Ирэх долоо хоногт шүүх дуулиант ХЭРГҮҮД

Ирэх долоо хоногт шүүх дуулиант ХЭРГҮҮД

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


УЛСЫН АРСЛАН М.БАДАРЧИЙН ДОПИНГИЙН АСУУДЛЫГ ШИЙДНЭ

Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос /2024.04.05/ мэдэгдэл гаргасан. Тус комисс нь "Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-аар хянан баталгаажуулж, зөвшөөрөгдсөн Давж заалдах комиссын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн 20.1-т “Давж заалдах комиссын шийдвэрийн эх хувь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх хураангуй тайлбар эсхүл үр дүнг тодорхойлсон хэвлэлийн мэдээг Давж заалдах комисс олон нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу хэвлэлийн мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа болно" гэдгийг зарласан юм.

Мэдэгдлийн агуулга нь "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс М.Бадарчаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага НҮТББ-уудад холбогдох допингийн маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Бүрэлдэхүүн хуралдааныг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр 10:00 цагт хийхээр товлож оролцогч талуудад хуралдааныг товыг хүргүүлсэн болно" гэв.

УДШ-ЭЭР Ж.СОРОНЗОН НАРЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэргийг 2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товложээ.  Хурлаар Ж.Соронзонгийн нэхэмжлэлтэй, Боловсрол, шинжлэх ухааны сайдад холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2023/0918 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 221/МА2024/0097 дугаар магадлалтай захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцэх юм.
Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Ч.Мөнхчулуун өмнө нь мэдээлэхдээ "Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүх рүү буцаасан байгаа.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу энэхүү магадлал маань 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй” гэдгийг мэдээлж байв.
ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНБАЗАР НАРЫН ХЭРГИЙГ ТУСГААРЛАХ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ШИЙДВЭРЛЭВ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн хэргийг Улсын дээд шүүхээр өчигдөр /2024.04.17/ хэлэлцжээ. Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн шүүгчийн захирамжаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэх зэрэг үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2024 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн шүүхийн магадлалаар Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй, мөн хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй, иймээс хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байгаа тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав.

Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна. Ингэснээр прокурорын байгууллага шүүхийн шийдвэрийн дагуу ажиллах юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Т.Бадамжунай, Ц.Анандбазар нарын үйлдлийг нэгтгэн шийдвэрлэх талаар заасан хэсэг болон шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаануудаас заримыг нөхөн гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн хэвээр үлдээсэн юм.
Харин давж заалдах шатны шүүх Т.Бадамжунайд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинж байгааг шалгах шаардлагатай гэж нэмэлт заалт оруулсан байдаг.
"БЭЛТЭС МӨРӨН" ХХК-ИЙН ХЭРГИЙГ ДАХИН ШҮҮНЭ
Тиймээс Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцэхээр болсон байна.
Эргэн сануулбал, Хөвсгөл аймагт 2021 оны дөрөвдүгээр сараас “Нэмэх даатгал” гэх тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, иргэдээс өндөр хүүтэйгээр их хэмжээний мөнгө татан төвлөрүүлж буцааж хуваарилж байсан “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон юм.
НОГООН АВТОБУСНЫ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ

Ногоон автобусны гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 24-ний 10.00 цагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлосон гэдгийг шүүх байгууллагаас мэдээлсэн. Энэ хэргийг нэг сарын өмнө /2024.03.11/ шүүхэд шилжүүлсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлгээр мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийсэн эсэхийг хэлэлцэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосныг хуулийн байгууллагаас тогтоосон байдаг.

Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон талаар өмнө нь мэдээлж байв. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан гэдэг мэдээллийг өгсөн.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж