Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн долоо хоногт АНУ-д айлчилсан. Тэрбээр АНУ-ын Конгресст үг хэлэхдээ Хятадын цэргийн үйл ажиллагааг урьд өмнө хэзээ ч байгаагүй дэлхийн хамгийн том стратегийн сорилт гэж нэрлэжээ. Хятадаас гадна ОХУ-ын цэргийн ажиллагааг тэр гол аюул заналхийлэл гэж нэрлэсэн юм. Үүний зэрэгцээ АНУ-тай илүү гүн гүнзгий стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээ амлажээ.
Фүмио Кишидагийн мэдэгдэлтэй холбоотойгоор Хятадын Коммунист нам албан ёсоор мэдэгдэл хийсэн байна. Ингэхдээ Японыг "хоёр нүүртэй" гэж тодорхойлжээ.
Тодруулбал, Япон улс Хятадтай илүү тогтвортой харилцааг эрэлхийлэх атлаа өөрсдийг нь бүс нутгийн аюулгүй байдлын заналхийлэл гэж нэрлэсэн нь ийн хоёр нүүртэй гэж тодорхойлуулахад хүрсэн аж. Мөн Япон аливаа бодлогогүй үйлдэл хийвэл хариу арга хэмжээ авна гэж Хятад анхааруулжээ.
"Япон улс хоёр орны харилцааг дэмжинэ гэж мэдэгддэг хэдий ч Хятадыг сүрдүүлж, сөргөлдөөнийг өдөөх оролдлого хийж байна. Ямар ч итгэл үнэмшилгүй, хоёр нүүртэй байна. Хэрвээ Япон улс Хятадын талаар далд санаа бодол тээж, буруу төсөөлөлд автсан хэвээр байвал, мөн аливаа бодлогогүй үйлдэл хийвэл бид шаардлагатай хариу арга хэмжээг авах болно" гэж эрх баригч Коммунист намын албан ёсны хэвлэл "People’s Daily" Пүрэв гаригт мэдээлжээ.
Хятадыг бүс нутгийн аюул заналхийллээр нэрлэсэн энэхүү хэтрүүлсэн мэдэгдлээрээ япончууд цэргийн хүчээ зузаатгаж байгаагаа хаацайлна гэж Бээжин үзэж байна.
Кишидагийн айлчлалын үеэр хоёр улс Тайванийн асуудлыг хэлэлцсэн. Энэ нь ч мөн Хятадын дургүйцлийг төрүүлжээ. АНУ, Япон улсууд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлэгээр оролцож байна гэж "People’s Daily" мэдээлсэн юм.
Япон улс дэлхийн хоёрдугаар дайны үеийн дайсантайгаа харилцаагаа эерүүлэхээр янз бүрийн алхамууд хийсээр ирсэн. Гэвч сүүлийн үед болсон зарим хэрэг явдлаас шалтгаалаад хоёр улсын харилцах хурцдах хандлагатай болжээ. Тухайлбал, Япон улс атомын цахилгаан станцын хог хаягдал буюу цэвэршүүлсэн усыг далайд асгасан, Хятадад япон иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулсан зэргийг дурдаж болно. Дээрхээс гадна хоёр улс Зүүн Хятадын тэнгис дэх далайн эрх ашгийн асуудлаар, Өмнөд Хятадын тэнгис дэх Филиппиний маргаантай нутаг дэвсгэрийн нэхэмжлэл зэрэгтэй холбоотойгоор зөрчилтэй байгаа аж.
Гэхдээ эдийн засаг, худалдааны харилцааг бэхжүүлэх хүрээнд Японы бизнес эрхлэгчид энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчилсан. Энэ нь 2019 оноос хойш анхны айлчлал болсон юм. Японы компаниуд олон жилийн турш Хятадын үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд хөрөнгө оруулалт хийж, харилцаа холбоотой байсаар ирсэн. Үндсэндээ хоёр биеэсээ ихээхэн хамааралтай улсууд гэхэд болно.
Түүхийг эргэн сөхвөл, 2008 оны тавдугаар сард Хятад, Японы харилцаа оргил цэгтээ хүрч байжээ.
Тухайн үед, Хятадын дарга Ху Жинтао Японы ерөнхий сайд Ясүо Фүкүдатай уулзахаар Токиод ирсэн. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын удирдагчийн Японд хийсэн анхны албан ёсны айлчлал байжээ. Хэдий түүхэн өрсөлдөгчид ч гэлээ Ясүо Фүкүдагийн хувьд Хятадтай найрсаг харилцаа тогтоохыг үндэсний язгуур ашиг сонирхол гэж үзсэн юм. Учир нь энэ айлчлалаас жилийн өмнө Хятад улс Японы худалдааны гол түнш болж АНУ-ыг гүйцэж түрүүлсэн байсан.
Тэгвэл Японы 2023 оны гадаад худалдааны топ таван түншийг "World’s top exports" хуудсанд хэрхэн жагсаасныг харъя.
- АНУ: 144.8 тэрбум ам.доллар буюу Японы нийт экспортын 20.2 хувь
- Хятад: 126.2 тэрбум ам.доллар буюу Японы нийт экспортын 17.6 хувь
- Өмнөд Солонгос: 46.9 тэрбум ам.доллар буюу Японы нийт экспортын 6.5 хувь
- Тайвань: 42.9 тэрбум ам.доллар буюу Японы нийт экспортын зургаан хувь
- Хонгконг: 32.5 тэрбум ам.доллар буюу Японы нийт экспортын 4.5 хувь
Өнгөрсөн долоо хоногийн айлчлалын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, Фүмио Кишида нар пуужин хөөргөхөөс эхлээд саран дээр буух хүртэл олон төрлийн цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөө, төслүүдийг хэлэлцсэн байна. Хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ тэд Газын зурвас болон Израиль, Украин, Орос, Хойд Солонгос тэргүүтэй дэлхийн хурцадмал байдлын талаар санал солилцжээ. Ингэхдээ Энэтхэг-Номхон далайн бүс нутаг болон Хятадын үйл ажиллагааны талаар хоёр цаг орчим ярилцсан гэж "Reuters" хэвлэлд мэдээлсэн байв. Үүний дараа Жо Байден "Энэ бол манай эвсэл байгуулагдсанаас хойших хамгийн чухал шинэчлэл боллоо" гэжээ.
Эх сурвалж: REUTERS, FOREIGN AFFAIRS
Зочин 2024-04-19 178.237.222.77
Япон ч хүчирхэг сайхөн улс юун хятад !
Нэргүй 2024-04-19 185.220.101.105
ха ха ха, Япон ажилчин шоргоолж болхоос биш цэрэг арми талаар бол сураггүй шд. "Хааны эрэлд" хээрийн сургуулиар ирсэн Япон цэргүүд гэсэн чинь "ээ чааваас даа" гэмээр амьтад байсан, ха ха ха
Бодоо 2024-04-19 202.9.46.73
Янкууд хаана цөмийн бөмбөг хаялаа Тэнэг Самурай нар мартчих юмаа……..
Нэргүй 2024-04-19 122.201.31.241
Колони орон 2 байтугай нүүр гаргана. 😂😂😂
Нэргүй 2024-04-19 66.181.184.58
Хуучин приус уначихаадьтом шаанаа оркууд
Нэргүй 2024-04-19 202.131.245.243
Приус унахаар яадаг юм бэ? 😂😂😂