Пакистан, Афганистанд сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орсны улмаас 100 гаруй хүн амь үрэгджээ. Тодруулбал, Афганистаны 23 мужид хүчтэй аадар бороо орсноор үерийн улмаас 66 хүн амиа алдаж, 36 хүн шархадсан гэж Гамшгаас хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Мулла Жанан Сайекийн мэдээлэв. Мөн 600 амьтан үхэж, 1200 гаруй байшин бүрэн эсвэл хэсэгчлэн сүйрсэн байна.
НҮБ-ын Афганистан дахь Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар Мягмар гаригт мэдэгдэл хийхдээ, аадар бороо, үерийн улмаас 63 мянга гаруй акр газар эвдэрсэн бөгөөд үр нөлөөлөл болон холбогдох хэрэгцээг үнэлж, тусламж үзүүлж байна гэжээ.
Афганистан олон жилийн турш мөргөлдөөн, байгалийн гамшигт нэрвэгдээд буй. Зөвхөн 2023 онд л гэхэд 150 гаруй хүн өвлийн шуурганаас болж нас барж, үерийн улмаас олон арван хүн амь үрэгджээ. Өнгөрсөн аравдугаар сард тус улсын баруун хэсэгт орших Герат мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 2000 гаруй хүн нас барсан. Талибууд 2021 оны наймдугаар сард засгийн эрхийг авснаас хойш ядуурсан тус улс эдийн засаг, хүмүүнлэгийн хямралд гүн гүнзгий орж, олон улсаас тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаа юм.
Үргэлжилж буй ширүүн бороо нь Пакистан болон түүний хил залгаа мужуудад нөлөөлж байна. Баруун хойд хэсэгт орших Хайбер-Пахтунхва мужид 32 хүн нас барсан гэж мужийн Гамшгийн удирдлагын газраас гаргасан тайланд дурджээ. Мөн Пакистаны баруун өмнөд хэсэгт орших Белужистан мужид найман хүн нас барсан байна. Нийт 170 орчим байшин бүрэн сүйрч, 1250 гаруй байшин хэсэгчлэн эвдэрсэн гэж Пакистаны орон нутгийн эрх баригчид мэдээлсэн. Тус улсын цаг уурын албанаас Лхагва гаригт Белужистан мужид дахин бороо орж, Пүрэв гаригт Пакистаны бусад нутгаар хур тунадас орохыг анхаарууллаа.
Пакистанд ихэвчлэн зургадугаар сараас есдүгээр сар хүртэл борооны улирал байдаг тул жилийн энэ үед хүчтэй аадар бороо ордог. Пакистан нь дэлхийн хамгийн эмзэг уур амьсгалтай улсын нэг ба цаг уурын хямрал нь эрс тэс үзэгдлийг улам даамжруулж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ