эдийн засагт ил тод байдал ирснээр энэ байдал ирж байгаа. Энэ хуулийг Цэц дээр унагахаар зэхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий. Монголын баялаг дээр эзэн суусан хэдэн хүн нэгдэх байх. Үүн дээр улс төрийн намууд сонор сэрэмжтэй байж, хуулийн төслөө хамгаалаасай гэж хүсч байна. Далд эдийн засгаас авлига авч байгаа хүмүүс бий. Нууц данстай, түүнийгээ гоё нэрээр нэрлэсэн хүмүүс байгаа. Удахгүй ил болно. Цагийн аясаар бүх зүйл үнэн дээр очно. Мөнгөний ул мөр алга болохгүй.
Ярвигтай маргаантай байсан ч парламентын гишүүд нам харгалзахгүйгээр хуулийн төслийг эцэслэн батлахад бэлэн болсон гэж ойлгож байна. Чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсын хувьд маш том эргэлтийн цэг болж байна.
Стратегийн ордын 34 хувь боловсрол, эрүүл мэнд, орон сууцжуулалтад зарцуулагддаг болж байгаагаараа чухал юм” гэв.
Мөн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл батлагдсанаар импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлж байна. Ингэснээр гурилын үнийг буулгах боломжтой болно гэж тооцож буй.
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсанаар мал аж ахуйн салбарыг 5 их наяд төгрөгийн зээлээр дэмжинэ.
Л.Оюун-Эрдэнэ: Аятайхан байгаарай, ордыг стратегиас гаргасан хүмүүсийг АТГ-аар шалгуулна шүү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор гишүүдээр санал хураалгаж буй юм. Зарчмын зөрүүтэй саналын томъёололтой холбогдуулан дараах гишүүн асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа хулгай зэлгий бол хөрөнгө мөнгөөр дэмжиж, УИХ-ын гишүүнийг парламентад гаргачихаад дараа нь өөрөө төрийн өмчит компани дээр очиж хулгай хийдэг цүнх баригч нартай холбоотой. Гэтэл төрийн өмчит компанийг шилэн ил тод болгох концепцыгЗасгийн газар оруулж ирсэнгүй. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит компанийг ард иргэдийн хяналтад оруулахын тулд төлөөллийг нь стратегийн төрийн өмчит компанид оруулах нь зөв зүйл. Тийм учраас миний санаачлан өргөн барьсан “Эрдэнэт” үйлдвэрийн 20 хувийг Монголын ард түмэнд үнэгүй эзэмшүүлэх, 20 хувийг НДШ төлдөг ажилтан албан хаагчидтай үндэсний компанид тодорхой хувиар борлуулж эзэмшүүлэх тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэх ёстой.
Тогтоолын төсөлд заасны дагуу Компанийн тухай хуулиар 36-аас дээш хувь байх юм бол тухайн төрийн өмчит компанид ард иргэд төлөөллөө оруулах юм. Иргэдийн төлөөллийг оруулж байж, хариуцлагатай хүмүүсийг ажиллуулж байж, төрийн өмчит компани олон нийтийнх болно. Баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сан зэрэг гурван санг яам, Тамгын газраас удирдлагыг сонгох асуудал ахиад орж ирж байгаа. Энэ нь дахиад цүнх баригч томилогдоно гэсэн үг. Ард иргэдийн хяналтад төрийн өмчит компани очихгүй, хувьцаа тараагдахгүй гэсэн үг. Энэ хуулийг хэлэлцэхдээ иргэдэд хяналт очих, тогтоолын төслийг хамтатган хэлэлцэх ёстой гэсэн шаардлага тавьж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэж байна. Б.Пүрэвдорж гишүүний зарим нэг зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг стратегийн орд биш гэж лоббидож гаргасан. Удахгүй сонсголоор ил болно. Ж.Ганбаатар сайд нарийн мэдээлэлтэй байгаа. УИХ ын гишүүд янз бүрийн лобби хийж байгаа, ятгалганд автахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсч байна. Стратегийн ордуудын дийлэнх нь байхгүй, хуваагаад нөөцийг нь багсгаад гаргачихсан, Эсвэл УИХ -ыг лоббидож, Цэцийг авлигадаад гаргаад авчихсан. Тийм учраас стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Норвеги, Чили тийм л байгаа, ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.
Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд хог хаягдал гээд байгаа. Страегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой орд дээр ч бий болно.
Стратегийн ордыг хувь хүнд өгөх юм бол ил тод болно гээд байгаа, үгүй. Хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод явж байгаа нь ил тод байдал юм уу.
Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдэгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг Авлига дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. Аятайхан байчих, яасан их мөнгөтэй юм. П.Цагаан дээр очихоор ил тод болчих юм уу.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна. Үүсмэл орд бол баялаг, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү гэв.
Сануулахад, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр дараах зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал гарган, дэмжигджээ. Үүнд, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн 13 дахь хэсгийг Монголбанк Засгийн газартай гэрээ байгуулсны үндсэн дээр хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг хөрөнгийн үлдэгдэлд бодлогын хүүгээс багагүй багагүй хувиар хүүд тооцох, эсхүл бодлогын хүүгээс багагүй өгөөжтэй санхүү хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах агуулгаар өөрчлөн найруулах саналыг бэлтгэжээ. Мөн төслийн 16.12.6 дахь хэсгийг орлого төвлөрүүлэгч хуулийн этгээд нь уур уурхайн олборлолт ашигт малтмалын боловсруулах салбарын болон өөрийн хөрөнгөөр оруулсан авто зам, төмөр зам, дэд бүтцийн төрийн өмчит төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангах агуулгаар өөрчилөн найруулж, үүнтэй холбогдуулан төслийн 13.12.8 дахь хэсэгт өөрчлөлт оруулах, 10.9 дэх хэсэгт өөрчлөлт оруулах, найруулах, найруулах санал бэлтгэсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсэг төслийн 4.1,5, 12.4 дэх хэсэгт өөрчлөлт оруулах саналаа татан авч, төслийн заалтыг хэвээр үлдээхээр танилцуулсныг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбогдуулан хуралдаан даргалагчийн гүйцээн боловсруулах чиглэл өгсөн тус төслийн 5.4 дэх хэсэгт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашигласан тохиолдолд тухайн хуулийн этгээдийн хувьцааны 50 хүртэл хувийг, 5.5 дахь заалтыг нь улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон бол 34 хүртэл хувийг төр үнэ төлбөргүйээр эзэмшихээр өөрчилсөн байна. Эдгээр саналын томъёоллууд гишүүдээс дэмжлэг хүлээсэн юм.
Б.Пүрэвдорж: Ажлын хэсэгт багтаасан бол хүний, өөрийнгүй арьсыг нь хуулах байсан
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ард иргэдээ шулж, шулж хармаа хотыг нь суйлж суйлж баяжчихаад асуудлыг хэлэлцэнэ гэдэг хариуцлагагүй үйлдэл. Гурилын олон үйлдвэр Ардчилсан намынх гэж яриад байгаа. Гэхдээ шийдвэр гаргадаг нь та бүхэн. Бараа бүтээгдэхүүн үнэтэй байвал түүнийг нь импортлох , татварыг нь бууруулах эрх өөрсдөд нь байхад үйлдвэрлэгч нар луу дайраад байгаа. Үйлдвэрлэгч нарт ч асуудал байна. Буудай тариалдаг тариаланчид нь урамшуулал авдаг, гурил үйлдвэрлэгч нар нь бага хүүтэй зээл авдаг. Ажлын хэсэгтээ намайг оруулахгүй байгаа. Оруулбал хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулаад өгнө. Ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж байна, зөөлдөх вий. Хэдэн жил үнэтэй гурил идүүлэнгүүтээ хоёр сар хямд гурил идүүлээд санал авна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Зарим нөхдийг үгсэн хуйвалдсан гээд шүүхэд өгөхөд 1,6 жилийн хугацаанд гацаасан. Танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Нэн тулгамдсан асуудлаар завсарлага авахгүй үргэжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибаль:
-Энэ жилээс улаан буудай экспортод гаргана гээд яриад байх юм. Тариаланчид буудайгаа үйлдвэрлэгч нарт үнэтэй заръя гэдгийг нь буруутгах аргагүй. Импортоор орж ирэх гурилын татварыг хугацаагүй болгонгуут үйлдвэрлэлээ багасгана.
Үндэсний гурилын үйлдвэрийн хивэг экспортод гаргаж байхад нь хорьчихсон. Импортоор орж ирж байгаа хивэгний татварыг бууруулчих гэтэл хүлээн аваагүй. Гурил үйлдвэрлэгч нартайгаа зөв харилцахгүй бол хохирогч нь тариаланчид болно. Ерөнхий сайд БНСУ-д оччихсон буудай аваач гээд явж байх юм. Амаараа яриад болно гэж байгаа бол бүтэхгүй, стандарт тавигддаг шүү. Монгол Улс өнгөрсөн хугацаанд буудай экспортолж байсан түүх байхгүй.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:
– Төр аливаа зохицуулалт хийх ёстой. Дөрөвхөн гурилын үйлдвэрийн асуудал яригдаж байгаа. Төрийн зохицуулалт алдаатай байгаагийн илрэл энэ. Гурилын 12 үйлдвэр байгаагаас дөрөв нь гол үйлдвэр. Төрийн мэдээлэлд үндэслэж, ажлын хэсэг ажилласан. Хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр УИХ -ын тогтоолыг давхар оруулж ирсэн. Гурилын үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа лабораторийг хөндлөнгийн болгох. Буудайг биржээр худалдаалдаг зохицуулалтыг оруулж ирж байна. Нийт буудайны 100 мянган тонныг нь улс худалдан авах. Намар буудайг нийлүүлдэг биш эльеваторт хадгалж байгаад өндөр үнээр зардаг байх боломжтой болгох. Тариаланчдаа дэмжсэн, гурилын үйлдвэрээ хаяхгүйхэн шиг боломж бололцоог хангасан тогтоолын төсөл дагаж орж ирнэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:
-Гурилын үнэ өндөр байгаа. Ард түмэн хямд гурил идэх эрхтэй. Орон нутгийн иргэдийн худалдан авч байгаа бүтээгдэхүүний 70 хувь нь гурилан бүтээгдэхүүн. Газар тариалангийн салбарыг Засгийн газар орхигдуулахгүй. Энэ салбарыг жинхэнэ утгаар нь бизнес болгож өгч байгаа. 400 мянган тонноос илүү үр тариа тарьдаггүй хязгаарлагдмал байсныг нээж өгч байгаа. Стратегийн нөөцдөө улс 100 мянга хүртэл тонн улаан буудай авна. Экспортыг нээнэ. БНХАУ жилдээ 12 сая тонн улаан буудайг 1 хувийн татвартайгаар авдаг. Дотоодынхоо хэрэгцээг хангасны үндсэн дээр илүүдэл буудайг экспортод гаргах. Гурилын үйлдвэр хараат байх нэг сөрөг тал нь өөрсдийн лабораториор чанарыг тогтоодгийг улсын лабораториор тогтоодог болох.
Улаан буудайгаа тариаланчид гурилын үйлдвэрийнхнийг гуйж зардаг биш биржээс гурилын үйлдвэр нь авдаг болох боломжийг бий болгоно. Монопольд ипэгдсэн салбарыг чөлөөлнө. Буудайг экспортолдог болсноор 500 орчим сая ам.долларыг олно.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
– Улаан буудайн экспортолсон түүх байхгүй. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихвий дээ. Тариалангийн салбарыг авч явдаг төсвийн бүсийн тариаланчидтай уулзлаа. Энэ асуудалд дургүй байна. Экспорт байхгүйг мэдэж байгаа. Гурилын үйлдвэрийг царай алдаж бууудайгаа зарна. Хаврын тариалалт эхлэхээс өмнө буудайн үнийг зарла гэж байна. Буудай бол стратегийн хүнс. Монголчуудын түлхүү хэрэглэдэг хоёр бүтээгдэхүүний нэг нь гурил. Мах, гурилтайгаа байхад эдийн засгийн ямар ч хүндрэлийг даваад гарна. Гурил хийх гэтэл будаагүй болчих вий гэдэг асуудал яриад байгаа юм.
Хоёрдугаартт , гурилын импортод хэмжээ хязгаар тавихгүй байгаа нь буруу. Салбарын яам нь импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудалд хэмжээ заая, хугацаа тавих ёстой гэж оруулж ирсэн. Тунга нь тааруулаад шийдэх ёстой.
Энэ жил онцгой сайхан жил. Газрын чийг хангалттай байна, гуурсанд тарьсан ч ургац авахаар байна гэж тариаланчид ярьж байна. Борлуулалтад санаа зовж байгаа тариаланчдын асуудлыг шийдэх ёстой.
Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага хүссэн ч 2 цагаар хязгаарлав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Малчдыг орлоготой болгоно гэхээс илүү сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараах. Үүндээ хүрэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас эхлээд бүх л хуулийг зөрчсөн төсөл. Бүх эрхийг Засгийн газарт өгөх нь. УИХ төсөв батлаад хэрэг байгаа юм уу. Гоё уриа лоозон тавиад бусад эрх зүй нурж байхыг үл тооно гэдэг чинь социалист арга. Хөдөө аж ахуйн салбар луу таван их наядын зээл цутгана гэдэг чинь тав дахин өртэй болно л гэсэн үг. Ийм учраас Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Гурав хоногийн завсарлага өгөх боломжгүй, хоёр цагийн завсарлага өгч байна” гэв.
Ингэснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Уг төслийг Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн юм.
Өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах хүрээнд малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулж, энэ хугацаанд хуримтлагдах хүүгийн төлбөрийн 75 хувийг улсын төсвөөс төлөх шийдвэрийг гарган хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаад явж байгаа юм. Мөн 2024 оны эхний хагас жилийн тооллогоор эцэслэгдэн гарах малын хорогдлын хэмжээнд үндэслэн малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнд зориулан улсын төсөвт 22 тэрбум төгрөг тусгажээ.
Мал аж ахуйн салбарыг цогцоор нь хөгжүүлэх Шинэ хоршоо хөдөлгөөний төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа бөгөөд уг төлөвлөгөөгөөр малчдын хоршоонд 3-5 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл олгодог байхаар тусгасан байна. Малчдын хоршоод хөрөнгө оруулалтын зээлээрээ мах, сүү, арьс шир зэрэг түүхий эдийнхээ анхан шатны боловсруулалтыг хийх, мал сүргээ эрүүлжүүлэх чадавх бий болгох бөгөөд ингэснээр өнөөдрийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 10.5 хувийг эзэлж байгаа тус салбарын үйлдвэрлэл 5-10 жилийн дотор ДНБ-ий 30 хувьд хүрнэ гэж Засгийн газар төлөвлөсөн байна. Түүнчлэн мал аж ахуйг хагас эрчимжсэн хэлбэрээр, бэлчээрийн даацад тохирсон, илүү ашиг шим сайтай салбар болгож хөгжүүлснээр малын тоо толгой тодорхой хэмжээнд буурч, ашиг шим, нэг малаас олох орлого нэмэгдэнэ гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар малчин сард 2.1 сая төгрөгийн зардал гаргаж, 1.5 сая төгрөгийн орлого олж, 600 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа аж. Малчдын хоршоодод анхан шатны үйлдвэрлэл, боловсруулалтын чадавх бий болгосноор малчны хотонд малын өөрийн өртгийн ердөө 20 хувь нь үлдэж байгааг 50 хувьд хүргэх боломжтой болох юм байна. Түүхий эдийн ченжийн систем малын өөрийн өртгийн 60 хувийг, худалдаа, борлуулалтын систем 20 хувийг шингээж, малчны хотноос нэг сая төгрөгөөр гарсан үхэр хэрэглэгчийн гар дээр таван сая төгрөгөөр ирж байгаагийн 50 хувийг хотонд нь, малчинд үлдээх зорилготой. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөтөлбөрт урт хугацаанд таван их наяд төгрөгийн санхүүжилт орож бөгөөд үр дүнд нь дундаж малчны сарын орлого таван сая төгрөг болно гэсэн тооцоог Засгийн газар хийсэн байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ