Монгол хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, Төрийн тэргүүнээ бүх ард түмнээс сонгодог, тэр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг гэвэл У.Хүрэлсүх Монголын улс төрийн нэгдүгээр хүн мөн.
ҮХНӨ-өөр танхимаа чөлөөлөх, томилох бүрэн эрхтэй Гүйцэтгэх засаглалын тамгыг нэг гартаа, нөгөө гартаа үнэмлэхүй засаглаж буй МАН-ын тамгыг атгасны хувьд Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төрд Ерөнхийлөгчөөс дутахгүй эрх мэдэлтэй. Иймээс хашиж байгаа албан тушаалаар нь тэднийг улс төрийн хүрээнд номер нэг ба номер гурав гэж дууддаг. Тэд өнөөдөртөө нэг нь нутгийн ах, нөгөө нь нутгийн дүү хэвээр харагдавч, хөшигний арын мэдээллээс дүгнэвэл дайсан мэт дүү, дайсан мэт ах болох нь цаг хугацааны асуудал болжээ. Энэ нь У.Хүрэлсүх эсвэл Л.Оюун-Эрдэнэ гэх хоёр хүндээ байгаа юм биш. Улс төрийн тогтолцоондоо, институци хоорондох эрх мэдлийн төлөөх зөрчилдөөн нь ийм байдалд хүссэн ч эс хүссэн ч тэднийг оруулна, шахна. Тиймээс хэн нь доголон нугас болох нь зургадугаар сарын 28-ны санал хураалтаас шалтгаалах юм.
Нэг.
2019 оны ҮХНӨ-ийн дагуу зургаан жилийн хугацаатай сонгогдсон анхны Ерөнхийлөгч нь У.Хүрэлсүх. Тэрбээр Үндсэн хуульд зааснаар улиран сонгогдох боломжгүй, мөн дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын адил цаашид хязгаарлагдана.
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай гурван нам оролцсон агаад эрх баригч намаас У.Хүрэлсүх, сөрөг хүчний намаас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электрот”-оос Д.Энхбат нар өрсөлдсөн. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ хамгийн муу дэмжлэгтэй оролцсон нь, С.Эрдэнэ ердөө 5.99 хувийн санал авсан нь сөрөг хүчин хоёр хуваагдсантай холбоотой.
Тэгвэл МАН Ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу ялалт байгуулсанд У.Хүрэлсүх гэж хувь хүний характер, харизм нь мэдээж нөлөөлсөн. Мөн сөрөн хүчин нэр дэвшигчийнхээ эсрэг ажилласан нь түүнд нэмэх оноо цуглуулах нэг шалтгаан нь ч болсон. Ийнхүү нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн У.Хүрэлсүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хугацааныхаа яг тал дунд орж байна. Улс төрийн нөлөөлөл, биологийн насны хувьд У.Хүрэлсүх огцом мэдэгдэл хийж, хуурай дүүдээ засгийн тамгыг шилжүүлж өгөөд огцорчихдог шигээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусгаад Төрийн ордноос тийм амархан явчихгүй биз. Товчхондоо, МАН У.Хүрэлсүхийг явуулсан ч, МАН-аас У.Хүрэлсүх мөддөө явахгүй нь, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуустал тэрбээр цагаан байранд улс төрөө хийсээр байх нь ойлгомжтой. Тиймээс энэ удаагийн парламентад тэрбээр намынхаа нэр дэвшигчдийн 40 хувийг авахаар “шахаж” буй нь МАН доторх дэмий яриа биш юм. Түүн шиг унаж босч, ухарч урагшилж чаддаг Михайлд нэг байтугай бодол бий нь лав.
Хэрэвзээ МАН парламентын ес дэх удаагийн сонгуульд ялалт байгуулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ашиггүй. Л.Оюун-Эрдэнэ түүний “утсан хүүхэлдэй” байхаа больж, улс төрд нөлөө бүхий “бие даасан” кандитат болно. Энэ тохиолдолд У.Хүрэлсүхийн доголон нугасны зовлон эхэлнэ. Бүрэн эрхийн хугацаа нь шувтарч буй эсвэл залгамжлагч нь хэдийнэ тодорсон лидерийг улс төрд ингэж нэрийддэг. Улсын нэгдүгээр хүн байх бүрэн эрх нь шувтрах хугацаа руугаа уруудаж байгааг нь тооцвол У.Хүрэлсүх нутгийн дүү дээрээ бооцоо тавих нь юу л бол.
Хоёр.
Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын даргын хувиар анх удаа намаа удирдаж сонгуульд орно. Тиймээс энэ удаагийн сонгууль түүний хувьд хамгийн хариуцлагатай, хамгийн хатуу сонгууль байх юм. Хэрэвзээ Л.Оюун-Эрдэнэ ялалт байгуулбал намаараа бялуу хүртэнэ. Ялагдвал хар толгойгоороо хариуцлага хүлээнэ. Тэр тохиолдолд өнөөдөр түүнийг улдан долоож буй нөхөд маргааш хамгийн түрүүнд түүнээс урван тэрсэлнэ. “Тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантаа үгүйсгэнэ” гэж Есүс Петр хэлсэн талаар Библид бичигдсэн. Библиэс авах юм их бий, хаях юм их бий.
М.Энхболдын өрөөний үүдийг өдөржин шөнөжин сахиж суудаг байсан хүмүүс түүнийг уруудахад нь хамгийн түрүүнд нүүр бууруулсан нь МАН-ын нэг түүх болж үлдсэн. Түүх давтагдахгүй гэх газаргүй.
Сонгуулийн жилд Ерөнхий сайд болгон “доголон нугас” болж хувирдаг нь бичигдээгүй хууль. Л.Оюун-Эрдэнийг хэн ч эсэргүүцэхгүй боловч бас хэн ч дэмжихгүй хаос харилцаа хэдийнэ үүссэн байж мэднэ. Л.Оюун-Эрдэнэ Монголын улс төрд У.Хүрэлсүхийн үлдээсэн замналаар алхаж яваа ч ах нь ахин түүнд аз бөгөөд боломж олгоно гэж хэлэхэд хэцүү. Улс төр хатуу, өгсөх цэг байхад уруудах цаг ирдгийг хэн, хэн нь сайн мэдэхтэйгээ байх. Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудал амархан олдсон шиг Ерөнхий сайдаа батлах боломж нь амаргүй байх болно.
Тиймээс улс төрийн бооцооны нэг хөзөр болсон Л.Оюун-Эрдэнийн цаашдын карьер их олон зүйлээс шалтгаалж таарна. Түүнд зөвлөхөд, дайсныхаа үгийг буруу хараад ч болтугай сонс гэдэг нь зүгээр нэг үг биш нь мэдээж. Тэр тусмаа "уурласан болгон дайсан биш, инээсэн болгон нөхөр биш"-ийг улс төр хол явах хүн хардаг, мэдэрдэг, мэддэг байх ёстой. Товчхондоо, бусдын шүүмжлэлээс хэр их холуур "вакумжина", тэр хэрээр унах цэг рүүгээ ойртоно гэсэн үг.
Анд нөхдийнхөө авлига, хулгайтай хийсэн тэмцэл нь Л.Оюун-Эрдэнийг Ардын нам дотроо олон өстөн дайсантай болгосон. Түүний ирээдүйн эрх мэдэл, улс төрийн карьерт нь цэг тавих сонирхолтой өрсөлдөгч нар Ардчилсан намд байхгүй, Ардын нам дотор бий. Хоёрт, Л.Оюун-Эрдэнэ экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэр их дотносно, тэр хэрээр нам дахь замнал нь богиносоно. МАН-д Х.Баттулгатай ясны дайснууд цөөнгүй. Ч.Хүрэлбаатар, Сү.Батболд, Ц.Нямдорж нараас эхлээд тоологдоно. Хүн хэлэхээс наашгүй гэдэг.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэггүйгээр тэрбээр хол явахгүй. Экс Ерөнхийлөгч биш бүрэн эрхийн хугацаа нь хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн дэмжлэг дор л хүссэн суудалдаа хүрнэ. Учир нь, У.Хүрэлсүх өнөөдөртөө Монголын номер нэг, МАН-ын албан бус дарга хэвээрээ байгаа.
Гэвч сонгуульд ялахаас илүү засаглах нь хэцүү. Тэр тусмаа найман жил дотроо байлдсан МАН энэ удаагийн сонгуульд Л.Оюун-Эрдэнэ ялагдсан ч, эс ялагдсан ч тамга атгахын төлөө хөнжил дотроо хөлөө жийлцэнэ.
У.Хүрэлсүх түүнээс нүүр буруулах үгүйг зөвхөн мөнхийн эрх ашиг шийднэ. У.Хүрэлсүх ч, Л.Оюун-Эрдэнэ ч үүнийг маш сайн мэдэж байгаа!
Холбоотой мэдээ