Орос, Иран улсууд нэг байр сууринд нэгдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2024.04.17-нд нийтлэгдсэн

Орос, Иран улсууд нэг байр сууринд нэгдсэн гэв

Орос, Иран улсууд нэг байр сууринд нэгдсэн гэв

Иранаас өнгөрсөн амралтын өдөр Израильд халдсантай холбоотойгоор Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсээд буй. Хурцадмал байдлыг намжаах уриалгыг олон улсын удирдагчид ч эхнээсээ дэвшүүлсэн. Тэгвэл тэдгээр удирдагчийн эгнээнд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн нэгджээ.

Путин Ираны ерөнхийлөгч Эбрахим Раиситай ярилцсаны дараа Кремль мэдэгдэл гаргахдаа “Талууд хүлээцтэй байж, бүс нутагтаа сүйрлийн үр дагавар дагуулах шинэ сөргөлдөөнөөс сэргийлнэ гэдэгт найдаж байгаагаа Путин илэрхийллээ. Ираны үйл ажиллагаа нь албадлагын бөгөөд хязгаарлагдмал шинж чанартай гэдгийг Эбрахим Раиси онцолжээ. Мөн хурцадмал байдлыг улам хүндрүүлэх сонирхолгүй байгаагаа онцлон тэмдэглэсэн. Ойрхи Дорнодод болж буй үйл явдлуудын үндсэн шалтгаан нь Палестин-Израиль хоорондын шийдэгдээгүй мөргөлдөөн гэдгийг талууд хэн хэн нь мэдэгдсэн” гэжээ.

Мөн Газын зурваст нэн даруй гал зогсоох, хүмүүнлэгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг намжаах, хямралыг улс төрийн болоод дипломат аргаар зохицуулах нөхцлийг бүрдүүлэх тухайд Орос, Иран улсууд нэг байр сууринд нэгдсэн гэлээ.

Эргэн сануулахад, Дамаск дахь Ираны дипломат төлөөлөгчийн газар халдлагад өртсөнөөр Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын долоон гишүүн амь үрэгдсэн билээ. Уг халдлагыг Израиль үйлдсэн гэж АНУ болон бусад улс тайлбарласан. Гэвч Израиль цохилтын хариуцлагыг өөртөө хүлээгээгүй байна. Энэхүү цохилтын хариу арга хэмжээ болгож Иран улс Бямба гаригт Израильд 300 гаруй нисгэгчгүй нисэх онгоц, пуужингаар цохилт өгсөн юм.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху шууд хариу цохилт өгөхийг хүссэн ч АНУ үүнийг дэмжээгүй. Гэвч Ираны эсрэг хариу арга хэмжээ авах хүсэл эрмэлзлээ Израиль илэрхийлсээр байна. Хариу өгөхөөс арга байхгүй, дараагийн алхмуудыг авч хэлэлцэж байна гэсэн утгатай мэдэгдлүүдийг Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Батлан хамгаалах хүчний штабын дарга, генерал Херзи Халеви тэргүүтэй албаныхан хийжээ.

Эх сурвалж: FOX NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж