Хойд Солонгос улс сургууль болон аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийг камержуулж, иргэдийн хурууны хээ, гэрэл зураг гэх мэт бусад биометрийн мэдээллийг цуглуулж эхэлжээ. Энэ нь технологийн хөгжлөөр дамжуулан хүн амаа улам ойроос хянах гэсэн эрх баригчдын хүчин чармайлт юм.
Ингэхдээ Хятадаас импортолсон тоног төхөөрөмжийг дотооддоо боловсруулсан программ хангамжтай хослуулан хэрэглэж байна. Хятадаас импортолж буй камерууд энгийн дүрс бичлэгээс гадна нүүр царай таних зэрэг нарийн функцтэй гэх мэт янз бүрийн дэвшилтэт загвартай байдаг.
Энэхүү хүчин чармайлтын үр дүнд иргэдийн хувийн бизнес эрхлэх, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах, засгийн газраа нууцаар шүүмжлэх зэрэг орон зай улам хумигдав. Гэхдээ мэдээж цахилгаан эрчим хүчний хангамж, интернет сүлжээ гэх мэт дэд бүтцийн асуудлаас шалтгаалаад дижитал тандалт нь Хятад шиг өргөн цар хүрээг хамарч амжаагүй байна. Гэвч Хойд Солонгосын эрх баригчид тандалтын ирээдүйг илүү өөдрөгөөр төсөөлж байгаа бололтой.
Тус улс иргэдийнхээ нарийвчилсан биометрийн мэдээлэл бүхий профайлыг бий болгож эхэлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын иргэний үнэмлэхний хамгийн сүүлийн хувилбар нь ухаалаг картын форматтай бөгөөд иргэдээс хурууны хээ, цээж зураг, цусны шинжилгээ зэргийг шаардаж байна.
Иргэдэд тавих хатуу хяналт Covid-19-ийн үед улам чангарсан. Олон улсын шинжээч Мартин Уильямсын хэлснээр "Хилийг ийм хатуу нөхцөлтэйгөөр хаах боломжтойг тэд олж харсан. Тиймээс өдгөө энэхүү хатуу хяналтыг хэвээр үлдээхийг хүсч байна. Тандалтын төхөөрөмжийн өртөг буурсан нь ч үүнд том нөлөө үзүүлсэн" байна.
Хойд солонгосчууд хууль бусаар импортолсон бараа бүтээгдэхүүн, гадаадын контентыг нэвтрүүлэх, тараах зэргээс болж баригдсан тохиолдолд албаныханд хээл хахууль өгч шийдэх тохиолдол байдаг. Гэвч өдгөө хүмүүсээс ялгаатай нь хяналтын камерт авлига өгөх боломжгүй болох юм.
Эх сурвалж: AP