Чуулган: УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдэд анхааруулга өгөв

LiveЧуулган: УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдэд анхааруулга өгөв

Чуулган: УИХ-ын дарга Засгийн газрын гишүүдэд анхааруулга өгөв

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2024.04.18/ ээлжит хуралдаан эхэллээ.


 

18 : 27
2024-4-18

"Орон нутгийн иргэд Ашигт малтмал, Газрын тухай хуулиас болж эрхээ хасуулсан"

  • “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хэлэлцэв. Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. 
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
  • -Монголын ардчилсан холбооноос газар нутгаа тоолъё гэдэг аяныг өрнүүлж, орон нутагт ашигт малтмалын лиценз олгосон талаар ажлыг хийж байгаа. Шалтгаан нь 2020 оны 12 дугаар сарын 6-наас хэрэгжсэн Монгол Улсын засаг захиргаа, удирдлагын тухай хууль болон дагалдаж орж ирсэн Ашигт малтмал, Газрын тухай хуулиас болж энэ ажлыг хийж байгаа юм. Дорноговь аймгийн Мандах суманд лиценз авлаа гэхэд ард иргэдийн олонх дэмжвэл зөвшөөрдөг байсан бол шинэ хуулийн зохицуулалтаар иргэдийн эрхийг авч, багийн иргэдийн эрх байхгүй болгосон. Сумын Засаг дарга нар эрх мэдэлгүй болсон. Энийг зохицуулах шаардлагатай байна. 
  • Тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
18 : 19
2024-4-18

"Оёдлын үйлдвэрүүдийн зүгээс цахилгаан, товч гээд бүгдийг чөлөөлөх хүсэлтийг өгсөн"

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэв. Хууль санаачлагчийн илтгэлийн УИХ-ын гишүүн С.Одонтуяа танилцуулав. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. 
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
  • -Энэ хуулийн төслийг УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хороо санаачилж, хоёр жил судалгаа тооцоог хийсэн. Дотоодод үйлдвэрлэдэг ноос ноолуур, малын гаралтай бүтээгдэхүүнүүд түүхий эд чөлөөлөгдөхгүйгээр Монголд үйлдвэрлэдэггүй оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар үйлдвэрлэж байгаа туслах материал орно. Бид 2005 онд ДНБ-ий 30 хувийг дангаараа оёдлын үйлдвэр эзэлж байсан юм билээ. Одоо хэд дахин буурсан байгаа. Ядуурлыг бууруулахад их чухал үүрэгтэй хууль. Урд хөршөөс хямд бүтээгдэхүүн орж ирдэг үе өнгөрсөн байна. Бид тэгэхээр дотооддоо оёдол хийдэг болсон байна. Материалаа ганзагын наймаачдаас авах хүртлээ салбар нь унаад байна. ХХААХҮЯ-тай ярилцсан. Оёдлын үйлдвэрүүдийн зүгээс цахилгаан, товч гээд бүгдийг чөлөөлөх хүсэлтийг өгсөн юм. 
  • Хуулийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
18 : 14
2024-4-18

"Элэг бүтэн монгол" маш сайн хөтөлбөр хэрэгжиж байсан"

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав. Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Элэг бүтэн монгол" маш сайн хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 

Санал хураалт явуулж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

18 : 01
2024-4-18

Элэгний В, Д вирусийн эмийг 1000 орчим ам.долларт оруулж ирнэ

  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 10 гишүүн 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна. Хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцуулав. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцууллаа. 
  • УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
  • -Элэгний В, Д вирустай иргэдэд эмчилгээний гаалийн албан татварыг хөнгөлөх хуулийн заалт яаралтай орж ирж байгааг дэмжиж байна. Эмийн сонсгол хийхэд энэ хүмүүсийн төлөөлөл санал хүсэлттээ хэлсэн. Энэ эм өөрөө их үнэтэй нэг сарынх нь 8-9 сая төгрөгийн үнэтэй. Хоёр жил тасралтгүй тариулж байж үр дүн нь гардаг гэж бодохоор жилд 100 гаруй сая төгрөг шаардагддаг.Нэг хүнд ногдох төсвийн дарамт яаж буурах юм бэ. Яам 66 мянган төгрөг, холбоо нь 150 мянга гаруй иргэд энэ өвчнөөр өвчилсөн  гэдэг тооцоог хийсэн юм билээ.
  • Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:
  • -Элэгний Д вирусийн эмчилгээ асар өндөр өртөгтэй. Татвараас чөлөөлж байгаа энэ эмийн Европын холбоо бүртгэсэн бөгөөд нэг сарын эмчилгээний үнэ нь 10 мянган евро байна гэсэн мэдээлэл бий. Би АНУ-ын нэг компанитай ярилцахад манайд урьдчилсан байдлаар тав дахин бага үнээр нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Бид дахин 50 хувь буулгах боломжийг эрэлхийлж байна. Бид дахин цахимаар уулзалт хийхээр төлөвлөж байна. Гэсэн ч 1000 орчим ам.долларт орж ирэх болов уу. 
  • Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
17 : 57
2024-4-18

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөх олговор олгох тухай хэлэлцэв

17 : 53
2024-4-18

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай хэлэлцэв

  • “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ явуулж байна. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцуулав.
  • Зарчмын зөрүүтэй нэг саналаар санал хураалт явуулж, тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
17 : 18
2024-4-18

"Малчдад шилний цаанаас чихэр долоолгож болохгүй"

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Дамдинням танилцуулав. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Энэ хуулийг ямар ч хурдан оруулаад ирдэг юм. Энэ асуудлыг найман жил ярьсан. Эцэст нь дараагийн парламент сонгогдоход гуравхан сар дутуу байхад малчдад шилний цаанаас чихэр долоолгож болохгүй. Энэ хуульд малчдад хэрэгтэй зүйл алга. Улам дарамт нэмж байна. Одоо бүр болохгүй асуудлаа нам руу биш уур амьсгал байгаль руу чихдэг болж. Энэ тоон мэдээлэл нь бүгд буруу байна. Сүхбаатар аймаг гэхэд өнгөрсөн жил тавдугаар сард 520, энэ жилийн өвөл 2 сая мал хорогдсон. Өнөөгийн эрх баригчдын арга  хэмжээ аваагүйгийн хор гай юм. Тиймээс энэ хуулиа татаж авч болдоггүй юм уу?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Та хаанахын бодлогыг ярьж байгаа юм бол гэж гайхтал асуулт асуулаа. Монголын уламжлалт мал аж ахуйн салбарыг сэргээх хөтөлбөрий боловсруулж, хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг өргөн барьсан. Малчдыг чинээлэг болгоё гэж малжуулах төсөл боловсруулаад ороод ирэхээр уурлаад байх юм. Малчид яагаад дундаж давхаргыг төлөөлж болдоггүй юм бэ. Засгийн газрын зүгээс хэрэглээний зээлийн хуримтлагдсан хүүгийн 75 хувийг төлж байгаа. Мөн малын хорогдлын тоо эцэслэн гарахаар 22 тэрбумаар малжуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гуравт, малчид олон малтай байж зээл авах боломжтой байдаг. Сард 600 мянган төгрөгийн алдагдалдтай амьдарч байгаа учраас 3-5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээлийг олгоно. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

–Энэ хуулийн 9.1.1 заалтад малчид хоршоонд нэгдэхийг үүрэг болгочихсон байна. Сүхбаатар аймагт 2 сая мал хорогдсон байхад 40 мянган тонн тэжээл хуваарилдаг, хорогдол багатай газар 400 мянган тонн тэжээл хуваарилж байна. 

ЗДХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Малчны эрх үүрэг гэдгийг хуульд тусгасан. Хоршоонд малчин сайн дурын үндсэн дээр нэгдэнэ. Хоёрт, Сүхбаатар аймгийг Засаг дарга энэ жил маш хариуцлагагүй ажилласан. Засгийн газраас нөөцийн өвс тэжээл хуваарилж, 400 мянгыг татаж ав гэхэд эхлээд авахгүй гэж 14 хоносон. Малчид маш хүндрэлтэй нөхцөл байдал орсон. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Нэгд, энэ жилийн зудын хохирлыг арилгах чиглэлээр хоёр арга хэмжээ авах юм байна. Малжуулах болон малчны зээлийн 75 хувийг хөнгөлж байгаа эх үүсвэрийг хаанаас гаргах гээд байна уу. Засгийн газар тодорхой хүрээнд шийдээд байна уу. Төсөв хооронд зохицуулалт хийх гэсэн заалтыг хассан. Тэгэхээр хоршоо байгуулах, зээлийн эх үүсвэрийн хүүд зориулж тодорхой хөрөнгийг гаргах гээд байгаа юм. Нийт 50 орчим тэрбум төгрөг гэж байна лээ. Сангийн яам тооцсон болов уу?

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 22 тэрбум төгрөг байгаа. Малын хорогдол эцэслэгдсэний дараа энэ мөнгийг малчин өрхүүдэд хуваарилна. Зээлийн хүүгийн 75 хувийн хөнгөлөлтийн асуудлыг 2024 оны төсөвт батлагдсан ХХААХҮ-ийн сайдын багцаас төлж барагдуулж байгаа. Албажаад хэрэгжиж эхэлсэн. Мөн таван га газрыг нэг хоршоонд нэг удаа үнэ төлбөргүй ашиглуулна. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Та нар чинь ямар хөл дээрээ босоод өглөө болгон нэг хууль оруулж ирээд байдаг юм бэ. Сүүлийн үед болох болохгүй хууль оруулж ирэх юм. Хүн болгонд таалагдах гэж оролдох юм. Энэ мөнгө төгрөг чинь хаанаас гарах юм бэ. Төсвийн тодотгол хийх шаардлагатай юу. Ард иргэдийн дунд хүлээлт үүсгэж байна. Халааснаасаа мөнгө гаргаж байгаа юм шиг л ярих юм. Нэг ч олигтой үйлдвэр байхгүй. Малчдад баахан шагнал тараана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Нэг малаас олж байгаа дундаж орлого 31 ам.доллар байна. 11 жилийн өмнө 22 ам.доллар буюу 34 сая байсан мал өнөөдөр 70 саяд хүрсэн. Энэ төлөвлөгөөний үр дүн малын тоо тодорхой хэмжээгээр буурч, малчны сарын орлого нэмэгдэнэ. Малчны сарын дундаж орлого таван сая хүрэх боломжтой гэж төлөвлөж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Ноолуураас 320 сая ам.долларын экспорт хийж байна. Самнасан ноолуур 500-гаас 700 сая ам.долларт хүрнэ. Малчид хоршоо байгуулж, хотод угаагаад Итали руу гаргахдаа 150 ам.доллараар зарж байна. Энэ мэт жишээ олон бий. 

Зарчмын зөрүүтэйанал хураалт явуулж, хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

17 : 05
2024-4-18

Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтоолыг баталлаа

“Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийн талаарх Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

-Ийм тогтоолын төсөл орж ирж байгаад баярлалаа. Өнөөдөр төрийн алба хаагчид ХОМ болон ашиг сонирхлын зөрчлийн тухай мэдүүлэг өгөх ёстой. Гэтэл эмийн сонсгол дээр төрийн алба хаагчдын ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг АТГ шийдвэрлэдэггүй, мэдүүлгээ өгсөн ч төрийн албанд ажилладаг зөрчил маш их гарсан. Энэ тал дээр хэр судалж оруулж ирэв ээ?

Ажлын хэсэг н.Дуламсүрэн:

-Төрийн албанд анх орох гэж байгаа эсвэл албан тушаал нь өөрчлөгдөж байгаа хүмүүс хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг гаргаж байгаа. Мэдүүлгийг АТГ-аас хянаж, албан бичиг бүхий дүгнэлтийг явуулдаг. Хэрвээ зөрчил үүсэх болзошгүй бол тэр албанд томилох ёсгүй. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууслаа. Байнгын хорооны саналаар тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 51.3 хувийн саналаар баталлаа. 

16 : 25
2024-4-18

Үндэсний баялгийн сангийн хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Үдээс хойшх чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан.Зарчмын зөрүүтэй 38 саналын томъёоллоор санал хураалтаар явуулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Зарчмын зөрүүтэй саналын нэг дэх санал дээр уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хөрөнгөөр бий болсон төмөр зам, авто замын компанийн орлого л ийшээ орох ёстой ч шууд авто зам, төмөр зам гэхээр болж өгөхгүй байна. Гүйцээн боловсруулах шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-1072 хувьцааг өмнө нь ахмад, оюутнуудаас авчихсан. Одоо энэ хувьцааг эргүүлж эзэмшүүлэх вэ. Энэ чиглэлээр тодорхой тусгах хэрэгтэй. Нас барсан иргэдийн хувьцааг хэрхэн өвлүүлэх вэ?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Нэг зүйл анхааруулъя. УИХ-ын чуулганы хуралдааны дэг жаягаар хууль санаачлагч ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд хуулийн ажлын хэсэгт ажилладаггүй. Засгийн газар санаачилсан хуульд гишүүд нь ажлын хэсэгт ажилладаггүй дэг жаягтай. Хоёрт, Засгийн газрын гишүүд оруулж ирж байгаа асуудалд танхимаараа нэгдэж орж ирмээр байна. Бусад бүх хуульд сайд нар салаа утгатай, хагарч хэрэлддэг цөөнгүй тохиолдол удаа дараа давтагдаж байна.

66.7 хувиар санал дэмжигдэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууслаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн  төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

15 : 45
2024-4-18

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Болгоомжлол байлгүй яахав. Менежментийг Засгийн газар хариуцаж, гурван яамнаас тайлан сонсоно. Засгийн газар эцсийн шийдвэрээ гаргаж, УИХ эцсийн шийдвэрээ гаргана. Тэр шийдвэрийг хэн ч өөрчилж чадахгүй. Зориулалтын бусаар ашиглахгүй. Бусад сан болон Хөгжлийн банк дээр гарсан асуудал энэ сан дээр гарахгүй болов уу. Хувийн хэвшлийн хувьд, Хөгжлийн санд саналаа өгч байгаа. Мэргэжлийн нэгдсэн холбоод яамдуудын үйл ажиллагаанд оролцоод явна. Энд давхар шийдэгдээд явж байгааг хэлье. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Үндэсний баялгийн сангийн хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. Би 2004 онд УИХ-д сонгогдсон. Тэр цагаас хойш 2008, 2012 оны парламентууд эх орныхоо байгалийн баялагт дэндүү хариуцлагагүй хандсан даа. Одоо бол сүүлийн хоёр парламентын хугацаанд эх орон, ард түмний нийтлэг эрх ашиг дээр байгаа учраас хандлага нь арай өөрчлөгджээ.

Өмнөх парламентууд байгалийн баялагт эзэн байх эрхийг хангуулахын төлөө үг хэлэхэд дэмждэг хүн тун цөөн байлаа. Үе үеийн парламентад дарга юу гэж хэлнэ тэрийг дэмжинэ гэдэг байлаа.

Ашиг сонирхлын зөрчилтэй, амандаа ус балгасан юм шиг хүнд хэцүү цаг үед УИХ-ын 57 дугаар тогтоолыг анхны "Оюутолгойн" хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед батлуулсан. Тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ талаас нь авч үзэхгүй бол гэрээн дээр 4.7-5 жилийн хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхнө гэж үзэглэсэн. Үүний дараа 2007 онд стратегийн 16, 39 орд гэж заасан. Тэр заасан тооноос одоо зургаан ордыг л ярьж байна. Төр 34, 50 хүртэл орд газрыг эзэмшиж болно гэжээ. Энэ Ашигт малтмалын хуульд энэ яаж туссан юм бэ?

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Энэ заалт Ашигт малтмалын хуулийг дагах хуулиар өөрчлөгдөнө. Баялгийн сангийн хууль стратегийн ач холбогдолтой орд газраас олох үр өгөөжийг нийт ард иргэдэд хүртээх зорилготой. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууслаа. Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 38 саналаар санал хураалт явууллаа. Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо гэсэн хоёр хамтарч, гурилын асуудлаар хуралдана гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолсон юм. 

Үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав.

14 : 42
2024-4-18

"Баялгийн сангийн хуульд стратегийн 16 орд байдгаас 7 нь төрийнх"

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Хөгжилтэй, нийгмийн даатгалын сан нь үр ашигтай ажилладаг өөр өөрийгөө аваад явдаг дэлхийн улс орнуудад тэтгэврийн сангаа уясан асуудал байгаа. Манай нөхцөлд нийгмийн даатгалын сангийн үндсэн шинэчлэлээ  хийгээгүй цагт юуг  ч уяад сэхэхээргүй байдалтай, төсвөө татаж унагах түвшинд байгаа. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:

-Баялгийн сангийн хуулийг ард иргэд их анхаарч байна. Өнгөрсөн хугацаанд Монголын томоохон орд газруудаа алдах шахсан, ашиг хүртэх магадлал бүрхэг байсан цаг үе ард үлдэж байна. Гэхдээ Баялгийн сангийн хуульд стратегийн 16 орд байдгаас өнөөдөр өөрсдөө мэдэж зарцуулах нь долоо байгаа юм байна гэж ойлгосон. Энэ хууль хэлэлцэж байгаа цаг үед бусад орд нь яагаад гадаад, дотоодын компанид очсон талаар маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй.

Монголын ард түмний баялаг яаж яваад 8-9 орд бусдын мэдэлд очив оо.

Хуулийн 5.4 заалтад улсын төсвөөр хайгуул хийж, нөөцөө тогтоосон ордын 50 хүртэл хувийг төр эзэмшиж болох бөгөөд гэсэн байна. Үүний цаана болохгүй ч байх боломжтой гэж байгаа юм шиг. Мөн 5.5 улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцөө тогтоосон  орд газрын 34 хүртэлх хувьцааг төр үнэ төлбөргүй эзэмшиж болно. УИХ-аас батлах хууль салаа утгагүй байвал яасан юм бэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ордод 16 газрыг хамруулсан. Энэ байдлаар өнөөдөр долоо нь 50-10 хувь төрийн мэдэлд байна. Үлдсэн нь аж ахуйн нэгжийн мэдэлд байна. Энэ тогтоол хэрэгжээгүй. Хоёр дахь хавсралтад нь энэ стратегийн ордуудаас гадна дахин 39 орд байгаа. Энэ ордыг стратегийн ордод хамруулах эсэх талаар УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг тухайн үеийн Засгийн газарт даатгасан. Энэ тогтоолын 2 хавсралтыг хаврын чуулганд багтаан танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгч байгаа. 

Ажлын хэсгээс 5.4 болон 5.5 дугаар заалтыг цоо шинээр оруулж ирсэн. Засгийн газрын хуулийн төсөлд энэ заалт байхгүй. Өнөөдөр лиценз хэлбэрээр төлбөрийн чадваргүй хүмүүст очиж, наймааны хэрэгсэл болж гадаадад худалддаг тоо баримт олон байна.

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Өмнө нь байгаа хуулийн заалт нь төр үнэгүй авах боломжгүй байсан. Мэдээж ордууд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Заримд нь 34 хувиа үнэгүй авах сайн орд байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь ийм боломж байгаагүй. Заавал төр хөрөнгөө гаргах заалттай байсан учраас энэ удаагийн өөрчлөлтөөр төр 34 хүртэлх хувийг үнэгүй авч болно гэдэг нь хөрөнгө оруулалт хийх зайг үлдээх шаардлагатай. Зарим орд газрын үр ашиг нь сайнгүй байх магадлалтай бол хөрөнгө оруулагчтайгаа тохирох юм. Бид үнэгүй эзэмшихээ хаасан байсныг нээсэн гэсэн үг. 

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Сан, нөөц бүрдүүлэх гээд өмнө нь "Ирээдүй өв сан"-гийн хуулийг гаргаж байсан. Өмнө нь энэ сангаасаа төсвийн цоорхойг нөхөж байсан. Бид энэ хуулийг хангах, хяналт, менежмент маш сайн байх ёстой. Баялгийн сангийн сав дүүрэн байх ёстой. Хамгийн сайн хуримтлал үүсгэдэг улс бол Норвеги. Тэгэхээр тус улсын тэтгэврийн сан нэг жилд 100 гаруй тэрбум ам.доллараар өсдөг гэсэн. Ингэж өсгөх боломжийг хэрхэн хуульд тусгасан бэ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирээдүй өв санг 2023 он хүртэл зарцуулахгүй гэж хуульд заагаад явж байгаа. 2025 он байсныг 2023 он болгосон. Засгийн газраас оруулж ирсэн саналд 2030 онд 6.8 их наяд төгрөгтэй болно гэж тооцсон байна лээ. Өнөөдөр 3.3 их наяд буюу нэг тэрбум ам.долларай тэнцэх хэмжээтэй байна. Цаашдаа нэмэгдээд ес орчим их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Баялгийн сангийн гурван сан байгуулна. Засгийн  газар, УИХ-д зориулалтаар нь төлөвлөгөөгөө батлуулж, зарцуулалтаа батлуулна. Хууль бус зүйл хийх асуудал хаалттай болно. 

Эрсдэлийн талаар авч үзвэл, дэлхийн хэмжээнд 456 сан үүссэн. Өнөөдөр 178 нь ажиллаж байна. Нийт 8 их наяд ам.долллар цугласнаас 5.4 их наяд ам.долларыг нь газрын тос, байгалийн хийгээс олсон гэх тоон статистик байна.

Мэдээж баялгийн санд эрсдэл бий. Норвеги улс гэхэд гадаад өр маш бага. Монголын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар байгаагаас ААН-ийн өр 23.1 тэрбум ам.доллар бол Засгийн газрын өр 7.7 тэрбум ам.доллар байгаа. Өр багасгах чиглэлээр анхаарах хэрэгтэй. Их өртэй байвал баялгийн санд эрсдэл учирна. Манайх түүхий эдийн хараат улс. Түүхий эдийн үнэ маш чухал учраас үнэ нь буурвал сангуудад үүсэх эх үүсвэр буурна. Дараагаар нь гадаад валютын нөөц хангалттай байх ёстой. Одоогийн 5.2 тэрбум ам.доллар бол том тоо биш. Төгрөгийн ханш унахгүй байх ёстой. 

УИХ-ын гишүүн Н.Батшугар:

-Байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэдэг нь маш зөв. Баялгийн хараалаас ангижирч, эдийн засгийн өндөр өсөлтийг өрхийн хаалгаар оруулж ирэх боломжтой. Бүх дэлхийн хамгийн сайн жишгийг нутагшуулсан байна. Төрөлжсөн сан нь маш зөв механизм. Ирээдүйн өв сан бол Норвегийн тэтгэврийн сантай адил. Хуримтлалын сан нь Кувейтын сан болон Арабын сантай адил, Хөгжлийн сан нь Катарын хөрөнгө оруулалтын сантай адилхан байна. Энэ хуулийг баталснаар нэг сумаар гурван туулай буудаж байна гэсэн үг. Улсын зээлдэх зэрэглэл сайжирч, төгрөг чангарч, инфляцийг барих түвшинд хүрнэ. Эрсдэлийн менежментээ хэрхэн тооцоолсон бэ. Өгөөжийг яг тогтвортой авах нь чухал. Хүний нөөцлөлийн асуудал яригдана шүү дээ?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Ирээдүйн өв санг байгуулж, 700 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал гарсан. Тэр алдагдлыг зөв удирдаж чадсан бол 3.3 биш дөрвөн их наяд төгрөгтэй болох байсан. Хамгийн гол нь гадаад өрийн хэмжээг бууруулах хэрэгтэй. Түүхий эдийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой асуудал биднээс хамаарах ч юм бий. Өнөөдөр гадаад валютын нөөц 5.2 тэрбум ам.доллар болсон гэж мундаг рекламдаад байгаа. Улсын эдийн засаг, хөгжлийн түвшин, газрын баялаг гэх мэт боломжуудыг ашиглавал энэ бол бага тоо. Нийт 10 тэрбум ам.доллар хүрч байж нөөцтэй боллоо гэж үзнэ шүү. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гурван сангийн менежментийг нарийвчлан тусгах хэрэгтэй. Юуг нь чагталж, юуг нь ил тод нээлттэй байлгах вэ. Нийт орд газруудаас 34, 50 хувийг үнэгүй авахдаа хувийн өмчид халдахгүй. 

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Бид нэр томъёон дээр шууд яамдуудаа оруулснаар буруу мэдээлэл өгсөн байна. Бид ярилцаж байгаад үйл ажиллагааны удирдлага болгож өөрчилсөн. Баялгийн сантай холбоотой төсөв зарлага, хөрөнгө оруулалтын шийдвэрийг УИХ гаргана. Харин хэрэгжилтийг Засгийн газар хэрэгжүүлэхдээ өдөр тутам яамдуудаараа гүйцэтгүүлнэ. Жишээлбэл, хуримтлалын санд иргэдийн нэрийн дансанд мөнгийг нь хуваарилах, хөрөнгө оруулалтын гүйлгээг хийх гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг яамдууд хэрэгжүүлэхээс зарцуулах, шийдвэр гаргах боломжгүй. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Хоёр асуудал байна. Засгийн газрын тусгай зориулалттай 25 сан байдаг. Найм нь хуулиар зохицуулагддаг бол 17 нь сангийн эх үүсвэрийг нь тавьж, журам баталж үйл ажиллагааг нь явуулдаг. Баялгийн сангийн хуульд тусгасан гурван сан энэ зарчмаар орж ирсэн байна. Удирдлагыг нь журмаар зохицуулж, төлөвлөгөө тайлангаа УИХ-аар хэлэлцүүлж, Засгийн газраар батлуулах юм байна. Нэг асуудал нь журам өөрөө нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт болж чаддаггүй. Журам зөрчвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Журмыг нь хуульдаа оруулаад явахгүй бол гурван том сан дээр асуудал үүсч, хариуцлага тооцох болоход зөвхөн Төрийн албаны хуулиар хариуцлага тооцох боломжтой болно. Хуулийн багуудаа ажиллуулж, УИХ-ын дарга анхаарах шаардлагатай. Би сангуудыг шалгах ажлын хэсэгт ажиллаж байсан болохоор энэ асуудлыг хөндөж байна. 

Хоёрт, үйл ажиллагааны удирдлагыг гурван яам зохион байгуулна гэжээ. Болж өгвөл тодорхой хэмжээний зөвлөлийн бүтэц бий болгож, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулдаг болмоор байна. Хөгжлийн сан, Хуримтлалын сан, Ирээдүйн өв санд ажил олгогчдын төлөөллийг оруулах хэрэгтэй. Аппарат нь яаман дээрээ байж болно. Дан төрийн бүтэц бий болчихоод байна. 

13 : 23
2024-4-18

"Төр нь баталгаа гаргаж, эх үүсвэрээ оруулсны дараагаар хөрөнгө оруулалтыг хийдэг"

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Би өөрөө ажлын хэсгийн гишүүн хэдий ч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцож чадаагүй. Гэхдээ манай намын зүгээс тодорхой санал тавьсан. Би тэр дагуу гурван зүйл асууя. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтийг хийнэ гэж ярьсан. Ард нь хамтдаа гарсан. Үүний дараа бид эдийн засгийн реформ дээр бодитой байдлаар зохицуулалт хийх шаардлагатай. Тэр агуулгаараа хуулийн төслийг дэмжиж, гарын үсэг зурсан. Бид нөхцөлөө тавихдаа гурван сан байгуулах юм байна. Хөрөнгө оруулалтын сан байгуулна. Гэтэл бүс нутагт нь хөрөнгө оруулалт татарчихсан. Өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, өнгөрсөн 50, 60 жилийн хугацаанд шууд хөрөнгө оруулалт орж ирж, бизнесменүүд эрсдэлээ үүрээд л ордог байсан. Одоо бол төр нь баталгаа гаргаж, эх үүсвэрээ оруулсны дараагаар хөрөнгө оруулалтыг хийж ирдэг болсон. Энэ загвар маш амжилттай явж байгаа. Бидний энэ санал туссан уу? Хоёрт, хуримтлалын сан. Ирээдүйн болон одоогийн хуримтлал гэсэн байдаг.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Засгийн газар энэ хуулийн төслийг өргөн барихын өмнө "Эрдэнэс Монгол" компанид захиалга өгч, судалгаа хийлгэсэн. Тэр судалгааны үр дүн юу гэж гарсан гэхээр Баялгийн сан анхдагч сан юм. Үүнийг тооцоотой алгуур хийх нь зүйтэй. Шууд Норвегийн тэтгэврийн сангийн загвараар хийвэл үр дүн бага гарна. Тиймээс эрх мэдлийг УИХ дээрээ авах нь зүйтэй гэдэг зөвлөмж гарсан юм билээ. Энэ дагуу саналыг дэмжсэн гэдгийг намын дарга хэлсэн. Хөрөнгө оруулалтын сан бол хөгжлийн сан. Улсын төсөв ашигтай гарсан тохиолдолд Тогтворжуулалтын сангаас жилд 380 тэрбум төгрөгийн 50 хувийг Хөгжлийн сандаа нийлүүлье гэж. Энэ оноос эхлэн А зэрэглэлийн үнэт цаасад хөрөнгө оруулна. Цаашдаа хөрвөх чадвартай байна гэж хуульд заачихсан юм билээ. Хуримтлалын сангийн хувьд төрийн өмчит компаниудын 34 хувийг нийлүүлнэ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Б.Баттөмөр дарга аа.Олон зүйл дээр тантай санал нэг байна. Манай нам саналаа өгөөд, дэмжиж байгаа. Энэ бол улсын эрх ашиг юм. Баялгийг тэгш хуваарилахдаа баялгаа ашиглан хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгаа хэд дахин нэмэгдүүлэх бодлого эндээс гарна. Баялгаа менежмент хийсэн улсууд энэ замаар явсан. Гэтэл Монгол энэ зохицуулалтыг оруулж ирэхгүйгээр зүгээр мөнгө олоод тараадаг улс болно. Хоёрт, шийдвэр гаргах нь УИХ байж болох ч менежмент хийдэг баг нь хөндлөнгийн мэргэжлийн баг байх ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Энэ хуульд гадаадаас хөрөнгө оруулалт татах талаар тодорхой тусгаагүй. Хөрөнгө оруулалтынхаа хуульд тусгаад явна гэж тооцож байгаа. Баялгийн менежментээ зөв хийж, ард иргэддээ тэгш хуваарилах үзэл баримтлалыг эвдээгүй юм. Анхдагч хууль учраас бүгдийг хамруулах боломжгүй. Шаардлагатай бол Засгийн газрын түвшинд орон тоо нэмэхгүйгээр мэргэжлийн багаа ажиллуулж болно гэж байгаа. Тусад нь мэргэжлийн хүнийг сайн тооцож байж хийх шаардлагатай гэж тооцсон. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Энэ хуулийн төсөл удаан яригдаж, УИХ-д орж ирж байгаад баяртай байгаа. Баялгийн менежментийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш нэлээд сайн хийж байна. Баялгийнхаа үр өгөөжийг ард иргэдэд хүртээнэ гээд олон жил ярилаа. Наад зах нь уул уурхайн биржээр өнөөдөр 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон. Баялгийн үнэ дэлхий дахинд өссөн учраас нээлттэй өрсөлдөж, хуримтлал үүсгэн ард иргэддээ хүртээж чаддаг байдал руу орж байна. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежмент. Үүний нэг тод жишээ нь "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой" компани дээр БЭТ томилж, өнгөрсөн жилийн хугацаанд хулгай, оффтейк гэрээгээ дарж  2022 онд 1.2 их наяд төгрөг, 2023 онд 3.2 их наяд төгрөг гээд нийт 4.5 их наядын ашигтай ажиллаж, ард түмэнд ашгийг нь тараалаа. Баялгийн менежментээ зөв хийж чадвал ард түмэн ядуурлаас гарах бүрэн боломж байна. Ард иргэдийн 28 хувь ядуурсан байгаа. Мөн 15 орчим хувь нь ядуурах магадлалтай болсон учраас баялгийн менежментийг зөв хийж, сан байгуулах шаардлагатай байна. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, улсаа хөгжүүлэх , ирээдүйд хуримтлалтай болох зарчмаар явж байгааг  хэлье. 

Хүн болгон данс нээж, аппликейшнтэй болно. Хуульд зааснаар баялгийн сантай холбоотой мэдээллийг олон нийтэд мэдээлж байна гэсэн. Төрөлжсөн сангийн асуудлаар УИХ болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг албан ёсоор нийтэлсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор ард түмэнд мэдээлнэ. Мөн төрөлжсөн сангийн болон санхүүгийн үйл ажиллагааны жилийн тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлт гарснаас хойш 10 хоногийн дотор мэдээлнэ. Төрөлжсөн сангийн удирдлага болон сангийн зарцуулалт, гүйцэтгэл, төсөл арга хэмжээний тайланг нэгтгэж, нэгдсэн цахим хуудсаар дамжуулан тогтмол мэдээлж байна. Мөн төрийн аудитыг ард түмэнд ил тод мэдээлнэ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Уул уурхайн салбарын биржийг цахимжуулах гэх мэт ажлууд үр дүнгээ өгсөн. Мөн Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг Шилэн.мн вэб сайт руу орохоор хиймэл оюун ухаан дээр чат ажиллаж байгаа. Энэ аймагт аль компани хэдэн лиценз эзэмшиж байгаа вэ гэдгийг шууд хариулна. Иргэд орж үзээрэй. Салбарын ил тод байдалд хяналт тавих боломжийг иргэдэд олгосон. Өнгөрсөн 2020 онд Г.Занданшатар дарга тэтгэврийн шинэчлэл хийх ажлын хэсэг байгуулж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй бид хамтран ажилласан. Үүний үр дүнд Хувийн нэмэлт тэтгэврийн хуулийг өргөн барьсан ч хав дарчихлаа. Энэ хуулийг оруулмаар байх юм. 

Үндэсний баялгийн сан тэтгэврийн сантай заавал уялдах ёстой. Тэгж байж ард түмний амьжиргаанд шууд нөлөөлнө. Энэ асуудлыг яагаад шийдвэрлэхгүй байгаа юм бэ. Үндэсний баялгийн санд байгаа Хөгжлийн сангийн санхүүжүүлэх зорилтот чиглэл хуулиар тодорхой болбол сайн байна. Ялангуяа МАН Үндэсний аудитын байгууллагад мөрийн хөтөлбөр хүргүүлэхдээ баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инноваци, технологийн салбарт зарцуулна гэдэг үгийг мөрийн хөтөлбөрт тусгасан. Аудитын байгууллагаас энэ мөрийн хөтөлбөрийн зорилтыг зөвшөөрсөн байна лээ. Тэгвэл өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэгээс доошгүй хувийг инноваци технологийн салбарт буюу ирээдүйд зарцуулна гэдэг үгийг хийж өгөх шаардлагатай байна. Дахин хулгай дээрэмд холбогдох вий. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Үндэсний баялгийн сан тэтгэврийн сантай холбох талаар Засгийн газраас оруулж ирээгүй. Тэтгэврийн сан их эмзэг байгаа. Цаашдаа тэтгэврийн санд шинэчлэл хийх, хуримтлагдсан мөнгийг хөдөлгөөнд оруулж өсгөх боломж юу байна. Ингэхгүй бол тэтгэврийн сан хэсэг хугацааны дараа хүнд байдалд орж болзошгүй байгаа. Засгийн газраас энэ асуудлыг оруулж ирээгүй. 

12 : 28
2024-4-18

Баялгийн сангийн хуулийг нэн яаралтайгаар хэлэлцэж байна

  • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, нэн яаралтай/ хэлэлцэж байна. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
  • -Монголын бүх замыг авна гэсэн ойлголт байхгүй. Ажлын дэд хэсгээс Гашуунсухайтын авто зам 100 хувь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн мэдэлд байна. Тэр төмөр замын 66 хувь нь "Эрдэнэс Монгол" компанид байна.Тиймээс технологийн зам дээр ЭТТ компанийн зам байх нь зөв юм уу гэдэг санал оруулж, дэмжигдээд явж байна. Ер нь уул уурхайн том компаниуд "Эрдэнэс Монгол"-д, бодлого нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд байгаа. Энэ зам бол "Эрдэнэс Монгол" компанид очсоноороо бодлого алдагдахгүй байх. Энэ зөвхөн удирдлага гэсэн үгэнд С.Бямбацогт сайд эмзэглээд байх шиг байна. 
  • "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
  • -С.Бямбацогт сайдад буруу мэдээлэл өгсөн бололтой. Нэгд, ажлын хэсгийн үед Баялгийн сангийн орлогыг тогтвортой байлгах асуудал бүлэг дээр уул уурхайн төрийн өмчит компаниуд, эдгээрийн удирдлага зохион байгуулалт нэгдмэл байж, орлого, ногдол ашиг нэгдсэн байдлаар төвлөрч, сангийн орлого бүрдэх үзэл баримтлалын хүрээнд тодорхой салбаруудын нэр орж явсан. Энэ үед ажлын хэсгийн хүрээнд ярьж байгаад манай өөрийн хөрөнгө оруулсан, Хөгжлийн банкны 239 тэрбум төгрөгийн өрийг төлсөн Гашуунсухайт авсан. Бүх хөрөнгө оруулалтыг оруулсан "Тавантолгой төмөр зам" компанийн үг үсэг алга байна гэдэг утгаараа авто зам, төмөр зам гэдэг үг орсон юм. Энийг бүх авто тээврийн зам орох гэж байна гэж буруу ойлгосон байна. Хоёрт, Гашуунсухайт замын талаар салбарын сайд тэнгэр газар шиг тоон мэдээлэлтэй явдаг юм байна. Жилдээ дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн орлого олдог зам. Хөгжлийн банкны өрийг төлөөд замын зардалд есөн жилийн хугацаанд 169 сая төгрөгийг зарцуулсан байдаг. Нийт 87 тэрбумаар замын засварыг хийсэн. Өнгөрсөн жил 25 тэрбумаар зам зассан. Улсын хэмжээн дэх зам засварын төсвөөс илүү тавигдсан. Энэ жил тэр хэмжээний зам засна. Орсон орлогын 10 хувь охин компаниудын санхүүжилтэд зарцуулдаг. Замын хувьд хоёр авто зам, нэг төмөр замын л асуудал байгаа. Өөр асуудал байхгүй. 
  • Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
  • Засгийн газрын өргөн барьсан хуулийн үзэл баримтлал, хуулийн үйлчлэх хүрээ, хамаарах харилцаанаас хальсан асуудал орж байна. Удахгүй эрчим хүч, нефть, архины компаниудын орлогоос бүрдүүлье гээд цоорхой гаргах юм уу.
  • Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:
  • -Хуулийн төслийг унших юм бол  хоёр зүйл байгаа. Орлого бол хамаарахааргүй, удирдлага зохион байгуулалт гэдэг хэсэг дээр авто зам, төмөр зам гэдэг үг нэмэгдсэн. Тэр нь хоёр компанийн тухай л ярилаа. Удирдлага зохион байгуулалтын хувьд Баялгийн сангийн орлогыг тогтвортой байлгах асуудал. Энэ бол Засгийн газрын барьж байгаа тодорхой бодлого. Жишээлбэл, уул уурхайн төрийн өмчит компаниудыг "Эрдэнэс Монгол" компанид Компанийн тухайд заасан удирдлага зохион байгуулалтын ажлыг нь УУХҮЯ бүрэн шилжүүлж өгсөн. Салбарын бодлогоороо чиглэл өгч байгаа. 
  • УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
  • -С.Бямбацогт сайдын асуултад хариулъя. Байнгын хороонд дэмжигдээд явсан хоёр үндэслэл байгаа юм. Ер нь энэ яамдад компаниуд байдаг нь зарчмын хувьд буруу. Өнөөдөр энэ жишиг байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам бүх компаниудыг авч ирээд байлгая, бодлого алдагдаад байна гэвэл төрийн өмчийн оролцоотой Оюутолгой гээд бүх том компаниуд салбарын яаманд байж болно л доо. Гэхдээ өнөөдөр салбарын яам нь бодлогоо барьж, компаниуд нь үйл ажиллагаагаа бие даан шийдвэрлээд явах зарчим бусад яаманд үйлчлэх ёстой гэдэг үүднээс энэ асуудал байж болох нь ээ. Энэ компаниуд яаман дээр байдаг нь буруу. УУХҮЯ жишиг тогтоон ажиллаж байна. Хоёрт, энэ бол "Тавантолгой" компанийн хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулалтаа олж авах ёстой. Нийт 3.4 сая хувьцаа эзэмшигчдэд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцааны үр ашиг нь нэмэгдэнэ гэж хэлж хөрөнгө оруулсан компаниуд өнөөдөр Тавантолгой, Гашуунсухайт гээд ажиллаж байна. Эдгээр нь "Эрдэнэс Монгол" компанийн бүрэлдэхүүнд байх ёстой. 
11 : 33
2024-4-18

Мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэнэ

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/ байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Одоо байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулж байна. Зарчмын зөрүүтэй 25 санал байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-2019 онд энэ хуулийг өргөн барьж байсан. Одоо бол таван жилийн дараа хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгийг ахалж, хуулийг хэлэлцүүлж байгаад баяртай байна. Нэг үндэслэл хэлэхэд, Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 460 гаруй  хуулиас нийт 44 хуульд мэргэжлийн холбоо гэдэг үг орсон. Нэг ёсондоо төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлнэ гэж тусгасан хэдий ч аль ч хуульд мэргэжлийн холбоо гэж юу вэ, чиг үүргийг нь томъёолоогүй. Энэ хуулиар чиг үүргийг нь олон улсын харьцуулалттай тодорхой болгож байгаа нь сайшаалтай. Эмийн сонсгол дээр АТГ-ын комисар "Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд бизнесийн эрх ашигтай" гэсэн.

Өнөөдөр орж ирж байгаа 4-5 мянган эмийг хэдхэн мэргэжилтэн судалж, дүгнэх ямар ч боломжгүй.

Бизнесийн ашиг сонирхолтой байхад тухайн хүмүүсээр эмийг судлах шаардлага тавихад маш хэцүү. Тиймээс энэ ажлыг Мэргэжлийн холбооны хууль гарснаараа эрүүл мэндийн салбарын Мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулагдаж, тусгай зөвшөөрөл, судалгаа шинжилгээ, хуулийн төсөл дээр ажиллах боломжтой болно. Тэгж улстөржилтөөс ангид байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Энэ хууль гарах нь зөв. Хэлэлцэхийг дэмжиж байгаа. Чиг үүрэгтэй холбоотой асуудлыг уншиж танилцууллаа. Үүнд, 12.1.3 заалтад тухайн салбарынхаа бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах гэх мэт төрийн чиг үүргийг хийх юм байна. Хууль боловсруулах асуудал УИХ-д уу, холбоонд хадгалагдах уу гэдэг асуудал яригдана. 

Үнэ тогтоодог юм явах гээд байна. Бинзен, гурилын үнэ буудаггүй гэдэг шиг мэргэжлийн холбоо Удирдах зөвлөлөөрөө шийдсэн, ингэж үнэлэх ёстой гэх вий дээ. Мэргэжлийн үйл ажиллагааны стандарт боловсруулж, нутагшуулна гэсэн байна. Уг нь Стандарт хэмжил зүйн газар хариуцдаг ажил шүү дээ. Тэгээд энэ асуудлыг холбоо шийдэхээр эрх зүйн чадамж нь хэр байх юм бол. Би эргэлзэж л байна. Бас гишүүн байгууллагууд мэргэжлийн холбоогоо төлөөлж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээ байгуулна гэжээ. Гадаад харилцааны нэгдсэн бодлогын хүрээнд яаж явах юм бол?

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Мэргэжлийн холбооны тухай хуулийн нэг ач холбогдол нь салбар нь мэргэжлийн холбоогоо төлөөлж, төрийн бүх үйл ажиллагаанд оролцоход чиглэж байгаа. Төр засаг, УИХ хувийн хэвшлээ сонсдоггүй биш сонсдог. Гэхдээ нэгдсэн дуу хоолой, бодлого дутагдалтай байсныг нэгтгэж байгаа юм. Боловсролын хуульд ажил олгогчдын холбооны төлөөлөл ШУТИС-ын Удирдах зөвлөлд байх ёстой гэсэн заалт байх ёстой. За ингээд санал хураалт явуулъя.

Санал хураал дууслаа. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын  хороонд шилжүүлэв. 

10 : 37
2024-4-18

"Ажлын хэсэг тэс хөндлөн заалт оруулж ирлээ"

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, хоёр УИХ-ын гишүүн үг хэлэх санал хүсэлтийг ирүүлсэн. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэнэ. Өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гол нөхцөл, шийдэгдсэн асуудал нь энэ байсан. Байгалийн баялгийн өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртэх эрхтэй. Байгалийн баялгийг цөөн хүн хүртэх бус улсын гурван сая иргэн бүгд хүртэх боломжийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгож өгсөн. Үндэсний баялгийн санг байгуулна. Засгийн газар нэн яаралтай горимоор хэлэлцэж байна. Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслөөс ангид тэс хөндлөн заалтыг ажлын хэсэг оруулж ирж байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдаагүй, хальж хэтэрсэн заалтыг оруулж, хуулийг гууль болгох гэж байна. Үндэсний баялгийн санд стратегийн ордоо хамруулж, уул уурхайн орлогоо ард түмэн хүртэх ёстой.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн ногдол ашгийг авч байгаа шиг хүртмээр байна. Энэ зорилгоор УИХ-д оруулж, хэлэлцэж байгаа. Гэтэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэж байна. Зарим заалт нь тэс хөндлөн болсон. Байгалийн баялгийн өгөөж, стратегийн ордуудаас гадна төмөр зам, авто замын төрийн өмчит компаниудын орлогыг төвлөрүүлнэ. Удирдлага зохион байгуулалтыг нь "Эрдэнэс Монгол" компани хангана гэж тусгасан байна. Ийм чухал хуульд хариуцлагатай хандмаар байна. Тэр орлого олдог бус зам засдаг компаниудыг хамруулж яах гээд байгаа юм бэ. Ард иргэдийн цасыг нь цэвэрлэж, замыг нь нөхдөг, зорчуулдаг компани. Гашуунсухайт боомтын замыг "Эрдэнэс Монгол" компани эзэмшдэг. Өдөртөө 1000 машин явдаг 540 мянган төгрөгийн замын хураамж төлдөг. Жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог мөртлөө замаа засдаггүй. Хэдэн ажилчдынхаа цалинг л тавьдаг. Энэ компанийг авч үлдэхийн тулд ингээд байгаа юм уу. Замаа засч чаддаггүй шүү дээ. Бүх зам, төмөр замыг авч яах гээд байгаа юм бэ. Улаанбаатар төмөр замын 50 хувийг Монголын тал эзэмшдэг. Тэр компанийн орлогыг авч чадах уу. Ийм байдлаар асуудлыг оруулж ирмээргүй байна.

Өмнө нь С зөвшөөрлийн асуудлыг ярьсан. Авто тээврийн үндэсний төв дээр байхаар авлига авч байна гэсэн. Гэтэл өнөөдөр С зөвшөөрлийг уул уурхайн компаниуд авсан. Энэ зөвшөөрлийн авлига өмнө нь 1-2 сая гэж яригддаг байсан бол одоо 20-30 сая болсон. Би УИХ-ын индэр дээрээс шүгэл үлээж байна. Өмнө нь Л.Халтар сайдаа төмөр зам дээр нэг вагон тавихад 500 сая төгрөгийн авлига авч байна шүү гэдгийг УИХ-ын гишүүн байхдаа хэлж байсан. Үнэхээр тийм байсан. С.Батдөл баригдсан. Нүүрсний хулгай байна, улсын хилээр 2 сая тонн нүүрс гарсан байна гэж хэлж байсан. Ард түмэн бүгдийг мэддэг болсон. Үүнтэй адил С зөвшөөрлөөр шүгэл үлээж байна. Нэртэйгээр нь ЗТХЯ-ыг татан буулгаж, агаарын тээврийн яам болгочих л доо. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Би хөдөө орон нутгаар иргэдтэй олон уулзалт хийсэн. Гол асуудал нь 1072 хувьцааны ногдол ашгийг өгч байгаа нь сайн ч олон хүн энэ мөнгийг авч чадахгүй байгааг ярьж байна. Ахмадууд гэхэд 322.767 хүн, хөгжлийн бэрхшээлтэй 1721, эрүүл мэндийн даатгалын төлбөр гээд 615.701, оюутан 133 мянга байна. Энэ хүмүүс учраа олоогүй байхад хувьцааны мөнгө суутгуулаад байгаа юм байна. Би энэ асуудлаар байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал гаргасан. Хасагдсан, суутгагдсан хувьцааг тухайн иргэн хүсвэл 1072 хүртэлх нэгж хувьцааг 933 төгрөгөөр худалдан авах арга хэмжээг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлнэ гэдэг санал гаргасан ч байнгын хороо санал хурааж өгсөнгүй. Ахмадууд гэхэд ямар ч мэдээлэлгүй байсан байна. Төрөөс хүчээр энэ асуудлыг шийдсэн. Хамгийн их хохирсон иргэд Дархан, Завхан аймаг байна. Иргэдийн төлөөлөл ТУЗ-д орж, тухайн компанийг ашигтай ажиллуулах шаардлагатай. Энэ хувьцааг иргэдэд заавал өгөхийг шаардаж байна. 

10 : 22
2024-4-18

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр/2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцэх аж. Тухайлбал,

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

OCOP 2024-04-18 75.190.35.176

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АЯТАЙХАН БАЙГААРАЙ, ОРДЫГ СТРАТЕГИАС ГАРГАСАН ХҮМҮҮСИЙГ АТГ-ААР ШАЛГУУЛНА ШҮҮ

Avatar

Зочин 2024-04-18 192.82.92.42

Хууль беендехее болиочээ!!! Гаргаж байгаа зуйл нь салбар самарсан, заваарсан юм байх,!

Avatar

ZOCHIN 2024-04-18 103.10.22.177

1 ЭТГЭЭД ХУВЬЦААНЫ 20%-иас ДЭЭШ ЭЗЭМШИХ ЭРХГҮЙ ГЭВЭЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ДУНД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ,ҮЙЛДВЭР БАРИХ,АШИГЛАХААС ЭХЛЭЭД АСУУДАЛ ҮҮСНЭ."ЦАГААН СУВАРГА"-ын ОРД ГЭХЭД"МАК"-д 100% ЭЗЭМШҮҮЛЧИХСЭН УИХ-ын ШИЙД БАЙДАГ.МАК ХАЙГУУЛ,СУДАЛГАА,ТЭЗҮ ХИЙХ,БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭЭД ИХЭЭХЭН ХӨРӨНГӨ ГАРГАСАН.ЭНЭ ХУУЛИЙГ БУЦААЖ МӨРДӨХ ЭСЭХ,МӨРДВӨЛ МАК-ийн ГАРГАСАН ХӨРӨНГИЙГ БАРАГДУУЛАХ,ЯАЖ ХЭНД ХУВЬЦААГ ХУВААЖ ЭЗЭМШҮҮЛЭХ,ЭСВЭЛ ТӨР ӨӨРӨӨ ХӨРӨНГӨӨРӨӨ ҮЙЛДВЭР БАРЬЖ АШИГЛАХУУ ГЭХ АСУУДЛУУД ГАРНА.ХЭЦҮҮ ДЭЭ

Avatar

ЗОЧИН 2024-04-18 103.10.22.177

ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БОЛ ОРДЫГ ТӨРӨӨС ОЛОН КОМПАНИД ХУВААЖ ЭЗЭМШҮҮЛЭХ БУС,БҮР ЭСРЭГЭЭРЭЭ АЛЬ БОЛОХ ЦӨӨН,БҮР ГАНЦ КОМПАНИД ӨГӨӨД ТЭР НЬ ТОЛГОЙЛООД ЭНЭ ОРДЫГ АВЧ ЯВДАГ. ТӨР ХУУЛИЙН ДАГУУ ТАТВАРАА Л АВЧ БАЙВАЛ ХЭН ЭЗЭМШЭЭД АВЧ ЯВАХ НЬ ЕР ХАМААГҮЙ БАЙДАГ. ЖНЬ МАК-ын"ЦАГААНСУВАРГА"-ын ОРДЫГ МАК-ын ОРУУЛСАН ХӨРӨНГИЙГ ТӨЛӨӨД МАК 20%-ыг Л ЭЗЭМШ,БУСДЫГ ӨӨР КОМПАНУУДАД ХУВААЖ ЭЗЭМШҮҮЛНЭ ГЭВЭЛ МАК ҮГҮЙ БОЛЬЁ ГЭХ БАЙХАА.ХУВААЖ ХУВЬ ЭЗЭМШИХЧ Ч ОЛДОХ БОЛОВУУ,ТӨР ӨӨРӨӨ 100% АВX ЯВЖ ЧАДАХУУ ГЭЭД АСУУДЛУУД ГАРНА ДАА

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.181.70

Гоё нэртэй гоомой хууль

Avatar

Нэргүй 2024-04-18 66.181.176.48

Баялгийн сан зэрэг ийм чухал хуулиа нэн яаралтай горимоор хэлэлцэж, шийдэх гэж. Сонгуулийн ээлжилт шоу шиг л харагдаж байна.

Avatar

Зочин 2024-04-18 66.181.182.52

Энэ хуулийг батлуулбал Оюун эрдэнэ л батлуулна. Опун эрдэнээс өөр хүн батлуулж чадахгүй. Батлууллаа гэхэд орлогынх эх үссвэрийг багасгаж батлуулна. Наад хулгайчуудаа шалчийтал нь шахаж багаад эсвэл намаасаа хөөж бгаад батлуулах хэрэгтэй. Оюун эрдэнэд амжилт хүсье. Энэ хэрэгжихгүй бол монголчууд үр удмаараа ядуурлын туйл болж үлдэнэ. Үүнийг оюун эрдэнэ л сайн мэдэрч ойлгоод бгаам даа

Avatar

Бат инженер 2024-04-18 202.9.40.102

Баялагийн сангийн хуулийг МАН олонхи энэ УИХ хулэлцэх эрх байгаа юм уу. Засгийн газар, МАН-ын гигшүүдийн авилгын бас нэг нүх л гаргах гээд байна даа. Ер нь төрөө намчдаас цэвэрлэх цаг болчихсон юм биш үү.

Avatar

х 2024-04-18 202.9.40.19

Олигархиуд одоо мэргэжлийн холбоо гэгчээр дамжуулж сонгуулиа санхүүжүүлэх хуультай болж байгаа гэсэн үг. Сонгуулийн хуульд байсан ТББ-аас санхүүжилт авахыг хориглосон заалтыг аваад хаячихсан. Мэдтүгэй иргэд ээ.

Avatar

Нэргүй 2024-04-18 103.57.94.238

Мэргэжлийн нэгдсэн холбооны хууль гэж захиалгатай, төрийн бууны нохой бэлтгэх хуулиа болио. Төрийн бус байгууллагын хуулиа шинэчлээ.

Avatar

Нэргүй 2024-04-18 188.162.254.16

дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Иргэн 2024-04-18 66.181.179.218

Төрийн өмчит авто болон төмөр замын тээврийн компаниуд ч гэсэн Монголын баялаг мөн л дөө. Бямбацогт хэний эрх ашгийг хамгаалах гээд ийм юм яриад байна??? Би чиний оронд УИХ-ын гишүүн болчихвол арай ухаантай юм ярих байх шүү

Avatar

Нэргүй 2024-04-18 202.72.245.209

тэг л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж