Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

Уучлалт гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа, Т.Доржханд аа !!!

ХҮН-ын гялгар залуус “хүн” болтол ч өдий байна даа. Хөгшчүүд хуучин “Эхлээд хүн бол” гэж загнадаг байлаа. Буруу зөрүү явсан нэгнээ “Хүнээ байж дээ” гэж харуусна. Тэгэхээр амьдралын үнэ цэн нь хүн болох юм. Гэтэл өөрсдийгөө боловсролтой гэж үздэгтээ ч тэр үү, бусдыг их дорд үздэг бололтой.

Саяхан нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын цалинг ирэх зургаадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлсэнтэй зэрэгцэн Хөдөлмөрийн үндэсний намаас улстөржилт хийж эхлэв. Эхлээд тус намын Нарийн бичгийн дарга Ц.Лут-Очир “Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастерийн зэрэг, докторын зэрэг хамгаалсан судлаач багшийн цалин 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо” хэмээн дургүйцэв.

Гэвч олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилсэн юм. ХҮН-ын нарийн бичгийн даргын логикоор бол их сургуулийн багш нараас илүү цалин авч байгаа хүмүүс тэднийг доромжилдог болж таарлаа. Уул уурхайд ажиллаж байгаа мянган мянган хүн жишээ нь тэднийг өдөр бүр доромжилдог байж таарах нь уу. Ер нь дэлхий даяар хүнд хүчир ажил хийж байгаа хүмүүсийн цалин угаас өндөр байдаг. Манайх шиг цас ордог орны ТҮК-ийн ажилчдын цалин асар өндөр байдаг аж. Тухайлбал, Швейцарь, Люксенбург, Британид зам талбайн үйлчлэгчийн цалин цагийн 18-40 евро байдаг юм байна.

Ийнхүү шүүмжлэл өрнөхтэй зэрэгцэн өнөө өглөө ХҮН-ын дарга Т.Доржханд цахим хуудастаа мэдэгдэл хийсэн байх юм. Тэрбээр “… Төрийн ажилтны цалин өсөхөд хувийн сектор цалингаа өсгөхгүй бол ажилтнуудаа төрд алдана. Бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана. Учир нь нарийн мэргэжил шаардахгүй, номын санд суух бүр ч шаардлагагүй” гэх зэргээр бичсэн байна. Нөгөө л дорд үзсэн өнгө аяс нэвт шувт цухалзана. Уг нь ХҮН-ын дарга Т.Доржханд таныг намд нь ялгаварлан үзэгч хүн байсанд уучлал гуйх болов уу гэж олон нийт хүлээж байлаа. Гэвч ялгаагүй нөхөр байсан аж. Тэгэхээр танд өгөх зөвлөгөө ч байна. Уучлал гуйж сурчихаад улс төрөөр оролдоно уу даа. Бас ахимаг хүний хувьд хэлэхэд “ХҮН-ынхан минь эхлээд хүн болмоор байна”.

Улс төрийн оноо хайх гэсэн бол та бүхний хэлдэгээр багш, эмч нарын цалингийн асуудлыг сөхөх байсан байх. Учир нь тэд олуулаа юм. Харин Улаанбаатар хотод 700 орчим зам талбайн үйлчлэгч бий. Тэдний нэг нь л гэхэд таван хүний хийх ажлыг хийдэг юм аа. Тийм ч болохоор үүрийн 4 цагт ажлаа эхэлсэн хүмүүс хариуцсан замынхаа талд нь ороогүй байхад бусад хүний ажил алба эхэлдэг. Өвлийн их цаснаар өдөр, шөнийг умартан ажилладаг. Тэнд ажиллагчдын эрүүл мэндийн асуудлыг ярих ч юм биш. Зам тээврийн осолд өртөх нь элбэг. Цалин нь 1.4 сая орчим байдаг. Гар дээрээ сая төгрөг авдаг. Тийм ч болохоор ажиллах хүчний хомсдол үүсчихсэн. Цалинг нь нэмэх замаар хүн татах шаардлага ч хариуцсан албан тушаалтнуудад нь байж таарна. Эцсийн эцэст энэ ариун цагаан хөдөлмөрийн баатарууд та нарт доромжлуулж, бидэн өрөвдүүлэх гэж яваад байгаа ч юм биш. Хайрцагнаасаа гараараа ХҮН-ынхан минь.

Б.Шархүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж