"Төв, Сэлэнгэ, Дархан-Уул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв болно"

2024-site 10

"Төв, Сэлэнгэ, Дархан-Уул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв болно"

"Төв, Сэлэнгэ, Дархан-Уул хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв болно"

2020-2024 оны парламентын отгон чуулганаар хэлэлцэж буй мал аж ахуйн салбарын хуулиуд болоод өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудынх нь талаар УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамтай ярилцлаа.


Отгон чуулганы туршид мал аж ахуйн салбарын асуудал хэлэлцэх юм байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-УИХ-ын нэгдсэн чуулганаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Энэ хуулийг УИХ-ын гишүүн Т.Батжаргал болон бусад гишүүдийн хамтаар миний бие өргөн барьсан. Хуулийн төсөлд зэргэлдээ нутагладаг буюу нэг нутаг усны, бэлчээрээ хамтран ашигладаг малчид маань сайн дурын үндсэн дээр нийтлэг эрх ашгийнхаа төлөө нэгдэн хамтын санаачилгаараа хоршоо, холбоо байгуулахаар заасан. Анхдагч холбоо нь гишүүдийнхээ мэдлэг, боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн тусламж, төрийн үйлчилгээг хүргэх, малын эрүүл мэнд, үржил, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээр, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг бэлтгэх, борлуулах ажлыг зохион байгуулах юм. Малчдын маань хувьд чухал хууль л даа. Тус хуультай хамтатган Газрын тухай зэрэг бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт орох ёстой.

Газрын тухай хуульд малчин өрх болгонд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.5 га газар хагалж, тэжээл тариалах эрх олгох хуулийн төслийг нэр бүхий гишүүдийн хамтаар 2023 онд өргөн барьж байсан.

Энэ хууль чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орж амжаагүй ч “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хууль”-тай багцлаад хэлэлцэх боломжтой. Мөн малчин, тариаланч, төрийн албан хаагч гээд Монгол Улсын иргэн бүрд хамааралтай “Баялгийн сангийн тухай хуулийн төсөл”-ийг хаврын чуулганаар хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Оюу Толгой, Асгат, Багануур, Төмөртэй, Шивээ-Овоо зэрэг стратегийн долоон ордоос Монголын ард түмэн ногдол ашиг хүртдэг болно.

Хуулийн төслийг бусад гишүүдийн хувьд хэр дэмжиж байгаа вэ?

-Энэ өвөл тун хүнд боллоо. Тиймээс ялангуяа хөдөө орон нутгаас сонгогдсон гишүүд маань цас зудын нөхцөл байдлыг сайн ойлгож байгаа учраас хуулийг ихэнх нь дэмжсэн. Хуулийн төсөлд “Малчин өрхийн холбоо”-нд тухайн сум нь 15 хүртэлх жилийн хугацаатай гэрээгээр газар ашиглуулахаар заасан. Холбооны зүгээс гэрээт бэлчээрийн газартаа тэжээл тарих эрх үүсэж, бэлчээрийг зохистой ашиглах, даацыг хэтрүүлэхгүй байх, байгаль орчноо хамгаалах гэх мэт үүрэг хүлээнэ. Мал маллана гэдэг асар их хөдөлмөр байдаг. Тиймээс хуулиараа хөдөлмөрөө хорших загварыг оруулж өгсөн. Ингэснээр малчид маань дэм, дэмдээ урагшилж, амьдрал ахуй нь ч сайжирна гэж харж байгаа. Ер нь хоршоо гэдэг нь байгууллага, компанийн нэг хэлбэр шүү дээ. Малчдыг аж ахуйн зохион байгуулалтад оруулж, кластераар хөгжүүлэх юм.

Ингэснээр өрхийн үйлдвэрлэлүүд бий болж, эдийн засгийн эргэлтэд орох бүрэн боломжтой. Өнөөдөр сайн ажиллаж байгаа хоршоод олон бий. Ихэнх хоршоо нь малынхаа түүхий эд, сүү цагаан идээг нэгтгэн борлуулж, сүү, ноос, арьс ширний урамшуулал авах ажлыг ченжийн дамжлагагүйгээр зохион байгуулж байна.

Хоршооны энэ аргыг нарийвчилж өдөр тутмын ажлаа хоршиж хийдэг хэлбэрт шилжихийг хуулиар зохицуулж байгаа. Хамтын хөдөлмөрт шилжиж, зохион байгуулалтад орсноор хүн хүчний дутагдлаа нөхөж, мал аж ахуйгаас хүртэх ашгаа нэмэгдүүлж, шинэ технологи нэвтрүүлж, малынхаа үүлдэр угсааг сайжруулах юм. Монголчууд эртнээс “Олны хүч оломгүй далай” гэлцэж ирсэн шүү дээ.

-Мал аж ахуйн салбарын хууль хэлэлцэж байгаа юм чинь бэлчээр, газрын асуудал багтсан байгаа юу?

-Малчин өрхийн хоршоо нь ноос угаах болон арьс, шир хагас боловсруулах үйлдвэр байгуулах, сүүний хөргүүр барих гэх мэт өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн жижиг үйлдвэрлэл байгуулаад явах боломжтой. Мэдээж үүнийг хийхэд санхүүжилт хэрэгтэй. Зээлийн батлан даалтын сангаас малчны зээлийг 80-100 хувь батлан даах хууль, эрхзүйн орчныг бүрдүүлж, зээлийн батлан даалтын сангийн шалгуур хангасан малчин өрхөд 30-50 сая хүртэлх зээл олгохыг төрөөс дэмжинэ.

Харин зээлийн барьцаа байхгүй малчдад зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даалт хийлгээд 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч болох боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Мөн даатгалын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгаа. Одоо ч малчид банкнаас зээл авахын тулд малаа даатгуулдаг. Гэтэл малын хоргодол 10 хувиас дээш биш бол даатгал хариуцахгүй гэдэг тогтсон жишгийг бид өөрчлөн шинэчлэх болно.

Таныг хамгийн олон хууль санаачлалцсан гишүүдийн нэг гэдэг юм билээ. Энэ талаар ярьвал?

-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг нь хууль санаачлах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих байдаг. Энэ үүргийнхээ хүрээнд би дөрвөн жилийн хугацаанд 22 хууль санаачлан өргөн барьж, санаачилсан хуулиудаас 17 нь батлагдсан, тав нь хэлэлцэх шатандаа явж байна. Мөн 43 хуулийн ажлын хэсэгт ахлагчаар болон гишүүнээр ажиллалаа. Хуулийн төслүүдэд ажилласан байдлаараа анх удаа сонгогдсон, “дан дээл”-тэй гишүүний хувьд нэлээн дээгүүрт тоологдох хэмжээнд ажилласан байна. Хуулиудаасаа онцолбол, анх гишүүн болохдоо амласан, бүтэн гурван жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, хэлэлцүүлэг хийж, боловсруулж, батлуулсан “Боловсролын багц хууль” байна. Тус хуульд миний хүсэж байсан өөрчлөлтүүдээс 90 хувь нь орсон. Бүх зүйлийг нэг дор өөрчлөхөд хэцүү л дээ. Гэхдээ багш нарын маань цалин нэмэгдэж, улиралд боодол цаас, хайрцаг шохойтой ажилладаг байсан бол одоо хангалттай хичээл практикийн зардалтай болж, цахим сургалтад захиалгаа өгөөд хамрагддаг болсон. Яамнаас сургалтын хөтөлбөрөө шинэчилж байна. Сургалтын хөтөлбөр бол дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэдийг бэлтгэх жинхэнэ сургалтын технологи юм.

Сургалтын хөтөлбөр сайн гарч байж Боловсролын хууль бодитоор хэрэгжинэ. Нэгэнтээ боловсролын салбар ярьсных Сэлэнгэ аймгийнхаа бүх сургуульд дунд ангиас их сургуулийн хэмжээний сургалт, судалгааны ажил хийх боломжтой хэрэглэгдэхүүнүүдтэй хими, физик, биологийн лаборатори, технологийн кабинетуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулсан.

Кабинетууд сайн байж бид зохион бүтээгчдийг төрүүлж чадна. Лабораторийнхоо хэрэглээг дэмжих үүднээс аймагтаа “Super science” шинжлэх ухааны бүтээлийн уралдаан зохион байгуулсан юм. Нэгдүгээр байрын бүтээл ааруул хатаагч төхөөрөмж байсан. Бороо орохоор мэдэрч ааруул хатаагч хаагддаг, чийгшлээ хэмждэг, утсаараа удирдах боломжтой аппликэйшн. Энэ мэдээж лаборатори байгуулж өгсний үр дүн. Хүүхдүүд хичээлдээ дуртай болж, багш нар маань ч хичээлээ урамтай заадаг болсон. Яг энэ жишгээр улс орон даяар бүх сургуульд орчин үеийн лаборатори, мэргэжлийн кабинет байгуулах хэрэгтэй. Түүнээс гадна багш нарынхаа төлөөллийг Японы Нагоя их сургуулийн Нобелийн шагналтнуудын хөтөлбөрт хамруулсан. Би тус сургуульд доктор хамгаалсан юм л даа.

-ИРЭХ ОНД МОНГОЛЫН 330 СУМЫН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙР НҮХЭН ЖОРЛОНГҮЙ БОЛНО-

Та эмэгтэй гишүүдийнхээ хамтаар сургуулиудын нүхэн жорлонг ашиглуулахгүй, сольж байгаа гэсэн?

-Боловсролын салбарт тулгамдсан гол асуудлуудын нэг бол нүхэн жорлон. УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамтаар нүхэн жорлонг халахаар шийдэж ирэх 2025 он гэхэд Монгол Улсын 330 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байрны бүх нүхэн жорлон байхгүй болно. Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг, дотуур байрны нийт 850 нүхэн жорлон байсан.

Нүхэн жорлонд бие зассанаас болоод жил бүр хэдэн арван мянган хүүхэд гепатит вирус тусч, дөнгөж аав, ээж болонгуутаа залуугаараа нас барж байлаа. Гэдэсний суулгац өвчнөөр хэдэн зуун хүүхэд нас бардаг. Ханиад томуу тусах, халтирч унаад ясаа хугалах бол наад захын асуудал.

Зургаахан настай хүүхэд сумын төвийн дотуур байрнаасаа гараад нүхэн жорлонд бие засахаас айдаг. Яагаад гэвэл тэнд хүчирхийлэл явагддаг. Тиймээс бие засахгүйн тулд шингэн зүйл уухаа больдог. Шингэн дутагдсанаас хүүхдийн өсөлт бойжилт мууддаг. Энэ бүх сөрөг үр нөлөөг арилгах үүднээс нүхэн жорлонг халахад шаардлагатай 160 тэрбум төгрөгийг УИХ-ын эмэгтэй гишүүдийнхээ хамтаар, “Эрдэнэт” үйлдвэрийн дэмжлэгтэйгээр шийдэж чадсан. Цэцэрлэгийн хүүхдүүдийг өвлийн идэр есийн хүйтэнд нүхэн жорлонд бие засдаг байсныг өөрчилж чадсандаа баяртай байгаа.

-Нүхэн жорлонг халсан нь УИХ-д эмэгтэй гишүүд сонгогдохын давуу тал, нийгмийн эмзэг асуудалд илүү мэдрэмжтэй ханддагийн тод жишээг харуулсан болов уу. Та нийгэмд чиглэсэн өөр ямар асуудлууд дээр ажилласан бэ?

-Багшийн ширээнээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд боловсролын тогтолцоог сайжруулах нэгдүгээр зорилготой ажилласан. Дараагийн асуудал тэтгэвэр байсан. Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж, анх удаа тэтгэвэр өвлөгддөг болсон. Хэн нэгэн улстөрч гарч ирээд тэтгэврийг нэмнэ гэж хэлэх биш, жил болгон инфляцитай уялдаж нэмэгддэг боллоо. Энэ дөрөвдүгээр сарын 1-нээс ахмадууд маань тэтгэврийн нэмэгдлээ авч эхэллээ.

Мөн малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төрөөс хариуцаж байгаа. Энэ асуудалд шүүмжлэлтэй хандах хүмүүс бий. Малчид нийгмийн даатгал төлөхгүй явсаар халамжийн тэтгэвэр авдаг. Халамжийн тэтгэвэр авснаас малчнаараа 50 хувийг нь төлүүлж байгаад жинхэнэ тэтгэвэр өгөх зардал нь төсөвт харьцангуй бага дарамт учруулах юм.

Тэгэхээр малчид маань нийгмийн даатгалынхаа 50 хувийг төлөөд байх нь зөв. Ингэснээр халамжийн бус, жинхэнэ тэтгэвэр тогтоолгох боломжтой болно. Нийгмийн томоохон салбар бол эрүүл мэнд. Тэр утгаараа аймгийнхаа эрүүл мэндийн төв болон Мандал сумын эрүүл мэндийн төвийг компьютер томографийн аппараттай болгож өгсөн. Анх удаа суманд томографийн аппарттай эмнэлэг болж байлаа. Ингэснээр ард иргэд маань цаг хугацаа, хөрөнгө мөнгөө үрээд хотод ирж үзүүлэх шаардлагагүй болсон. Аймаг, зарим сумдынхаа эрүүл мэндийн төвүүдийн түргэний машины асуудлыг шийдэж өгсөн. Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдээ хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаар хангаж, компьютержүүлсэн гээд дурдаад байвал эрүүл мэндийн салбарт олон ажил хийсэн байна.

-Иргэдэд 1072 хувьцааны ноогдол ашиг олгох тал дээр нэлээд хүчин чармайлттай ажилласан гэж байсан?

-Эдийн засагчийнхаа хувиар эдийн засгийн байнгын хороонд ажиллаж, 1072 хувьцааны асуудалд байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Иргэд хувьцааныхаа ноогдол ашгийг авдаг, захиран зарцуулдаг, зарж арилждаг, өвлүүлдэг болох ёстой. Монголчууд одоо л анх удаа баялагтаа эзэн болж эхэлж байна. Өмнө нь хэзээ ч ноогдол ашигаа авч байгаагүй. Нүүрсний хулгайн асуудал цэгцрээд олон улсын хөрөнгийн биржээр нүүрсээ зарж байгаа учир цаашид орлого нэмэгдэнэ. Уул уурхайн салбар зөв голдиролдоо орсноор манай улсын төсөв илүү сайхан болно. Улсын маань эдийн засаг сайжрах тусам айл өрхөд тусах өгөөж нэмэгдэнэ.

-“Органик бүтээг­дэхүүний тухай хууль"-ийн талаар яривал?

-Ард иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах зорилгоор эрүүл хүнс хэрэглэж, хоол хүнснээсээ чанартай шим тэжээл аваасай гэж уг хуулийн төслийг санаачлан батлуулсан. Бид чанартай, шим тэжээлтэй хүнс хэрэглэж байж эрүүл амьдарна. Үүний тулд хүнс эрүүл, органик байх ёстой. Энэ хүрээнд хот, хөдөө гэлтгүй улсын хэмжээнд органик хүнс, ногооноос авхуулаад гоо сайхан гэх зэргээр органик хүнс, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, өргөн хүрээний үе шаттай хэлэлцүүлгүүд өрнүүлж, судалгаа хийж ажилласан. Тэдний зүгээс органик бүтээг­дэхүүний бизнес эрхлэх явцад олон янзын хүндрэл бэрх­шээлтэй тулгардаг тухай­гаа ярьцгаасан.

Тухайлбал, хэ­рэглэгчид органик бүтээг­дэхүүний ач холбогдлын талаар сайн мэддэггүй учраас химийн бордоо, пестицид, гербицид ашигласан бүтээгдэхүүнтэй ижил үнээр зах зээлд худалдаалахаас аргагүй болдог. Органик төмс, хүнсний ногоо тарилаа гэхэд янз бүрийн химийн хор цацдаггүй учраас аливаа шавж хорхойд идэгдэх эрсдэл өндөр байдаг. Мөн органик ногоо тариалахад ургацын хэмжээ, гарц жижиг байдаг. Ашигтай ажиллахын тулд өндөр үнэлэхээр хэрэглэгч талдаа ойлгодоггүй, худалдан авалт төдийлөн хангалттай байж чаддаггүй. Нөгөө талаас иргэдийн эрүүл, аюулгүй хүнсний хэрэглээнд маш чухал хувь нэмэр оруулаад органик хүнс үйлдвэрлээд зах зээлд нийлүүлж байхад төрөөс дэмжлэг байдаггүй байсан.

Органик хүнс үйлдвэрлэгчид маань өнөөдрийг хүртэл үндсэндээ сайн дурын үндсэн дээр хүн амыг эрүүл хүнсээр хангаж байгаа ч ашиг багатай, зарим тохиолдолд алдагдалтай ажиллаж байгаа учраас төрөөс гарцаагүй зохицуулалт, шийдэл хэрэгтэй байсан.

Дэлхийн улс орнуудаас эдгээр асуудлаар хамгийн өндөр үзүүлэлттэй Европын улс орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль эрх зүйн орчныг судалж үзэхэд органик хүнсээ тухайлсан бодлогоор дэмждэг юм билээ. Үүнд хамгийн чухал нь татварын бодлого. Тус улс бодлогын болон олон талын бусад ажил, арга хэм­жээг төрөөс авч хэрэгжүүлснээр органик хүнсний хэрэглээг ард иргэдийнхээ амьдралын хэв маягт амжилттай нэвтрүүлсэн байгаа юм. Тэгвэл Монгол Улс эдгээрээс ямар хэмжээний дэмжлэг, бодлогыг нэвтрүүлэх боломжтой вэ гэдгийг өөрийн улсын нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр боловсруулсан хууль байгаа юм. Хуульд органик хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг эхний таван жилд 100, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлөхөөр заасан. Энэ бол аль ч салбарт байгаагүй хамгийн том дэмжлэг болсон.

Цаашлаад баталгаажуулалт хийх шилжилтийн үеийн зардал, органик бордоо худалдан авсан эхний гурван жилийн зардал, зээлийн хүүгийн 50 хувийн татаас, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн зардлын 75 хувь, мэдээлэл сурталчилгааны зардал зэргийг улсын төсөвтэй уялдуулаад төрөөс тодорхой хэмжээнд хуваалцахаар хуульд тусгасан байгаа.

-МАЛЧДЫН ХЭРЭГЛЭДЭГ САВ НЬ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭЖ, БАКТЕРИ ҮРЖҮҮЛДЭГ, АЮУЛТАЙ БОДИС АГУУЛДАГ-

-Олон хуулийн төслүүдэд ажиллаж, чуулганд суухын хажуугаар, тойрогтоо хамгийн олон удаа очиж ажилласан гишүүдийн нэг юм билээ?

-Тойргийнхоо иргэдийн итгэлийг дааж бид УИХ-д сонгогдсон учраас очиж ажиллах нь нэн тэргүүний үүрэг л дээ. Иргэдийнхээ тавьсан санал, асуудлыг үндэслэн шийдсэн хэд, хэдэн ажил бий. Тухайлбал улсын хөгжил замаас гэдэг. Түшигээс Зэлтэрийн боомт хүртэл 130 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орж, Хүдэрийн замыг улсын комисс хүлээж авах ажил өрнөж байна. Энэ жил Хушаат сум, Бугант тосгоны замын ажил эхэлнэ.

Үүний дараа Орхонтуулын зам үлдэж байна. Орхонтуулд нэг гүүр барьж байгаа. Гүүрний ажил дууссанаар төв аймгийн Лүн сумаас хойшоо Угтаалцайдам, Цээл сумдаар дайрч Орхонтуулын гүүрээр дамжаад Баруунбүрэнгийн замтай холбогдоод Эрдэнэтийн замтай нийлнэ. Ингэснээр Дарханы замын ачаалал буурч Төв аймаг, Сэлэнгэчүүд маань газар тариалангийн тойрог замтай болно. Энэ ажлууд хийгдсэнээр Түнхэл тосгоны зам үлдэж байгаа. Түнхэл тосгонд хотоос шууд очдог замтай болгохоор зураг төслөө бэлдчихсэн. Ирэх жилээс замын ажил эхлэхээр төлөвлөгөөнд орчихсон байгаа.

Ингээд Сэлэнгэ аймаг бүх сум, тосгон нь авто замаар холбогдсон Дархан-Уул аймгийн дараах хоёр дахь аймаг болно. Энэ бол маш их хүчин чармайлт, хөдөлмөр шингэсэн ажил.

Мөн сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засварын ажлыг чадлынхаа хэрээр бусад гишүүдийнхээ хамт хөөцөлдөж, улсын төсөвт тусгаж чадлаа. Жижиг ажлуудыг бол хувийн хөрөнгөөрөө хийж ажилласан. Жишээлбэл, зарим сумдад төрийн албан хаагчдад зориулж 16 айлын таун хаус барьж эхэллээ. Эдгээр хаусуудад төрийн шинэ албан хаагчид болох багш, цагдаа, эмч, тамгын газрын ажилтнууд амьдрах юм. Сумдад залуучууд тогтвор суурьшилтай ажиллахад байр, орон сууц хамгаас чухал. Ялангуяа жижиг сумдад залуучууд айлын хажууд амьдардаг шүү дээ.

Энэ асуудлыг шийдэх үүднээс өөрийн хөрөнгөөр яг л Америк хэв маягийн орчин үеийн  төлөвлөлттэй хаусууд барьж байгаа. Хаусуудын гараж нь автоматаар онгойж, гаражаасаа гэр рүүгээ ордог. Цахилгаан халаагууртай, халаагуураа гар утсаараа удирддаг. Цэвэр, бохироо шийдсэн. Бүх материал нь хүний эрүүл мэндэд хоргүй байхаар бодолцсон. Хаусуудыг ипотекийн гурван хувийн зээлд хамруулаад өгчихнө.

-Саяхан Монголд анх удаа хуванцар савны орон хэрэглэж болох эко савны үйлдвэр ашиглалтад орсон. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар?

-Манайд хорт хавдрын өвчлөл өндөр байдаг нь барилгын материал, химийн үйлдвэрүүдийн оруулж ирдэг химийн бодис хадгалахад зориулагдсан саванд сүү болон усаа хадгалдагтай холбоотой. Малчдын хэрэглэдэг сав нь хорт хавдар хурдтай үүсгэж, бактери үржүүлдэг маш аюултай бодис агуулдаг. Тиймээс эко савны үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж, -80 хэмээс +180 хэмд тэсвэртэй, мөөгөнцөр бактери үүсгэдэггүй, нярай хүүхдийн угж хийх зориулалттай материалаар хийсэн хүнсний зориулалттай сав үйлдвэрлэж эхэлсэн. Эхний ээлжид 60, 80, 100 литрийн багтаамжтай шингэн хүнсний сав үйлдвэрлэж байна.

-УИХ-ын сонгуулийн тойргийг томруулж бүсчилсэн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Миний хувьд дэмжиж байгаа. Манай төвийн бүсийн хувьд үржил шим сайтай хөрстэй, ихэнх гол мөрөн дайрч урсдаг, Сүхбаатар, Алтанбулаг, Хөшигийн хөндий гээд газрын, төмөр замын, агаарын боомттой учраас хамгийн сайн хөгжих боломжтой. Төвийн бүсийн хөгжилд шаардлагатай бүх суурь дэд бүтэц тавигдсан. Тиймээс бид энэ бүс нутагтаа хөдөө аж ахуй дагнасан үйлдвэрлэлийг хөгжүүлж, Монгол Улсынхаа хүнсний хэрэгцээг хангаж ажиллах хэрэгтэй. Ганц асуудал нь эрчим хүчний хүрэлцээт байдал.

Учир нь үйлдвэр байгуулахад эрчим хүч шаардлагатай. Сэлэнгэ аймаг гэхэд оргил цагаар ОХУ-аас эрчим хүч импортолж хэрэглэдэг. Саяхан хувийн хэвшил 50 мегаваттын цахилгаан станц барихаар болсон. Энэ станц баригдвал Сэлэнгэд хөдөө аж ахуйн үйлдвэр байгуулах боломжтой болно.

Мэдээж Дарханы эрчим хүчний чадал хангалттай тул үйлдвэрүүд байгуулагдах боломжтой. Төв аймгийн эрчим хүчний асуудлыг мөн сайжруулах шаардлагатай. Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгууд газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйд суурилсан хөдөө аж ахуйн алтан гурвалжин байх болно. Тодруулбал хөдөө аж ахуйгаа дагасан үйлдвэрлэлийн төв юм.

-Хууль, нийгэм, эдийн засаг гээд албаны ажил нэлээд ярилаа. Одоо жаахан хувийн сэдэв рүү хазайя. Таны аав Чойжамцын Чинбат бол аж үйлдвэрийн салбарт насаараа ажилласан Гавьяат хүн гэр бүлийнхээ талаар ярьвал?

-Аав маань Мандал сумын Хэрх тосгоны хүүхэд. Багадаа ээжээсээ өнчирч, амьдралын хүнд хэцүүг туулсан, есөн хүүхэдтэй айлын доороосоо гурав дахь нь. Хар багаасаа л мал дагаж, эрийн цээнд хүрч боловсрол эзэмшээд аж үйлдвэрийн салбарт насаараа ажиллаж Гавьяат болтлоо хөдөлмөрлөж ирсэн дээ. Өвөө Ядамын Чойжамц мөн л малч удамтай Архангай аймгийн Хашаат сумын хүн. Гэрээр боловсрол эзэмшиж, эрийн цээнд хүрч, Ардын журамт цэрэгт элсэж, баруун хязгаарт байлдаж, шархдаад буцаж нутагтаа ирээд малын санитарчаар ажиллаж байсан гэдэг.

Өвөөг маань 40 настайд нь бичиг үсэг сайн мэддэг тул Ю.Цэдэнбалын хамт Эрхүүгийн Хөдөө Аж Ахуйн Техникумд малын эмчээр сургахаар явуулсан байдаг. Сурч ирээд Төв аймгийн Угтаалцайдам, Баянцогт сумдад малын эмчээр ажиллаж байгаад хотод Биокомбинатыг үүсгэн байгуулалцсан түүхтэй.

Өвөө маань тэтгэвэрт гарах үеэр хоёр хүү нь Зүүнхараад илгээлтийн эзэн болж тракторч, комбайнчаар ажиллахаар болоход хамт Зүүнхараад очоод Хэрхийн сангийн аж ахуйн сургуулийн аж ахуйн даргаар ажилласан байдаг. Ер нь манайх боловсролд онцгой анхаардаг айл. Өвөг дээдсийнхээ уламжлалыг дагаад аав, ээж маань намайг мөн боловсролтой хүн болгож өсгөсөн. Үүний ачаар би Монгол Улсын их сургуулийн дэд захирлын албыг хашиж мөн дэд профессор цол хүртлээ. Боловсролыг дээдэлдэг, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэж ирсэн гэр бүлийнхээ хүмүүжлийг үргэлжлүүлж би сайхан амьдрах боломжийг залуу үедээ олгохыг зорьсон юм.

Гэхдээ боловсрол нь эрүүл биетэй хүнд хамгийн сайн сууж өгдөг. Тэгэхээр эрүүл биетэй, саруул ухаантай Монгол хүний төлөө өөрийнхөө бүх сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна даа. Хэдий өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллаж байгаа ч Монголчуудын маань амьдрал өргөс авсан юм шиг өөдөлж, дээшлэхгүй байна. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр хийсэн ажлаа үргэлжлүүлж, сайжруулах, цаашид олон ажлуудыг шинээр хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ер нь УИХ-ын гишүүнээр ажиллахдаа их зүйлийг ойлгож авлаа. Энэ дөрвөн жилд дахиад нэг их сургууль төгссөн шиг мэдлэг, туршлагатай болж, аливаа асуудлыг том зургаар хардаг болсон доо.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа:ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ТЕХНИКИЙН БОДЛОГОО ЭРГЭЖ ХАРААСАЙ 2024-04-18 139.5.216.27

Сэлэнгэд овоо юм хийсэн байна. Би залуу насаа Зэлтэрт, дараа нь аймгийн төвд ажиллаж өнгөрөөсөн тул зарим сумын зам хэцүү байсныг мэдэх юм.Асфальтан замаас гараад л Шаамар, Зүүнбүрэнгийн нидэргэн замаар сэгсчүүлж явсаар Сэлэнгэ мөрөн дэх Бүдүүний гүүр дээгүүр явахад ямар сайхан бие амардаг гэж санана.Манай бүх зам ийм болвол сайхнаа гэж бодогддог байж билээ.Хүдрийн зам хэцүү.Тариалангийн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, техникийн бодлого, бүтээгдэхүүний борлуулалт гээд хийх ажил их байх шигээ

Avatar

Нэргүй 2024-04-18 64.119.30.210

4 жил хийж болгож байхгүй үхсэн ацаа хийж байсан МАНгар авгай вэ. Ёс зүй зарчим түй ч байхгүй Нөхөр охиндоо тэгж хандаж байгаа з**х*й эм та бидний төлөө чигчий хуруугаа ч хөдөлгөхгүй нь ойлгомжтой шүү дээ Хүмүүсээ таван цаасыг нь аваад лсонголтоо л зөв хий

Avatar

И 2024-04-18 103.168.34.191

энэ балай хүүхэн бараг бүх хуулийг санаачилсан юм ярьчихажээ. Сачий нь хүрэхгүй байлгүйдээ. өмнөөс нь иччихлээ бна.

Avatar

Нэргүй 2024-04-18 139.5.219.104

Босоо ундрам ч босоогоороо бавалцасаар байгаад дөрвөн жилийг үдэж байхад дахиад дөрвөн жил босоогоороо байна гжийн шдэээ бас босоо төрсөн амьтан шүү д

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.186.18

Гал тогоондоо бавалчаад л мулт мулт юм ярьчихаад л..

Avatar

Нэргүй 2024-04-18 103.100.225.146

Монгол даяараа булайгаа дэлгэчихээд худлаа залаад явах юм, хэмтрагч нь бас хичээл энэ тэр ороод явах юм. Ийм зүйл Монголд л болдог байхдаа

Avatar

Зочин 2024-04-18 66.181.182.18

Муу я***н минь доодохоо захирч чадахгүй байж чиний улс орны ирээдүйг чиглүүлнэ гэж юу байдын. Эхлээд биеээ зас

Avatar

Нэргүй 2024-04-18 180.149.80.74

Крашаа сонгоноо, боловсролтой, мэдлэгтэй, мөнгөтэй ийм хүмүүс УИХ-д хэрэгтэй. Хувийн асуудалтай нь хольж хутгаж болохгүй.

Avatar

Нэргүй 2024-04-18 202.126.91.196

Энэ нөхөр 4 жил олонх болж Их хуралд сууж байхдаа юу хийсэн юм бол? Одоо ч ийм нөхдүүдийг нам харж сонгохоо больё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж