Маурицио Гүччигийн хойд дүр

ХҮМҮҮС

Маурицио Гүччигийн хойд дүр

Маурицио Гүччигийн хойд дүр

"NEWS" агентлагаас хөтлөн гаргадаг "ХҮМҮҮС" буландаа "нас бол зүгээр л тоо" гэдгийг батлан харуулсан  олон зуун хүүхдүүдийн  төлөөлөл Макс Александрыг онцолж байна. Тэрбээр дөрвөн наснаасаа эхэлж хувцас загварын ертөнцөд хөл тавьж, хэд хэдэн коллекц урласан аж.


Макс Александр 2016 онд Калифорни мужийн Лос Анжелес хотод канад аав, америк ээжийн гэр бүлд айлын дунд хүү болон мэндэлжээ. Тэрбээр 2021 онд "Далайн эрэг дээрх бяцхан далайн гахай" гэх урлагийн сургуулийн өмнөх боловсролын сургуулийг төгссөн. Эцэг эх нь гар урлал сонирхогчид бөгөөд Макс сургуульд орсон цагаас эхлэн  Винсент Ван Гог, Яйой Кусама, Фрида Кало, Александр Калдер зэрэг алдартай уран бүтээлчдээс үлгэр жишээ авдаг болжээ.

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭЖ ЭХЭЛСЭН ҮЕ

Макс 2020 онд гэр бүлдээ "Би хувцас урладаг хүн болмоор байна" гэж хэлснээс хойш зураач мэргэжилтэй ээж Шерри нь түүний урам зоригийг хүндэлж, оёдол эсгүүр зааж эхэлсэн. Бүх зүйлийг анхнаас нь сурч буй Максын хувьд сонирхолдоо хөтлөгдөн, хоёр долоо хоногийн хугацаанд хувцас хийх талаар бүхнийг сурсан гэж ээж нь ярьдаг.

Макс загвар зохион бүтээхээс эхлэн модель олох хүртэл бүхнийг гардан хийдэг ба ээжийнхээ бүтээсэн картон манекеныг ашиглан хэд хэдэн загвар гаргаснаар 2021 онд  "Couture to Max" үүссэн байна.

Хамгийн анх Макс хуучин даавуу, хэрэглэхгүй үлдсэн тууз, хуванцар боолт зэргийг ашиглаж хувцас урлаж эхэлжээ. Гараа зүгшрүүлэхийн тулд өдөрт дор хаяж хоёр цагийг оёход зарцуулдаг байсан. Бага багаар хичээсээр анхны даашинзаа урласан ба таван настайдаа оёдлын сургалтад сууснаар илүү чадварлаг болжээ. Ээж Шерригийн хувьд Макс удалгүй оёдлоос уйдна гэж бодсон. Гэвч 2021 онд Макс хамгийн анхны загварын шоугаа танилцуулахад хүүгээрээ бахархаж байсан нь лавтай. Цар тахлын үед цөөн зочидтойгоор загварын шоугаа эхлүүлсэн ба бага насны хүүхдэд зориулсан хувцаснууд танилцуулсан байна.

Макс ертөнцийг үзэх үзлээ загварууддаа тусгаж өгдөг. Түүний урласан даашинзнууд тод өнгөөр дүүрэн. Гоёмсог саа, чихрийн уут, солонгорсон даавуу гээд түүний загвар тун чамин гэж "People" сэтгүүл онцолжээ.

Далай бол Максын бүтээлийн салшгүй нэг хэсэг болсон. Далайн ургамал, долгион, хугарлыг илтгэх загварууд зохион бүтээдэг нь түүний өвөг дээдсээс эхлэлтэй. Түүний элэнц өвөө нь 1930-аад онд Канадад даавуу зүсэгчээр ажиллаж байжээ. Аавынх нь өвөө Жак 1970-1980 оны үед Монреаль дахь 35 гаруй дэлгүүрийг багтаасан хувцасны бизнес эрхэлдэг байсан. Түүний ээж Шерригийн эмээ, элэнц эмээ нь хоёулаа авьяаслаг оёдолчид байв.

ХОЛЛИВУДЫН ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ 

Макс өөрийн цуглуулсан мөнгөөрөө хуучин оёдлын машин авсан байдаг. Түүний оёх чадвар ээжээсээ илүү гарсан ба  дүү Доригоо туслахаараа ажиллуулах дуртай. Долоо хоногт нэг загварт төвлөрөн ажилдаг түүнээс  Холливудын алдартнууд хувцас урлаж өгөхийг хүсдэг болжээ. Максын нэг бүтээл 1200 ам.доллараар үнэлэгддэг бөгөөд орлогынхоо ихэнх хэсгээр даавуу авдаг байна. Тэрбээр Шарон Стоун, Лола Андреони, Бобын бүжгийн хамтлаг зэрэг алдартнуудын захиалгаар загвар зохион бүтээж байв.

Макс 2022 оноос хойш  Франц, Мексик, Бразил, Герман, Канад болон АНУ зэрэг  дэлхийн өнцөг булан бүрээс үйлчлүүлэгчтэй болж, тэдний хүссэн даашинзыг урлах болсон.

Макс 2022 онд  Нью-Йорк хотын "Загварын долоо хоног"-т коллекцоо танилцуулсан. Загвар зохион бүтээгчид түүнийг бяцхан "Гүччи" гэж нэрлэдэг ба Маурицио Гүччигийн хойд дүр гэлцэх болжээ. Макс олонд танигдаж,  "Instagram"-даа 2.7 сая дагагчтай болсон бол "TikTok" хаяг нь 966.2 мянган дагагчтай болсон. Ээж Шерри нь бүх цахим хаягуудыг нь хөтөлдөг бөгөөд өдөрт дор хаяж 1000 гаруй хүн бяцхан Гүччид амжилт хүссэн мессеж илгээдэг гэв.  "Couture to the Max" брэнд нь байгуулагдсан цагаасаа хойш  өнгөлөг, залуу чиг хандлагыг баримталсан бөгөөд эмэгтэй дүр төрхийг тодотгож өгдөг. Тэрбээр даашинз хийхээс  гадна кутюр ороолт, хөнжил, кимоно, хүрэм зэрэг урладаг .

Максын гол уриа бол "Ямар ч хэмжээ, хэлбэр бүхий эмэгтэй байсан үзэсгэлэнтэй мэдрэмж төрүүлнэ" юм.

Макс одоогоор Өмнөд Калифорнид гэр бүлийн  хамт амьдардаг. Түүний дизайн, оёдол, хувцасны сонирхол нь өсч томрох тусам улам бүр нэмэгдэж  байна. Макс Нью-Йоркд амьдрах хүсэлтэй тул анхны байраа авахаар мөнгөө хуримтлуулж байгаа ба  чөлөөт цагаараа нэгдүгээр ангид суралцдаг. Макс "United Talent Agency"-д харьяалагддаг бөгөөд хэд хэдэн том сэтгүүл, телевизийн ярилцлагад орж байсан. Хэрэв бяцхан Максын загваруудыг сонирхох бол https://www.couturetothemax.com/ -руу зочлоорой.

Эх сурвалж: Business Insider, Couture to Max, New York Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж