Үд дундын нар төөнөж, үүргэвч үүрсэн хүүхдүүд хичээлээ таран гэрийн зүг алхана. Гадаа дулаарч, гэртээ харих зам нь гэгээтэй болсон ч тэдэн рүү дайрч хуцалдах ноход илүү олон болсон гэлтэй. “Чи энэ эгчид яаж нохойнд хөөгдөж байснаа ярь л даа” хэмээн инээлдэх хөвгүүд энэ л аюултай амьдралдаа хэдийн дасал болсон мэт.
Олны нэрлэж заншсанаар Долоон буудлын ойролцоох ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангид тэд суралцдаг. Хичээлтэй өдөр бүр хамтдаа энэ замаар алхана. Тиймээс аль гудамж урж тасдаж мэдэхээр нохойтой, аль гудамж хамгийн аюул багатайг хамгийн сайн мэддэг.
Бага ангид байхдаа аав ээжээрээ сургуульдаа хүргүүлж хамгаалах хүнтэй явдаг байсан ч, өсөж том болохын хэрээр найзууд нэгэндээ хань бараа болж, зарим тохиолдолд аргагүйн эрхэнд ганцаараа гудамж өгсөнө.
Сурагч М “Би төрсөн цагаасаа хойш энд амьдарсан. Тийм болохоор бараг л айдаггүй. Зарим нохойнууд хуцсан ч дайрдаггүй, харин зарим нь араас дагаад, гүйхээр яг барьж авах гэж байгаа юм шиг хөөдөг. Тийм болохоор араасаа хөөлгөхгүйн тулд байгаа газраа зогсоод хүн ирэхийг хүлээдэг” гэлээ.
Сурагч Д “Манайх уг нь энэ урд талын гудманд байдаг. Гэхдээ манайхаас гурван хаалганы зайтай “аймаар урдаг” нохой бий. Тийм болохоор найзтайгаа цуг энэ гудмаар өгсөөд дээд талаараа тойрч гэртээ ордог. Өмнө жил манай хажуу айлын хүүхдийг тэр нохой хазсан. Би хэдий жоохон хүүхэд биш ч гэсэн айж явбал аминд өлзийтэй гэж боддог” хэмээн хэрсүү хариулт өгөв.
Эргэн тойрноо ажвал энэхүү өгсүүр гудамжинд нохой дайрвал тэднийг хамгаалах том хүн нэг ч байсангүй.
Удалгүй нохойгоо дагуулан алхах сурагч охинтой таарч, асуулт асуухаар дөхөж очиход нохой нь архирч ярилцаж чадсангүй.
Ихэнх нохой тэжээгчид манай нохой их зөөлхөн, хазахгүй гэж сул тавьдаг. Гадуур авч явахдаа хүзүүвч, хошуувч бараг л хэрэглэхгүй. Гэвч бодит байдал дээр ноход хэчнээн хүүхдийг гэмтээснийг нарийвчлан гаргасан тоо алга. Бид мэдээллийг тодруулах зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт очлоо. Нохойд хазуулсан хүмүүс энэ эмнэлэгт ирдэг гэх мэдээллээр тэнд очиход нүд халтирмаар дүр зураг угтав. Тэнд зав зайтай эмч, сувилагч алга. Гэсэн ч бид Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн хүлээн авахын яаралтай тусламжийн эмч Э.Алтаншагайгаас доорх тодруулгыг авсан юм.
Тус эмнэлэгт өдөрт дунджаар 5-10-н хүн нохойд хазуулсан гэх шалтгаанаар яаралтай тусламжийн тасагт ирдэг байна. Нохойд хазуулсан гэх шалтгааны ихэнхийг хүүхдүүд эзэлдэг бол насанд хүрэгчид харьцангуй бага.
Хүүхдүүд ихэвчлэн хичээл сургуульдаа явж байхдаа нохойд хазуулсан байдаг. Нохойд хазуулсан гэх шалтгаанаар тогтмол ирдэг 5-10 хүний хоёр нь заавал хэвтэн эмчлүүлдэг. Гудамжны золбин нохой, хашаандаа уяагүй нохой, гэртээ тэжээдэг үүлдрийн нохдын аль нь ч аюул учруулах боломжтой.
Нохой нь хүүхдийн ясыг хуга хазсан, булчин болон зөөлөн эдийг тэр чигт нь хуулсан, толгойг нь хазсан тохиолдол ч бий аж.
Нохой болон хүний хазсан шарх нь хамгийн бохир шарх. Тиймээс том хэмжээний шарх үүссэн тохиолдолд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд ихэвчлэн хөл болон мөчнөөсөө хазуулсан байдалтай ирдэг. Улирлын хувьд хавар, намрын улиралд нохойнд хазуулсан гэх шалтгаанаар илүү олон хүн ирдэг. Энэ нь нохойны ороо орсон үетэй холбоотой гэв.
Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.
Нохой тэжээдэг эзэн та нохойгоо сул чөлөөтэй явуулахаас зайлсхийх, авч гарсан тохиолдолд хүзүүвч, хошуувчийг заавал хэрэглэхийг зөвлөж байна. Таны хүүхэд ч гэмтэж болох шүү дээ. Харин гудамжны золбин нохдоос сэргийлэх үүднээс та дээрх хүүгийн хэлдгээр аминдаа хайртай байхаас өөр сонголт алга.
Нэргүй 2024-04-17 103.57.93.27
tentsvertei bdliig hadgalsan ni deer bha
Нэргүй 2024-04-17 122.201.31.92
Ингээд бодохоох монгол хүний тархи яг 100 жилийн өмнөхөөрөө. Тийм болохоор хотжих нэртэй зүгээр л хашаатай айлын тэлэлт. Хот нэртэй том гэр хороолол. Ийм болохоор, бодитоор хотжоогүй болохоор эргээд тархи нь шинэчлэгддэггүй, нэгэндээ чөдөр. 100 гаруйхан жилийн өмнө Хүрээнд оройн цагаар хүмүүс айгаад явдаггүй, хүүхлээ гаргадаггүй байсан гэсэн. Ил орхьсон цогцос идсээр даварсан ноход битүү.
Нэргүй 2024-04-17 66.181.161.219
БЗД 13-р хороо Офицер бетон хавцалын урд гудмуудад золбин нохой хэтэрхий их бна
Нэргүй 2024-04-17 103.168.34.121
Орны сууцны айлууд нохой тэжээж, орчин тойрноо баас шээсээр бузарлаж байгаа нь ямар учиртай юм бэ?
MGL 2024-04-17 103.168.34.145
Сэтгэлийн хөөрлөөр нохой тэжээгээд удалгүй төөрүүлж хаядаг нь их болжээ.Хүн хазаад байвал устгахаас өөр арга алга.Харин яагаад тэр зарим тодорхой зуудаг нохдууд хүүхэдрүү дайрсаар амьдарсаар байнаа???