Н.Амаржин: Шударга ёс тогтооно гэдэг үг дотор арзайлгадаг

Хуучирсан мэдээ: 2024.04.19-нд нийтлэгдсэн

Н.Амаржин: Шударга ёс тогтооно гэдэг үг дотор арзайлгадаг

Н.Амаржин: Шударга ёс тогтооно гэдэг үг дотор арзайлгадаг

Ардчилсан намын гишүүн Н.Амаржинтай ярилцлаа.


-Сонгууль хаяанд ирлээ. Залуучууд энэ удаад нийгмээ өөрчилж чадах болов уу?

-Сүүлийн үеийн судалгаануудыг харлаа. 18-21 насныхан идэвхтэй оролцдог юм байна лээ. Анхны сонгууль гэдэг утгаараа тийм байдаг байх. Улстөрчид ч 18 настай хүүхэд ашиглан PR хийдэг. Зарим тохиолдолд шилжилт хөдөлгөөнөө хийж амжаагүй, оюутан гэх мэт шалтгаанаар сонгуулиа өгч чаддаггүй харагдсан. 22-25, 26-30 нас гээд нарийвчлаад харахаар идэвх сул байдаг. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид нар ахмадууд л намдаа саналаа өгөөд улс орон сүйрүүлчихлээ гэж ярьдаг. Яг тоог нь харахаар ахмадуудын хувь өндөр, залуучуудынх бага ч гэсэн залуучуудын тоо их. Монгол Улс залуу улс. Дундаж нас нь 28, 18.

Тэгэхээр залуучууд саналаа өгч байгаа ч 50 хувийг 80 хувь болговол бид өөрсдийн хүсч байгаа өөрчлөлтийг авчрах, хүсч байгаа нийгэмдээ амьдрах боломж бүрдэнэ.

Одоогийн хүн амын демографикийг харахаар 18-35 насныхан нийт сонгогчийн 50 хувийг эзэлж байна. 1989-2006 оныхон гэсэн үг. Хэдүүлээ сайхан идэвхтэй оролцоод хүсч байгаа төлөөллөө гаргахад хэн ч гомдлохгүйгээр хувь заяагаа удирдаж болно. Хэнд өгөх нь хамаагүй. Үндсэн хуульд зааснаар хоёр л үүрэг бий. Сонгуулиар идэвхтэй оролцож, саналаа өгөх. Нөгөөх нь дайн дажин. Сүүлийнх нь хэзээ ч болохгүй байх гэж найдаж байна.

Энэ жилийн сонгуулийн санал хураалт Баасан гаригт тохиож байгаа юм байна. Заавал Баасан гаригийг сонгосон нь эрх баригчдын санаатай сонголт байж болох уу. Залуусын оролцоог багасгах гэсэн заль ч юм уу?

-Би буруу санаагүй бол өмнөх сонгуулиуд Лхагва гаригт  болдог байсан. Гэхдээ сонгуулийн өдөр бол бүх нийтийн амралтын өдөр байдаг. Энэ жил Баасан гаригт болохоор залуус магадгүй өмнөх орой нь Тэрэлж яваад өгөхийг үгүйсгэхгүй. Миний бодлоор санал хураалтын байранд очоод онгоц буудсан ч болно. Мэдээж, сонголтоо өөрийнхөө бодлоор хийх ёстой. Энэ бол ардчилсан нийгэм. Хэн нэгнийг энийг сонго гэхгүй. Гол нь энэ өдөр монгол хүн болсны, ардчилсан нийгэмд амьдарсны бахархлын өдөр. Чиний саналаа өгөхгүй бол чиний өмнөөс хэн нэгэн сонголтыг чинь хийнэ. Тиймээс идэвхтэй оролц. Сонгуульдаа оролцож, саналаа өгөх нь "cool" юм гэдэг давалгааг хувьдаа эхлүүлмээр байна. Үнэхээр амьдрал амар тайван, тогтвортой байсан бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн бэ гэдгийг мэдэх ч шаардлагагүй улс, орнууд бий.

Гэтэл Монголд иргэдийн оролцох үнэхээр шаардлагатай, торгон мөч, ардчиллын хугарлын цэг ирээд байна.

Хоёрдугаарт, геополитикоо харвал Орос, Хятад, төв Ази, зүүн өмнөд Ази гэсэн бүс нутагт цэнхэрээрээ ардчилсан тогтолцоотой, тусгаар тогтнож байгаа айхтар ард түмэн бид байна. Ардчилал, чөлөөт сонголтын нийгэмд амьдарч байгаа эрх, ямбыг эдэлмээр байна. Хүн бүр ийм биш байгаа. Хятадын тэрбум гаруй хүн ингэж өөрсдийн лидер, төлөөллөө сонгодоггүй. Үүнээс илүү тансаглал гэж байна уу?

-Сонгуулиа яагаад өгөх ёстойг залуус сайн мэдэхгүй байна. Улс төр бүр сонирхохгүй байна, улстөрчдийг бараг танихгүй байна. Тэд нэгийгээ гүтгэсэн, хараасан, доромжилсон улс төрөөс хол байхыг хүсч байна…?

-Эсэргүү үзэлтэн шиг санагдаж магадгүй. Гэхдээ би өөдрөгөөр хардаг. "Энэ муу алиа салбадай", "Энэ юугаа мэддэг юм" сэтгэгдэл бичиж байгаа хүмүүсийн зөв. Энэ тэдний эрх. Гэхдээ, залуучууд бие биенийгээ харлуулах дургүй, харин цагаан хошигнож, жөүк хийж байгаа нь анзаарагддаг. Г.Занданшатар даргын хэлсэн үг, Л.Оюун-Эрдэнэ сайдын үйлдлийг шоглож, мими хийх нь цөөнгүй харагддаг.  Энэ бол харин ч улс төрд идэвхтэй оролцож байгаа гэсэн үг. Өөр улс, орныг харахад залуусын оролцоо манайхаас ч бага байдаг. Парламентын гишүүдээ мэддэггүй, таньдаггүй байх нь хэвийн зүйл.  Ер нь хүн  дунджаар 30-33 наснаасаа улс төрийг сонирхож эхэлдэг. Яг хоёр хүүхэдтэй болоод байрны лизинг төлөөд эхлэхээр миний амьдралыг улс төр шийддэг болохыг ойлгож эхэлдэг.  Харин ч би манай залуучууд, манай улс улс төрийн идэвхтэй.

АНУ-ыг бодвол илүү өндөр хувьтай  саналаа өгдөг юм байна лээ. "Улс төрд орлоо, хайран залуу" гэх сэтгэгдлийг би зөндөө сонссон. "Ийм гоё залуу нам, дарга дагаад явчихлаа" гэдэг. Намд ороод анзаарлаа. Үгүй юм байна. Чөлөөт эдийн засаг, эрх чөлөөг эрхэмлэж буй залуус намаа, даргаа дагуулдаг юм байна.

-Тэгэхээр залуус сонгуульд саналаа өгөхөөс гадна улс төрөө өөрчлөхөд гар бие оролцох ёстой гэж та хэлээд байна, мөн үү?

-Тийм, яагаад зөв залуус улс төрд орж шийдвэр гаргадаггүй байх ёстой гэж. Яагаад улс орноо тонодог, дээрэмддэг нь шийдвэр гаргах ёстой гэж. Финланд тэргүүтэй улсыг жишээг харахад ямар сайхан шинэлэг, инновацлаг шийдвэрүүдийг гаргаж байна вэ. Баялгийн сангийн хөрөнгөө "Google", "Facebook", "Apple"-ийн хувьцаанд хөрөнгө оруулжээ. 26 настай Гадаад хэргийн сайдтай байна. Ер нь парламентын ардчилсан тогтолцоо гэдэг бол хүн бүрийн  тэгш эрхийн тогтолцоо. Ахмад настай, залуу настай хүмүүсийн төлөөлөл байх ёстой. Тэгэхээр залуучуудын улс төрийн мэдлэгийг байнга сайжруулж, засч залруулах хэрэгтэй. Би бол ерөнхийдөө идэвхтэй оролцож байгаад нь талархдаг.

-Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана, 126 хүн сонгогдоно. Нэг хүн багадаа таван хүний нэр дугуйлна, намын нэр бас дугуйлна. Үүнийг залуучууд мэдэхгүй. Яагаад энэ чиглэлийн сурталчилгаа бага явагдаад байна вэ. Сонгогчдод боловсрол олгох нь улс төрийн намуудын үүрэг шүү дээ. Сонгогчдоо тэд бэлдэх ёстой биш үү? 

-Улс төрийн намууд гэхээсээ Сонгуулийн ерөнхий хорооны хийх ажил юм. Миний үүрэг мөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ дээр ингэж саналаа өгөөрэй, ингээрэй гээд чадахаараа сошиал сүлжээнд кампанит ажил хийж байгаа. Улс төрд идэвхтэй залуучууд, намууд, хэвлэлийн байгууллагууд чадахаараа мэдээлэл түгээж байгаа байх.

-Сонгуулийн тогтолцоог өөрчилж, УИХ-ын гишүүдийн тоог нэмснийг та бол дэмжиж байгаа юу?

-Дэмжилгүй яах вэ, хуучин 76 гишүүн 50+1 гэсэн ирц бүрдүүлээд 39 гишүүн саналаа хураагаад, үүний 20 нь дэмжээд хууль хүссэнээрээ баталдаг байсан. Уул уурхай эсвэл эмийн компанитай холбоотой хуулийг баталчихдаг байсан.

20 гэдэг бол нэг нам доторх фракцын, найз нөхдийн хэмжээний тоо. Нэг гишүүний эрх мэдэл өндөр байсан.

Хүмүүс эсрэгээрээ гишүүдийн тоог 30 болго гэж байсан. Ёстой тэгж болохгүй. Аль болох олуулаа шийдвэр гаргах ёстой. Тиймээс 126 болгосон. Яагаад жагсаалтаар орж ирж байна вэ гэхээр зарим улстөрчид бодлогын улс төр хийх хэрэгтэй байдаг юм. Заавал сонгосон сонгогчдодоо уяагдаад байхгүй гэх юм уу даа. 13 тойргоос 78 гишүүд ард түмнээсээ сонгогдоно. Яагаад 13 тойрог болсон бэ гэхээр бүс нутгийн том бодлогоор нь явъя гэсэн. Зөвхөн жалга довон дээрээ байна гэхээсээ илүүтэйгээр баруун бүсийг Ховд, Говь-Алтай, Завхан, Увс дөрвийг бүсээр нь хөгжүүлэх гэж. Ийм учир 126 болгосон.

"САНАЛ ӨГӨХ НАСНЫХ АТЛАА САНАЛАА ӨГӨӨГҮЙ БОЛ SHUT UP"

-Надад нэг ийм хардлага байдаг юм, эрх баригч МАН залуучуудын ирц, идэвхийг албаар зохион байгуулалттайгаар сул байлгахыг хүсдэг ч юм шиг. Тэдний эмээ, өвөө, ээж аавынх нь тэтгэвэр, цалинг нэмчихэд л болчихдог учраас.

-Би тантай санал нийлнэ. Залуучуудын идэвхийг сааруулах бодлого явагддаг байхыг бас үгүйсгэхгүй. Яагаад заавал Баасан гаригийн сонгосон бэ гэдэг нь хардлага дагуулах үндэс. Би ч гэсэн хардаж байна. Тэгэхээр дараа нь гоншигнохгүйн тулд саналаа бөөнөөрөө өгөх хэрэгтэй. Оюутан байхад манай улс төрийн ангийн профессор хэлж байсан юм. "Та санал өгөх насных атлаа саналаа өгөөгүй бол ‘Shut Up’ буюу дуугаа тат" гэж.

Нийгмийнхээ асуудлын төлөө үг хэлэх эрхгүй байна гэдэг асар том аюул, гуниглал, эмгэнэл. Энэ эмгэнэлд амьдрахгүйн төлөө, яг одоо аажим аажмаар алдагдаж буй ардчиллаа аврахын төлөө дахин дахин сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалмаар байна. Залуучууд хүссэн нийгмээ бүтээхийн тулд өөрсдөө оролцох хэрэгтэй боллоо. Бизнесүүдийг дарамталж, хөрөнгө хурааж коммунизм руу ухарч байна. Залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцохгүй бол ухрах аюул нүүрлээд байна.

-Залуус үнэндээ үгээ бусдаас айлгүй хэлж, ажлаа бусдын дарамтнаас ангид хийхийг, тийм төрийг хүсдэг? 

-Бид нар ардчилсан нийгмийн үед төрж өссөн хүмүүс. Чөлөөт эдийн засаг, эрх чөлөө, капитализм болгоныг дэмждэг, хүсдэг үнэ цэнтэй үе. Бид нар төрийн том даргаас айж мэдэхгүй шүү. Зүгээр чөлөөтэй хуушуур зараад, гутал тослоод, англи хэл заагаад, бизнес хийгээд өөрсдийнхөө хувь тавиланг өөрсдөө үүрье. Капиталист нийгэмд ингэж л амьдаръя. Энэ чинь л баруун төвийн үзэл шүү дээ.

Яагаад нийгмийн даатгалд 26 хувь, ХХОАТ-д 10 хувь, НӨАТ-д 10 хувь төлөөд хамаг юмаа төрд өгөөд байгаа юм бэ. Яагаад төр бид нарын амьдралыг шийдээд байгаа юм бэ. Төр өөрөө муу менежер. Бид нар өөрсдөө асуудлаа шийдээд, чөлөөт зах зээл дээр өрсөлдөөд, төр бидний амьдралд битгий оролц. Хүссэнээрээ хөдөлмөрлөж, хүссэнээрээ амьдрах боломжийг олгочих гэдэг нийгэм, төрийг хүсээд байна.

-Улс төрд харьцангуй үе солигдож байна. Улс төрийн намууд жагсаалтдаа ч, тойрогтоо ч илүү боловсролтой, олонд танигдсан залуу улстөрчдийг оруулж ирж байгаа нь шинэчлэлийн нэг хэлбэр байх. Та ч тэдний нэг төлөөлөл? 

-Сонгуулийн ерөнхий хороонд нэр өгсөн цагаас л хэн, хэн нэр дэвшсэн бэ гэдгийг харна даа. Дан инфлюэнсер тавиад нэмэргүй байх. Зөвхөн над дээр харахад хүмүүс комедиан, инфлюэнсер зэргээр ярих байх. Мэдээж, миний чөлөөт цагаараа хийдэг ажил гэдэг нь үнэн. Би хувьдаа ардчилсан үзлийг дэмждэг. 2012 он Колорадо мужийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухаанаар төгссөн. Би багш хийдэг. Боловсролын салбарт ажлаад 10 жил болж байна. Хувийн англи хэлний төвтэй. Өөр зөндөө бизнесүүд бий.

Миний хувьд улс орноо, залуучуудаа, цэвэр чөлөөт зах зээлийг эрхэмлэдэг, гэр хорооллын хашааг үнэд хүргэе, үнийг нь чөлөөлье л гэж боддог залуу.

Хүмүүс яаж харах нь, хэлэх нь тэр хүмүүсийн эрх. Намууд Монголд ч, хилийн чандад ч сургууль төгссөн, мэдлэг боловсрол эзэмшсэн, тухайн намынхаа үзэл баримтлалыг ойлгосон бүх үеийн төлөөллүүдийг оруулж ирээсэй л гэж бодож байна. Хаа сайгүй л залуучуудын саналыг яаж авах вэ, ямар контент хийх вэ, хэнийг дэвшүүлэх вэ гэдгийг харж л байна. Манай залуучууд үнэхээр их хүч, эрх мэдэлтэй байгаа шүү. Бидэнд, "Gen-Z", "Gen-Y"-д тэр хүч байгаа гэдгийг ойлгоорой. Манай залуучуудыг мөнгөөр худалдаж авч барахгүй. Чадах ч үгүй. Яг бөөнөөрөө түүхийнхээ нэг талд гарчаарай. Түүхийнхээ зөв талд нь нэг л удаа гарчих. Хүссэн, хүсээгүй гоё давалгаа үүсэх байх. Хулгай хийгээгүй хүн сонгоорой. Зөв үзэл баримтлалтай, таны үзэл баримтлалтай нийцдэг хүнийг сонгоорой гэж хүсэх байна.

-Та залуучуудын сонгууль болно гэдгийг тодотгож байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ч шинэ үе гэж их ярих болсон. Хэвлэл мэдээллүүдээр ч сонгуулийн прогноз гарч эхэллээ. Харахаар бид нарын ээж, аав, эмээ өвөөгийн үеийн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ аварга, Э.Бат-Үүл нарын цаг үе дуусчээ. Улс төрд шинэ залуу үе, шинэ давалгаа гарч ирж байна уу гэж харагдах юм. Одоо л яг нэг үеийн улстөрчид бүрэлдэх гээд байна уу?

-Би бас тийм өөдрөгөөр харж байгаа. Үүлэн чөлөөний нар ч юм шиг. 1996 онд нэг том давалгаа явсан. 2024 онд биш юмаа гэхэд 2028 онд нэг үе гарч ирэх байх. 2024 онд бид хүссэн хүсээгүй анхны 1990-ээд оны улстөрчтэй болох байх. Гэхдээ эрх мэдэлд гэхээсээ илүүтэйгээр шинэ соёл, шинэ салхийг оруулах, ширээн доогуур тохироо хийдэггүй, хоёрын хооронд өлсч үхэх гэж байгаа юм шиг төсвийн мөнгө хулгайлдаггүй үе гарч ирж байгаа гэж би найдаж байгаа. Гэхдээ нийгмийн өөрчлөлт үзэл баримтлал нэгдсэн хүмүүсээр л өөрчлөгдөнө. Дан ганц 1991 онд төрсөн гэдгээрээ нийлэхгүй. Ганцхан сонгуулиар өөрчлөлтийг харах өрөөсгөл байх. 2028, 2032 дээр илүү сайн жишиг тогтох болов уу.

Намайг зөвхөн залуу хүн гэдэг утгаар нь санал өгөх гэж байгаа бол утгагүй.

"Хэдүүлээ сайхан баруун төвийн үзэл баримтлалыг дэмжээд нийгмийн даатгалыг бууруулъя, старт-ап компаниудын НӨАТ-ын тэглье, ядаж багасгъя, хиймэл оюун ухаанаар тендерийн хулгайг зогсооё, үнийг чөлөөлөх ажлыг үе шаттай хийе, гэр хорооллын хашаа байшинг үнэд хүргэе гээд бөөнөөрөө гол нь шинэлэг, бодит бодлого ярьж, цөмөөрөө идэвхтэй оролцъё" гэж яримаар байна. Ганцхан Н.Амаржингийн асуудал биш. Бүтэн үе өөр болчихсон шүү гэдгийг ингэж л харуулъя. Нөгөө ах нар шиг "Эдийн засгаа солонгоруулна" гэх мэт яруу үг сонсохоор сэжгийн санагдаад байна. Яг үнэндээ "Шударга ёсыг тогтооё" гэж ярих гэхээр дотор арзайдаг болсон байна. Энэ үг чинь өөрөө улиг болчихлоо. Мэдээж тогтоомоор байна. Авилга, албан тушаалын хэрэгт орооцолдсон хүмүүсийг үнэхээр хатуу шийтгэмээр байна. Гэхдээ энийг хууль мэддэг хүн яриг.

"СОНГУУЛИА ӨГӨӨГҮЙ БАЙЖ ХАРИУЦЛАГА НЭХНЭ ГЭДЭГ НЬ ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙГААГИЙН ТӨЛӨӨ"

-Гэхдээ манай залуус сонгуульд саналаа өгдөггүй хэрнээ дараа нь миний амьдрал хэцүүдлээ гэж бухимддаг. Та түрүүнд хэлсэн, чи саналаа өгөхгүй бол бусад хүн чиний өмнөөс сонголтыг чинь хийх болно гэж. Энэ гашуун үг байна шүү? 

-Сонгуулиа өгөөгүй байж хариуцлага нэхнэ гэдэг нь өөрөө хариуцлагагүй байгаагийн төлөөс. Нөгөө талаасаа залуучуудаа хэдүүлээ өмнө нь сонгуулиа өгөөгүй, буруу шийдвэр гаргачихсан байж болно. Бүгдийг нь уучлъя. Найз нөхөдтэйгөө хөөрхөн маазраад ярь. Манайх цөөхөн хүн амтай улс. Жижигхэн биш шүү. Жижигхэн байх тусмаа иргэд нь идэвхтэй байдаг. Лихтенштейн маш жижиг, цөөхөн хүн амтай улс Австри, Швейцарийн дунд бий. Хэдэн мянган хүнтэй. Иргэн нь болъё гэвэл таван жил тэнд ажлаад эцэст нь бүх нийтийн санал асуулгаар ороод иргэн болох эсэхийг шийддэг. Түүн шиг бид нар цөөхүүлээ учир өөрсдийн итгэж байгаа хүндээ саналаа өгье. Санал өгчихсөн хүн дараа нь санаа амар хариуцлага нэхэж, шүүмжилж болдог. Тэгж л оролцъё.

-Таныг  одоо хэн гэж дуудах вэ. Комедиан Амаржин, Денвер Наггетсын улаан фэн. Одоо улстөрч, Ардчилсан намын гишүүн?  

-Би яг л төр засагтаа дээрэлхүүлж яваа 3.6 сая иргэний нэг. Би хүнээс илүү гараад овоож, озоосон юм байхгүй. Нэг ялгаа нь зурагтаар сагс ярьсан байх. Англи хэл сураад гадаадын их дээр сургуульд төгсөх тавилан олдсон байх. Их сургуулиа төгсөөд л эх орондоо ирж амьдарсан. Эх оронч гэж хэлэхээр хулхи эх орончид нь энэ үгийг муухай болгочихсон. Тэрнээс биш би эх орондоо үнэхээр хайртай. Төрдөө хайртай хүн биш шүү. Эх орондоо хайртай. Ногоон карт цуцалж байсан гэхээр албатай юм шиг болчих байх. Энэ миний л шийдвэр. Яг энэ улсыг сайхан болгоё, хүссэн нийгэмдээ сайхан амьдръя гэж бодож байгаа залуу хүн. Би Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн аав, бизнес эрхлэгч, сүүлд намын гишүүн. Надтай адил хэдэн зуун мянган залуучууд энэ улсдаа зүгээр л мөрөөрөө сайхан амьдармаар байгаа. Том зургаараа би гадаадад арав гаруй жил амьдарсан. Хүн эх орондоо дураараа дарвалздаг эрх чөлөө ямар гоё, тансаг гэдгийг би мэднэ гэж боддог. Гадаадад хүн аргадаж амьдардаг. Энэ сайхан нийгмийг хамтдаа бий болгоё л доо. Бүгдээрээ л жаргал, зовлонтой туулж байгаа. Н.Амаржингийн улс төрийн карьер яаж эргэх нь дараагийн асуудал.

Бид нар яг одоо энэ бүс нутгийнхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллаа алдах уу, эс алдах уу, орших уу, эс орших уу гэдэг торгон мөчид дээр ирээд байна.

Сонгуулийн циклиэ харахаар нэг намын дарангуйлал руу орно ч гэдэг юм уу. Би хэн нэгэн хүний нэр цохож буруутгамааргүй байна. Хэдүүлээ одоо ухаалаг хөдөлж, эмоцио багасгаж, рациональ сэтгэлгээгээр идэвхтэй оролцъё. Идэвхтэй оролцвол нэг удаагийн 200 мянга, нэг удаагийн 500 мянган төгрөг авахааргүй сайхан нийгмийг бий болгоно. Таныг гэнэт автоматаар гоё болгоё гэж байгаа юм биш. Танд байгаа хашаа байшин, ТҮЦ, мэдлэг боловсрол, ур чадварыг үнэлье. Тэгээд та хувь заяагаа өөрөө удирд.

-Миний хувьд таныг анх комедиан, NBA Talk-ийн зочин гэдгээр  чинь таньдаг, мэддэг байлаа. Гэтэл гэнэт Ардчилсан намын гишүүн, даргын зөвлөх гээд албаны яриатай, албаны хувцастай гараад ирсэн. Яагаад улс төрийг улс төрийг сонгов. Яагаад Ардчилсан намыг сонгов? 

-Нэгдүгээрт, би улс төрийн шинжлэх ухаанаар төгссөн. Бүр багаасаа улс төр сонирхдог байсан. 2008 оны Обамагийн сонгуулиар манайх Вайоминг мужид амьдардаг байсан. Вайомингийн их сургуулийн яриан дээр нь очоод гар хүртэл барьсан. Тэгж хөөрөөд улс төрийн шинжлэх ухаанаар сурна гээд шийдчихсэн хэрэг. Өөрөө улс төр, улстөрчдийн талаарх ном их уншдаг байлаа. Аавдаа "Аав Билл Клинтон Кеннидитэй 1963 онд гар барьж байсан юм байна. Би сая Обаматай 16 настайдаа гар барилаа" гээд хөөрөөд явж байлаа. Хаа байсан 13 насандаа 2004 оны УИХ-ын сонгуулийн хамгийн сүүлийн Д.Сугар, З.Энхболд хоёрын сонгуулийн дүн мэдээг интернет кафед хараад байж байлаа. Мэдээж тоо бодох дуртай, хичээл номонд сонирхолтой байсан. Тэгээд эх орондоо ирэх шийдвэрийг гаргаж, анх 2009 онд 18 настайдаа Ц.Элбэгдорж гэдэг хүнд Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгч байлаа. Дандаа Ардчилсан намтай холбоотой хүнд саналаа өгсөөр ирсэн. Зөв, бурууг нь мэдэхгүйгээр өгч ирсэн. Сүүлийн Ерөнхийлөгчийн сонгуулиар л Ардчилсан намаас нэр дэвшигчид өгөөгүй. Тухайн үед энэ л зөв юм байна гэж бодож ирсэн.

-Тэгвэл та анхнаасаа Ардчилсан намд "элэгтэй" байж дээ?

-Тийм, тэгээл 2023 онд их сургуулиа төгсөөд Ардчилсан намд элссэн. Би Ардчилсан намын үнэт зүйлийг дэмждэг. Таван зүйл байгаа. Бизнесийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, тусгаар тогтнол гээд. Маш олон жил сандал суудал булаалдсан, хөнжлөө жийлцсэн. Тамганы төлөө зодолдсон. Үүнийг хөндлөнгөөс хараад надад огиудас хүрэх үе байсан. Ямар ч байсан нэг болоод дотор нь орлоо. Хүн байгаа газар зөрчилдөөн, эв нэгдэл, зодоон ч байна. Гэхдээ тодорхой хэмжээнд нэгдсэн байдал нь таалагдсан. Би өөрөө бизнес, спорт, медиа, боловсрол, урлаг, хэвлэлийн салбарт идэвхтэй ажилдаг хүн учир сөрөг хүчинд залуучуудын бодлого хариуцсан зөвлөх хийвэл тохиромжтой юм байна гэж бодсон. Тухайн үед намын даргатай ярилцаад энэ дээр ингэж ажиллъя, идэвхийг нь нэмье гэж шийдсэн. Өөрөө бизнес хийдэг, татвар төлдөг, жагсаал цуглаанд их идэвхтэй оролцдог. Цэвэр комедиануудаас харвал манай Амараа надаас идэвхтэй оролцдог нь үнэн. Хүмүүс стэнд-ап комедийг яаж хардаг нь сонин. Энэ бол өөрөө асар том оюуны ажил. Хоёрдугаарт, эрх чөлөөний бэхэлгээний нэг.

Эрх чөлөөтэй газар л комеди байдаг. Оросын комедианууд "алдаг" байлаа. Путины дарангуйллаас хойш алга болчихсон.

Хятадад байхгүй. Хятадууд АНУ-д очиж алдаг. Хошин шог байгаа газар улс орон сүйрээд гэж ярьдаг. Би хошин шог, комеди хоёрыг адилхан, өөр гэдгийг уншигч, үзэгчдэд үлдээе. Шүүмжлэлт сэтгэлгээгээр сэтгээд инээдээр буулгана гэдэг бол одоог хүртэл миний хийж үзсэн хамгийн хэцүү ажил. Энэ бол өөрөө эрх чөлөө, ардчиллын маш том баталгаа. Энэ явсаар Ардчилсан намд ороод ирлээ.

-Таныг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэж сонссон. Энэ үнэн үү?

-(Толгой дохив).

"ЯАГААД ГЭР ХОРООЛЛЫН АЙЛУУД ХАМГИЙН АМЬЖИРГАА МУУТАЙ БАЙГАА ЮМ БЭ"

-Сонгинохайрхан дүүрэг хот дундаа хамгийн том, хамгийн их бэршээлтэй, асуудалтай тойрог. Дийлэнх нь гэр хороолол. Үеийн үед ув улаан сонголт хийж ирсэн. Тэд таныг хүлээж авах болов уу?

-Сонгинохайрхан дүүрэг өөрөө их том дүүрэг. Миний нэр дэвших эсэхийг намын үндэсний бодлогын хороо, Сонгинохайрхан дүүргийн намын хороо шийднэ. Би өөрөө очоод дураараа дэвших юм байхгүй. Би хувьдаа хүн зөвхөн танигдсанаараа сонгогддог байж болохгүй гэж боддог. Миний хувь үзэл баримтлал бол би өөрөө англи хэл заагаад олон жил болчихлоо. Гадаадын олон сургуульд монгол хүүхдүүдийг явууллаа. Боловсролын салбарт ийм өөрчлөлт хэрэг болдог гэдэгт чин итгэл үнэмшилтэй. Манай төв 800 мянган төгрөгийн төлбөртэй. Хүүхэд бүр тэр боловсролыг авч чадахгүй нь үнэн. Боловсролын ялгаа амьжиргаан дээр улам л тэлэх болно. Тийм хабыг, системийг яаж хувийн байгууллагатай хамтарч хийх вэ гэдэг олон жил бодож яваа итгэл үнэмшил бий. Сонгинохайрхан гэлтгүй 21 аймаг, есөн дүүрэгт хүүхдүүдийг эхний ээлжинд англи хэлтэй болгоё гэх итгэл үнэмшил байна.

Хүн болгон авч чадахгүй байна. Одоогийн хүүхдүүд хэлтэй устай болчихсон гэдэг. Үгүй шүү. Яг хэлтэй, устай нь мэдээлэл авах боломж хэд дахин тасраад байна. Таны асуусан асуултад хариулахад энэ дүүрэг бол үнэхээр надад супер тохирчихсон.

Хоёрдугаарт, би өөрөө  барууны үзэлтэн. Би хувийн өмч, хувийн нууц, эрх чөлөөг эрхэмлэдэг. Яагаад гэр хорооллын айлууд хамгийн амьжиргаа муутай байгаа юм бэ? Хэн нэгэн ирээд тайлбар хэлэх байх. Бид нар яагаад энэ сегментээ орхигдуулчихсан юм бэ? Нийслэл хотод амьдарна гэдэг гадаадын оронд бол үнэхээр үнэтэй. Гэтэл төр яагаад орж ирээд газрыг нь чөлөөлөөд нэг орон сууц байраад хоёр өрөө байр өгөөд байгаа юм бэ? Тэр газар үнэтэй ш дээ. Хашаандаа амьдармаар байвал амьдар. Яагаад тэр хашаа 40, 50 саяар үнэлэгдээд байгаа юм бэ? Зах зээлийн зарчмаар 700-800 сая хүрэх тогтолцоог бүрдүүлье.

-Та ингэхэд гэр хорооллынхны зовлон мэдэх үү?

-Хүмүүс их субъектив шүүмжилдэг. "Чи гэр хороололд амьдарч үзсэн юм уу?" гээд. Би бодлогын хэмжээнд үүнийг хийх эрмэлзэлтэй залуу. Би ганцаараа бодоогүй. Ардчилсан нам нийслэл удирдаж байхдаа хийх гэж хичээсэн л юм байна лээ. Сонгуульд ялж, ялагдах нь дараагийн асуудал. Ямар ч байсан итгэл үнэмшлийг бий болгох нь чухал.

Улстөрч хариулт хэлэхэд, Н.Амаржин ялагдаж болох ч Баянхошууны иргэд ялагдаж болохгүй ээ. Энэ итгэл үнэмшлийг өгөхгүй бол тэнд дарангуйлал үүсчихсэн байна. "Энэ намдаа л үйлчлэхгүй бол хэсгийн хороо хоолны талоноос хасна даа" гэх айдас байна. Бодсон санаснаа хэрэгжүүлмээр байна. Нэр дэвшихээр горилж яваа гэвэл зөв байх. Сонгуулийн хуулиа зөрчихгүй болгоомжтой ярих нь зөв байх.

-Сонгуульд аль улсын урлаг, соёлынхон нөлөөллийн ажил хийдэг. Харин манай урлаг соёлынхон илтэд тархи угаалтад оролцдог. Тэд үнэт зүйл, үзэл бодолд биш өнгө мөнгөнд үйлчилдэг нь худлаа биш шүү дээ. Нөгөө талаар иргэд хэн нэгнийг дэмжсэн инфлүүсерүүдийг худалдагдлаа гэж буруутгадаг. Жишээ нь, сагсан бөмбөгчин Т.Санчир, "Ондо"-гийн Анар хоёрыг Л.Оюун-Эрдэнийг дэмжинэ гэснийх төлөө тэднийг буруутгасан, шүүмжилсэн?

-Жишээ нь, манай Амараа улс төрд шинэчилсэн үзэлтэй. Амарааг энэ удаагийн сонгуульд нэр дэвшээснй гэж бодож байна. Байнгын эрх чөлөө, хүний эрх ярьж явсаар ирсэн. Хаа байсан "Миний гэр" шоунд 20 жилийн өмнө орохдоо ярьж байсан. Энэ үзэл баримтлалдаа  өнөөдрийг хүртэл бат зогсч байгаа. Ардчилсан намаас тэсэлгүй гараад нам байгуулсан. Яг баруун төвийн либерал үзэлтэй хүнийг Амараа дэмжихэд хэн ч гайхахгүй. Дуэйн Жонсон Байденыг өмнөх сонгуулиар дэмжээд сая дэмжихгүй гэдгээ хэлчихлээ. Гадаадын урлаг соёлынхон итгэл үнэмшлээрээ явж байгаа. Олны танилууд яагаад сонгуулиар гэнэт У.Хүрэлсүхийг дэмжээд нийгэмд нэлээд шүүмжлүүлсэн. Энэ өөрөө ерөөсөө наалдахгүй байна.

Хоёрдугаарт, манайх онцлогтой. Жижиг улс ардчиллаа дарангуйлалд алдах уу, эс алдах уу гэдэг торгон мөч дээр уг нь залуучууд нэгдээд нэг талдаа гардаг юм байна. Тайландын залуучууд нэгдээд нэг талдаа гараад сонгуульдаа ялчихсан ш дээ. Засаг барилцаж байгаа. Бүр хаант засаглалтай улсад шүү дээ. Зүүн өмнөд Азийн орнууд байна. Яг даалуу ар араасаа унаж байгаа юм шиг өөрчлөгдөж байна. Хонг Конг дээр Жошуа Вонг гээд 23 настай залуу байна. Хэн ч, ямар ч олны танил нь өөдөөс нь "Энэ засаглал зүгээр" гэж хэлсэнгүй. Яг амжилттай явсан хувьсгалууд. Би бүр хувьсгал гэж тодорхойлмоор байна. Манай залуучууд эдийн засгийн хувьсгалыг хүсч байгаа. Чөлөөт зах зээлийг чин сэтгэлээсээ хүсч байна. Хоёулаа ч хүссэнээрээ бензин оруулж ирмээр байгаа ш дээ.

Тэр хөгийн шаардлагууд чинь зөвхөн хэдэн олигархиудад л зориулагдаж байгаа. Хүн хордвол зах зээлийнхээ зарчмаар хасагдана. Зах зээлийн зарчмаар шийдэгддэг хувьсгалыг хүсч байна.

Тэр олны танилуудын талаар хэлэхэд гэнэт сонгуулиар гараад ирэхээр дагагчид нь уурлахгүй яах юм бэ? Сонгуулиар мөнгө аваад хэнийг ч дэмжсэн байсан, ойлгоё. Яг мөнгө гаргаад тавихаар "No" гэж хэлэх хэцүү байдаг юм. Надад ч тийм санал тавьж байсан. Гэхдээ хамгийн хор уршигтай мөнгөөр нь жагсаал, цуглаан хийх. Тэр залуус яг юуны төлөө дахиж жагсах юм бэ? Мөнгөөр жагсаал цуглаан хийсэн олны танил байвал би ёстой үзэн ядна. Зарим нь аваагүй л гэдэг юм. Талбай дээр мөнгөөр жагсана гэдэг бол манай ардчиллыг сүйрүүлэх зүйл.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл бий юу?

-Хоёулаа ч зөндөө ч зүйлийн талаар ярилаа. Эцэст нь хэлэхэд, хэн нэгнийг субъектив дайрах амархан. "Энэ алиа хошин бацаан", "Төлөвшөөгүй", "Хувийн амьдрал нь ийм, тийм" гэхээсээ илүү залуучуудаа үзэл баримтлал, хэрэгжүүлэх бодлогыг нь сайн хараарай. Бодлого буруу байна гэж шүүмжилвэл надад маш шударга санагдана. Бодлого, үзэл баримтлалыг минь шүүмжилвэл надад хүнд тусна. Бусад нь наалдахаа байсан.

Хэрэв ингэж эрүүлээр хоорондоо санал шүүмжлэл өгвөл залуучууд улс төр, намд орж ирнэ. Үгүй бол залуучууд орж ирэхгүй. Хэдүүлээ аливаа зүйл дээр эрүүл мэтгэлзэж суръя. Сонгуульдаа идэвхтэй оролцох гэж байгаа хүн бүр хэн нэгний талаар хэн нэгэнтэй санал, шүүмжлэл солилцох гэж байгаа бол бодит, рациональ, объектив байгаасай гэж хүсье.

-Ярилцсанд баярлалаа

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
135
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж