Японы баруун хэсэгт Лхагва гаригийн шөнө 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас цүнами үүсээгүй ба чичирхийлэл 23:14 цагийн орчимд мэдэгдэж эхэлсэн байна. Шикокү мужийн Эхимэ, Кочи орчимд газар хөдлөлт хамгийн хүчтэй байсан. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ нь Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалын зургадугаар үе байжээ. Мөн энэ нь 1996 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон.
Оршин суугчид Пүрэв гаригаас эхлэн газар хөдлөлтөөс үүссэн хог хаягдлыг цэвэрлэж эхэлжээ. Эхимэ дэх Уважима хотын худалдааны гудамжинд дээврийн хавтан, хана хэрэм нурсан байна. Мөн бусад газарт ус дамжуулах шугам хоолой, инженерийн шугам сүлжээний шон эвдэрсэн. Зарим зам харгуй эвдэрсэн байна. Унасан том чулуу, моднуудаас болж “JR” галт тэрэгний зарим үйлчилгээ түр зогссон. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй ба хөнгөн бэртэл гэмтэл авсан хүмүүс эмнэлэгийн тусламч авсан гэж эрх баригчид мэдэгджээ.
Тус бүс дэх атомын цахилгаан станцууд ч тогтвортой байгаа аж. Эхимэ дэх Иката цөмийн станц болон Кагошима мужийн Сэндай үйлдвэрт томоохон асуудал гараагүй. Цацрагийн түвшин хоёуланд нь тогтвортой байна гэж мэдээлсэн.
Энэ удаагийн газар хөдлөлт нь мега газар хөдлөлтийн талаарх санаа зовнилыг дахин төрүүлэв. Мэргэжилтнүүд ойрын 30 жилд хүчтэй газар хөдлөлт болно гэж таамаглаж байна.
Гэхдээ Лхагва гаригт болсон газар хөдлөлт мега газар хөдлөлттэй холбоогүй байж магадгүй гэж зарим шинжээч үзсэн. Токиогийн их сургуулийн Газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн профессор Сатакэ Кэнжи газар хөдлөлтийн шалтгааныгНанкай голын доод хэсгийн хагаралтай холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Мөн жилээс жилд усанд живж буй Филиппиний тэнгисийн хавтангаас болсон гэж бодож буйгаа нэмж дурджээ.
Ирэх долоо хоногт тус бүс нутагт дахин газар хөдлөлт болох төлөвтэй байгаа тул эрх баригчид болгоомжтой байхыг уриалж байна.
Эх сурвалж: NHK Japan
Холбоотой мэдээ