Цэнхэр гаригийн хамгийн том наадам Парис хотноо нээлтээ хийхэд 100 хүрэхгүй өдөр үлдлээ. Нийт 32 спортын төрлөөр дэлхийн шилдэг тамирчид өрсөлдөж, тэднийг сая сая хүн шимтэн сонирхоно. Нээлтийн үйл ажиллагаа ч Сена мөрний хөвөөнд болж, онцгой зүйлс төлөвлөж буй. Гэхдээ болзошгүй аюулууд бий гэнэ. Сүүлийн үед дэлхий дахинд Орос-Украин, Израиль-Газын мөргөлдөөн даамжирч, террорист халдлагууд харанга дэлдэж байна. Үүнээс гадна Парис хотын нийтийн тээвэр, ажил хаялт, буудлаар нь үүрлэсэн хортон шавж, бүтээн байгуулалтууд санаа зовоож байгаа гэнэ. Сена мөрний дагуух номын худалдаачид ч нүүхээс татгалзаж, эсэргүүцэл илэрхийлжээ.
Олимпийн галт бамбаг Грекийн Олимпиа уулын бэлээс Парис хотыг хүрэх аялалдаа гарсан. Францын 65 бүс нутгийн 400 гаруй хот, тосгодыг дайран Парис хотноо хүрнэ. Энэ хүртэлх хугацаанд Парис хот олимпод бэлтгэл ажлаа бүрэн хангаж чадах уу?
ПАРИСЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД БЭЛЭН ҮҮ?
Олимпод зориулан ногоон байгууламжийг бүрэн шийдсэн гэнэ. Шинээр ногоон бүс байгуулснаас гадна хуучин газруудаа арчилж, тордон ногоон наадам болгохоор төлөвлөжээ. Барилга байгууламжийн тухайд Парист ганцхан шинэ барилга барьсан бөгөөд энэ нь 18 дугаар тойрогт байрлах Порт де ла Чапелл дахь "Adidas Arena" аж. Энэ цэнгэлдэхэд бадминтон, уран сайхны гимнастик, пара бадминтон, пара хүндийн өргөлт зэрэг спортууд болно.
Мөн олимпийн тосгон, усан спортын төвийг шинээр байгуулсан ч Парисын төвд бус хойд хэсгийн Сент-Денис болон үндэсний цэнгэлдэх хүрээлэн болох Стад де Франсын ойролцоо байгуулжээ. Олимпийн хотхоныг хоёрдугаар сард зохион байгуулах комисст хүлээлгэн өгч, энэ сард Усан спортын төв нээлтээ хийсэн.
Гэхдээ бүх зүйл бэлэн болоогүй. Засвар, шинэчлэл хийж буй барилга байгууламжуудыг ажил дуусаагүй байна. Эйфелийн цамхаг тэргүүтэй хотын түүхэн дурсгалт газруудын ойролцоо элсний волейбол, 3х3 сагсан бөмбөг, BMX зэрэг спортуудад зориулан түр талбай засах аж.
НИЙТИЙН ТЭЭВЭР ТЭРГҮҮТЭЙ БУСАД АСУУДЛУУД ШИЙДЭГДСЭН ҮҮ?
Метроны 14 дүгээр шугамын өргөтгөл бэлэн болоход ойртжээ. Ингэснээр нисэх онгоцны буудлаас шууд олимпийн гол байгууламжууд руу хүрэх боломжтой болно. Зохион байгуулагчдын зүгээс 14 дүгээр шугамын өргөтгөл тав эсвэл зургадугаар сард ашиглалтад орно гэжээ. Мөн галт тэрэг, метроны үйлчилгээг 15 хувиар нэмэгдүүлэх аж. Үүнийгээ дагаад ч нийтийн тээврийн үнэ хоёр дахин нэмэгдэнэ.
НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ҮНЭХЭЭР СЕНА МӨРӨН ДЭЭР БОЛОХ УУ?
Олимпийн наадамд анх удаагаа цэнгэлдэх хүрээлэнд бус гадаа талбайд болох төлөвлөгөөтэй. Сена мөрөн дээр усан онгоц ашиглан парад хийх яриа гарсан. Үндэсний номын сангаас эхлэх парад Шайло ордоны ойролцоо өндөрлөх талаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Гэхдээ үүнийгээ дагаад аюулгүй байдлын асуудал яригдаж байна. Москвад саяхан болсон халдлага Францын хууль, хүчнийхний санааг зовоож буй. Нээлтийн ёслолд 10,500 тамирчин, 600 мянга орчим үзэгчид оролцох тооцоо бий.
Сена мөрний номын худалдаачдын асуудалд тус улсын ерөнхийлөгч Макрон хүртэл оролцож, нөхөн төлбөр өгч нүүлгэн шилжүүлэхээр болсон. Аюулгүй байдлаа ч бодож, үзэгчдийнхээ тоог 70 мянган орчим бууруулсан гэнэ. Макрон Сена мөрөн дээр нээлт хийх санааг 100 хувь дэмжиж байгаа бөгөөд зохион байгуулах комисст ч В эсвэл С төлөвлөгөө байхгүй аж.
Паралимпийн нээлт Елисейн талбайд болно.
АЮУЛГҮЙ БАЙДЛАА БҮРЭН ХАНГАЖ ЧАДСАН УУ?
Парис хот бол цагаачид ихтэй, үймээн самуун үе үе даамжирдаг, хүч хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг газар. Үүнээс гадна олон улсад мөргөлдөөн, цэргийн үйл ажиллагаа ид өрнөж байна. Францын дотоод хэргийн сайд Жеральд Дарманингийн хэлснээр нээлт болохоос долоо хоногийн өмнө Сена мөрний эргэн тойронд өндөржүүлсэн хамгаалалт гарч, замын хөдөлгөөн, 15 дугаар метроны шугам, трамвайн станцуудыг хаана гэжээ. Зөвхөн Сена мөрөн дээрх дөрвөн гүүр л нээлттэй байна. Хамгаалалтын бүст амьдардаг хүмүүст "QR" код олгоно гэв.
СЕНА МӨРӨНД СЭЛЖ БОЛОХ УУ?
Парис хот олимпийн түүхэн дэх хамгийн цэвэр, цэмцгэр наадмыг зохион байгуулахыг хичээж буй. Үүнийхээ дагуу ч Сена мөрнийг цэвэрлэж, хог хаягдлыг нь гаргасан. Мөн Сена мөрөнд триатлоны тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ 1923 оноос хойш Сена мөрөнд усанд сэлэхийг хоригложээ. Зохион байгуулагчдын зүгээс үүн дээр онцгой анхаарал хандуулж, наадмаас өмнө гурван газар усанд орох талбай нээхээр хөөцөлдөж байна.
Борооны үеэр Сена мөрөн хог хаягдлаар дүүрдэг учир бохир ус хадгалах шинэ байгууламж барьж байна. Эл үйлдлээ тамирчдын эрүүл мэндийн төлөө гэж тайлбарлажээ. Олимп эхлэх хүртэл усны чанарыг байнга шалгаж, хоёр сар үргэлжилсэн бороо орохгүй л бол одоогийн байдлаар бүх зүйлд бэлэн гэв.
ПАРИС ОЛИМП ЯМАР ӨРТГӨӨР БҮТЭЖ БАЙНА ВЭ?
Олимпийн наадмын зардал Франц улсад дарамт болохгүй гэж "S&P Global" агентлаг үзжээ. Парисын олимпийн 2022 оны төсвийн тоймд Парис-2024 наадам зохион байгуулах хороонд нийт 4.38 тэрбум евро, ОУОХ-ноос 1.2 тэрбум евро (750 сая еврогийн телевизийн эрх, 470 сая еврогийн ивээн тэтгэгчдийн дэмжлэг) төсөвлөсөн байна. Гэхдээ дэд бүтэц, засвар шинэчлэлтийн ажлын улмаас анхны төсөв хоёр дахин нэмэгдэж, 8.8 тэрбум еврод хүрэх аж. Ингэсэн ч Лондон, Рио, Токиогийн олимпоос бага зардалтай наадам болно.
Харин наадмын тасалбар, тусгай зөвшөөрөл, зочлох үйлчилгээнүүдээс 1.1 тэрбум евро, 170 сая евро, 127 сая еврогийн ашиг олох бөгөөд ивээн тэтгэгчдээс 1.226 тэрбум еврогийн орлого олохоор тооцоолжээ.
Францын аудитын дарга асан Пьер Московичигийн хэлснээр наадмын зардал нь 3-5 тэрбум еврогийн хооронд байх ёстой ч бодит зардал нь наадам дуустал мэдэгдэхгүй гэжээ.
МОНГОЛ УЛС БЭЛЭН ҮҮ?
Одоогоор Олимпын 6 спортын төрөлд 10 эрх, Паралимпын 3 төрөлд 4 эрх баталгаажаад буй.
Жэбэ 2024-04-18 202.126.90.146
одо нэг монгол н очоод алтан мэдаал гдг шармал гууль аваад ирнээ ядаргаа тгээд татвар төлөгчид насаар н тэжээх хэрэг гарна:(
Нэргүй 2024-04-18 192.42.116.188
Макрон маань Парисын бөөс, жоом, хархны асуудлаа шийдэж чадсан л байгаа даа 😂😂😂