Сүүлийн жилүүдэд Монголын бизнесийн орчин дарамт шахалт ихтэйгээс хумигдмал болж,тус салбарынхан эрхэлж байгаа үйл ажиллагаагаа зогсоож гадаад орныг ихээр зорьж буй. Тэгвэл өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа, цаашид юун дээр анхаарч байж монгол үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ тогтоож барьсан улс болох талаар Либертари намыг үүсгэн байгуулагч Д.Амартүвшинтэй ярилцлаа.
-Эрх баригчдын бодлогыг та хамгийн хурцаар шүүмжилдэг. Үнэхээр Монголд бизнес эрхлэхэд хэцүү юу?
-Бизнес хийхэд маш хүнд нөхцөлтэй. Компани байгуулахад амархан юм шиг харагддаг мөртлөө, компани байгуулснаас хойш хамаг асуудал ундардаг. Эдийн засгийн эрх чөлөөний индекс гэж бий. Монгол Улс ихэнхдээ эрх чөлөөгүй болон дундаж эрх чөлөөтэй гэдэг ангилалд байнга хамаардаг. Энэ нь бизнес эрхлэхэд таагүй орчинтой гэдгийг харуулж байна. Бид долоо хоног бүр хувийн хэвшлийн залуучуудаар уулздаг. Хамгийн том асуудал нь тэдний хэлж байгаагаар нэгдүгээрт, ажилчдын цалин хөлсөнд оногдуулж байгаа хэт өндөр татвар, шимтгэл. Хоёрдугаарт, байгууллагаас авч байгаа татварууд маш өндөр байна. Татвар гэж нэрлэгдээгүй мөртлөө дарамт нь татвар шиг зүйлс их байна. Жишээ нь, нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар. Ам нээж байгаа жижиг дунд бизнес эрхлэгч бүр нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татварын өртэй гэж байна.
Компани байгуулсан мөчөөс эхлэн хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болж хувирдаг.
Татваруудаа төлөөд явъя гэхээр Монгол Улсын татварын орчин том аж ахуй нэгж, компаниудад л зориулагдсан. Жижиг аж ахуй нэгжүүд нь тэр их татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр ямар ч ашиггүй үйл ажиллагаа явуулж байна. Дээрээс нь төрийн байгууллагын дарамт шахалт. Төрийн зарим албан хаагч дүрэм, журам, стандарт зэргийг мөрдүүлэх нэрийдлээр хүмүүсийг шантаажилж, дээрэлхэж, дээрмийн бүлэглэл шиг ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд нь бизнес хийж, баялаг бүтээх гэж яваа хүмүүсээ мэрж амьдарч байна. Ингэж зовон зовон байж бизнес хийх шаардлага байна уу гэж хүртэл өөрөөсөө асууж байна.
Сүүлийн дөрвөн жилд бизнес хийж байгаа залуус үйл ажиллагаагаа зогсоож, тоног төхөөрөмжөө зарж, гадаад руу олноор явж байгаа нь ч үүнтэй холбоотой.
-Тэгээд арга ядахдаа иргэд, хувийн хэвшлийнхэн "Тэвчээр тасарлаа" гэж хашгирсан. Тэгсэн ч өөрчлөгдсөн юм алга уу. Төрийн нүд, чих дүлийрчихсэн байна уу?
-Үйлчилгээний болон бусад байгууллагын тэг зогсолт яах вэ, арилсан. "Тэвчээр тасарлаа" гээд хувийн хэвшлийн нэгдэж гаргасан хөдөлгөөнд оролцож үзэл бодлоо илэрхийлж ч явсан. Covid-19-ийн хязгаарлалтуудаас болж хамгийн өндөр хохирсон нь үйлчилгээ, аялал жуулчлалын салбар. 2020-2022 онд компани нь тэг зогсолтоос болж дампуурсан олон хүн өнөөдөр гадаадад ажиллаж байна. Тухайн үед авч хэрэгжүүлж байсан хязгаарлалт, дэглэм одоогийн байгаа төрийн нэг царай.
Төрийн шийдвэр үргэлж тодорхойгүй, ойлгомжгүй, харанхуй байснаас бизнес эрхлэгчид цаг хугацаа, хөрөнгө санхүүгээрээ хохирдог.
Нөгөө талд дабль стандарт Монголд үйлчилдэг. Дарга нарын таньдаг найз нөхөд, хамаатан садангууд нь тэс өөр бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь монголчууд эх орноосоо зугтах үндсэн шалтгаан болж байна. Уг нь бол дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа байгууллагуудад татвар, шимтгэлийн хөнгөлөлт байх ёстой. Эхний 1-3 жилд нь татварын хөнгөлөгт үзүүлдэг байх шаардлагатай юм. Зохицуулалтгүйгээс бизнесийн орчны тогтолцоо алдагдаж, хүмүүс энэ салбар руу орох биш эсрэгээрээ дайжиж байгаа нь харамсалтай. Бизнес хийхээр банкны зээл, зээлийн хүү, түрээс, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, маркетинг хийх, ашиг олох гээд явж байгаа хүмүүст төрийн бүхий л байгууллагын дарамт ирдэг. Гадаадад бол дарамталдаггүй дэмждэг. Энэ нь заавал хөрөнгө мөнгөөр дэмжинэ гэсэн үг биш. Дүрэм, журам, мөрдөх стандартыг дарамтгүйгээр тайлбарлаж өгөхөөс эхэлнэ.
Одоо гэхдээ хөрсөн дээр огт буухгүй стандартуудаа Монгол Улс болих хэрэгтэй.
Төрөөс бизнес эрхлэгчдийг татвар төлж, хүмүүс цалинжуулж байгаад нь талархаж, дэмжих хэрэгтэй. Үйл ажиллагааг нь томруулж, түүний хэрээр татвар нэмж авах бодлого байдаггүй. Дарамт шахалтуудыг бодохоор зовж, зовж бизнес хийх ямар ч шаардлага байхгүй. Харин түүний оронд халамж, хишиг хүлээгээд ажил хийхгүй ангайгаад хэвтэж байсан нь ая тухтай. Ажил хийхгүй байх тусам хороо, дүүрэг анхаарч, улс төрчид хүртэл хоол хүнсийг нь зөөж өгөх жишээтэй. Ийм байдлаас болж бухимдсан байж ажил хийхийн оронд гэртээ ажилгүй хэвтэх, эсвэл гадаадад очиж хар ажил хийсэн нь дээр гэдэг л сонголттой нүүр тулж байна.
-Сүүлийн үед төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ, төрийн хүнд сурталыг бууруулна гэж эрх баригчид ярих болсон. Үнэхээр төр хувийн хэвшилтэй түншлэж чадаж байна уу. Төрийн хүнд суртал буурсан уу?
-Татвар төлөөд байгаа хэр нь төрөөс ямар ч үйлчилгээ авдаггүйтэй хэн ч маргахгүй. Ганцхан жишээ авахад "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийхөнтэй цар тахлын үеэр Соёлын төв өргөөнд хотын менежертэй уулзаж байлаа. Тухайн үед тэнд байсан бүх л бизнес эрхлэгч хэлж байсан. Хотын татвар гэж авч байгаа. Түүний хариуд хотын захиргаа бизнес эрхлэгчдийг яаж хамгаалж байгаа юм. "Covid-19" гарангуут үйлчилгээний байгууллагуудаа хаана гэдэг шийдвэрийг Засгийн газраас гаргахад хотоос огт тэмцээгүй. Уг нь төсвийг нь бүрдүүлж өгдөг гол татвар төлөгчдөө хамгаалах ёстой шүү дээ. Гэтэл хотын менежер нь уурлаж, бидний дарга юм шиг хандлага илэрхийлж байлаа.
Уг нь бол төрд байгаа иргэдийг төлөөлж байгаа хүмүүс ард иргэдийн дарга биш. Иргэдийн татварын мөнгөөр үйлчилгээ үзүүлэх ёстой л албан тушаалтнууд.
Цалингийн бааз сууриа татвар төлөгчдийн мөнгөнөөс авч байна уу, эсвэл өөрсдөө бизнес эрхлээд баялаг бүтээгчдийн мөнгөнөөс авч байна уу гэдэг асар ялгаатай. Ийм зүйлийг эрх барьж байгаа хүмүүс ойлгодоггүйгээс бид үйлчилгээ авахын оронд дарамт мэдэрч байна.
Татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгасаар байгаад сурчихсан тогтолцооноос болж хүмүүс таатай орчинд амьдарч чадахгүй байна. Гарын салаагаар урсгадаггүй байсан бол брожур болгоноо солино гэхгүй л байх. Хүмүүс ажил хийж, зовж авсан цалингаасаа татвар төлөхдөө зүгээр байгаа брожур солих, цавчаа ногооныг санхүүжүүл гэж төлөхгүй байгаа нь ойлгомжтой.
Төрийн албан хаагч шууд үйлчилж байгаа нэг л газар бий. Тэр нь нэг цонхны үйлчилгээ. Ганцхан мэргэжилтэн сууж, тэр хүнээс үйлчилгээ авахаар бөөн хүн оочерлож, стресстсэн нөхцөл байдалтай.
Нөгөө албан хаагч нь ч бүр хүнд сурталтай болчихсон. Хүн 20-30 минут хүлээж, хүлээж очихоор ийм бичиг баримт дутуу байна гэнэ. Тэгээд дутуугаа гүйцээгээд очихоор дахиад тэр байхгүй байна гэх. Ажлаа мэддэг бол хүнд нэг мөр зөвлөгөө өгөөд явуулна. Ингэж чадахгүй байгаагаас нэг цонхны үйлчилгээ хүртэл хүнд сурталтай болсон.
"МАН-Д ДАХИН ДӨРВӨН ЖИЛИЙН ЭРХ МЭДЭЛ ӨГӨӨД ЯМАР Ч НЭМЭРГҮЙ"
-УИХ-ын сонгууль зургадугаар сард болно. Өнгөрсөн найман жил бизнесийн орчин муудсан гэлээ. Сайжрах хүлээлт байна уу?
-Би хувьдаа эрх барьж байгаа хүмүүстэй холбоотой. Сүүлийн найман жил МАН дангаар засаглаж, хоёр ч удаа том амлалтууд өгсөн. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, хотын татвар гээд нэмж болох бүхий зүйлийг нэмсэн. Амлалт бол худал. Найман жил болохдоо бизнесийн орчны бугшсан асуудлыг арилгаагүй, төрийн дарамтыг байхгүй болгоогүй хүмүүст дахиад дөрвөн жилийн эрх мэдэл өгөөд ямар ч найдлага байхгүй. 60 наслах хүн байлаа гэхэд амьдралынх нь 5/1 хэсгийг үр бүтээлгүй урсгаж байгаатай адил.
Одоо бол Монголоос залуучууд дайжиж байгаа дээр толгой гашилгах ямар ч хэрэггүй. Энэ олон дарамтаа багасгачихвал шийдэл нь гараад ирнэ. Бодлого ч хэрэггүй.
Данхайсан төсөвтэй, түүнээс болж ажил хийж байгаа хүмүүсээ шулдаг байдлаа л зогсоочихвол ямар ч тэнэг хүн энэ салбараас гаръя, гадаад явъя гэж шийдэхгүй. Арай гэж бизнес босгох гэхээр нэг нөхөр томроод, дарамтлаад байхаар хэн энэ улсад ажил хийхийг хүсэх юм. Өнөөдрийн төрөөс барьж байгаа бодлогыг гадаадад "үрийн төмсөө идэх" гэх нэрлэдэг юм билээ. Үрийн төмсөө идсэн хүмүүс хавар авах төмсгүй байна. Яг түүнтэй адил дөнгөж ажил, бизнес хийж эхэлж байгаа хүмүүсийг ажилд орно уу, үгүй юу дарамтлаад эхлэхээр тэнд хэн тогтох юм. Дээрээс нь ямар хүн Монголд ажиллахыг хүсэх вэ дээ.
Монгол дампуурах эхлэлүүдийг аль хэдийнэ тавьчихсан.
-Тэгэхээр Монголоос явсан дээр гэж үү?
-Монгол Улсаас хийдэг, бүтээдэг бүх хүмүүс дайжиж, тэжээлгэдэг, тэтгүүлдэг масс нь үлдэх нь цаг хугацааны асуудал болсон. Тэгэхээр тэжээврүүдийн орон болж байгаа энэ байдлаа л зогсоох хэрэгтэй. Үүний тулд ирэх сонгуулиар хий хоосон амлалтад итгэхгүй, сонголтоо л зөв хийх ёстой. Төр ард иргэдээ бүтээгч болгохын тулд арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Нөгөө талдаа бизнес эрхлэгчид ч нэгдэх хэрэгтэй. Хэчнээн жил дарамтлуулж, хэдэн хүн гадаад руу явсны дараа зохицуулалт хийх вэ. Тиймээс улстөрчдөөс шаардах хэрэгтэй. Төрийн данхайсан эрх мэдэл, төсвийг багасгах. Авлига хоёрхон хэлбэрээр явагдаж байна. Нэг нь эзэнгүй өмч дээр, нөгөө нь төрийн дарамт дээр. Тэгэхээр төрийн шантааж, бүлэглэсэн дээрмийг зогсоохын тулд шинэ залуу, бодит ажил хийх хүмүүсийг л нам харгалзахгүй сонгох хэрэгтэй.
Холбоотой мэдээ