Ливаны хэт даврагч Хезболла бүлэглэл Лхагва гаригт Израилийн хойд хэсэгт хил дамнан нисгэгчгүй онгоц болон пуужингийн довтолгоо хийснээ хүлээн зөвшөөрөв. Үүний улмаас Израилийн 14 цэрэг шархадсаны зургаа нь хүнд шархадсан байна. Ираны бүс нутгийн хамгийн хүчирхэг төлөөлөгч Хезболлагийн уг дайралт Израильд хамгийн их хохирол учруулсан халдлагын нэг байв. Израиль болон Тегераны хооронд мөргөлдөөн үүснэ гэсэн таамаг нэмэгдсээр байгаа энэ үед Хезболла бүлэглэл Израильд халдлага үйлджээ.
Израилийн армийн дотоод санамж бичигт Хезболла бүлэглэл дрон илгээхээсээ өмнө Израилийн Бедуинтай хиллэдэг Араб аль-Арамше тосгон руу танк эсэргүүцэх хоёр пуужин харвасан гэв.
Израилийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч санамж бичгийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Хезболла бүлэглэл цэргүүдийн байршлыг тодорхойлж, тэднийг онилох чадвартай байгаад Израилийн арми санаа зовж байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Израилийн арми дөрөвдүгээр сарын 16-ны Мягмар гаригт Хезболла бүлгийн хоёр коммандлагчыг хөнөөсөн. Үүнд зэвсэгт бүлэг дургүйцэн, хариу арга хэмжээ авч тосгон руу дайрсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэдний онилсон бай нь Израилийн тагнуулын анги байсан ба зургаан цэрэг хүнд, хоёр нь дунд зэрэг, зургаа нь хөнгөн шарх авсан гэж мэдэгдсэн. Мөн Ливаны өмнөд хэсэгт Израиль довтолсныг буруутгаж, Лхагва гаригт дрон илгээсэн гэж Хезболла мэдэгдсэн байна.
Сирийн хил дээр оршдог Хезболла бүлэглэлийн дэмжлэгтэй Бекаа хөндийд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Израиль довтолж, Ливанд цохилт өгсөн юм. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хезболла бүлэглэлд хүнд цохилт өгсөн гэж мэдэгдэж байжээ. Мөн Хезболлагийн эргийн хэсгийн командлагч Исмаил Юсуф Баз болон элит Радван хэсгийн командлагч Мухаммед Хусейн Мустафа Шечори нарыг устгасан гэж мэдэгдэв. Үүний хариуд Хезболла довтолж, 14 цэргийг шархдуулсан байна.
Эх сурвалж: The New York Times
Холбоотой мэдээ