Энэ долоо хоногийн эхээр нэр бүхий бизнес эрхлэгчдийг сонгуульд нэр дэвшигчийг хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй хэргээр саатуулсан. Ингэхдээ хэвлэл мэдээллийн сэтгүүлч, зураглаачтай, нээлттэй баривчилсан юм. Тэгвэл шүүхээр буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад нээлттэй баривчилсан нь хуульд хэр нийцсэн үйлдэл вэ, хүний эрхэнд халдсан үйлдэл мөн эсэх талаар хуульчид ямар байр суурьтай байгааг хүргэе.
"ЦАГДАА НАРЫН БАРИВЧИЛСАН БОЛГОН ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ БОЛДОГГҮЙ"
Хуульч Л.ГАЛБААТАР:
-Үндсэн хуулийн агуулга талаасаа баривчилгаа нийцсэн гэж хэлэхэд төвөгтэй. Олон нийт бичлэгийг нь хараад цагдаа, цэргээр баривчлуулсан учир гэм буруутай л гэж харж магадгүй. Шүүхээс өмнө тэр хүнийг гэм буруутай мэт харагдуулах үйлдэл байсан байж магадгүй. Япон, Солонгост малгай, маск зүүлгээд гавыг нь хүртэл дардаг. Тухайн хүний нэгдүгээрт, аюулгүй байдал, хоёрдугаарт, гэм буруутай нь шийдэгдээгүй учир буруутай гэдэг ойлголт төрүүлэхгүй, хувийн мэдээллийг нууцалдаг. Энэ зөв эсэхийг цагдаа өөрөө л тайлбарлах байх. Хөндлөнгөөс тайлбарлахад гэм буруутай мэт ойлголт төрүүлж, баривчилж байгаа нь зохимжгүй харагдсан. Гэм буруугүйн асуудлыг шүүхээр шийднэ. Дахиад давж заалдах, хяналтын шатны шүүхээр явна. Прокурорын байгууллагаас ямар дүгнэлт хийж байгааг нь харах хэрэгтэй. Баривчлах дүрэм журам нь ямар байдаг вэ гэдгийг харах хэрэгтэй. Энгийн иргэдэд чиглэсэн маягаар баривчилгаа явуулсан байж болзошгүй. Гол асуудал нь баривчилгаан дээр хэвлэл мэдээллийн байгууллага, цагдаа хоёр яаж мэдээлэл солилцдог юм бэ. Энэ хүнийг ингэж баривчилна гэдэг мэдээллийг урьдчилж өгдөг юм уу гэдгийг тодотгох хэрэгтэй. Тэгж өгдөг бол ямар дүрэм журманд заасан байдаг вэ.
Баривчилгааг төлөвлөнө гэхдээ хэвлэл мэдээллийг олноор нь авчирч үзүүлж байгаа нь ямар санаа, зорилготой байсан бэ.Үүнээс өөр баривчилж байгаагаас мэдэгдэх энгийн аргууд зөндөө бий. Сүр дуулиантай баривчилж байгаа нь анхаарал татаж байна.
Тус тусын редакциуд ийм хэрэг дээр яаж ажиллах вэ гэдэг бодлогоо баримтлах хэрэгтэй. Мэдээллийг дуулиантайгаар цацахаас зайлсхийх гэдэг зарчим байдаг санагдана. Үүнтэй нь нийцэж байна уу, цагдаа, редакц талаасаа алдаа, оноо юу байна вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Цагдаа дуудсан ч сэтгүүлчид очихгүй байж болно. Ингэж дуулиантай баривчлах нь ямар санаа, зорилготой байсан бэ. Урьдчилсан байдлаар нэг зүйл тодорхой байгаа нь гэм буруутай болж харуулж байна. Цагдаагийн баривчилсан болгон шүүхээр гэм буруутай нь тогтоогддог зүйл байхгүй. Цагаатгах тохиолдол олон бий. Цагдаа баривчилсан ч шүүх өөр шийдвэр гаргадаг. Магадгүй ингэж баривчилсан нь шүүхэд нөлөөлөх арга байж болно. Дараа нь цагаатгавал шүүх, прокурор буруу шүүлээ гэх ойлголт гарахыг үгүйсгэхгүй.
"Бид нар баривчилсан ч шүүх цагаатгачихлаа" гэх ойлголтыг төрүүлж, шүүх, прокурорын талаар буруу ойлголт бий болгох талтай.
"ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШҮҮХ ТОГТООГООГҮЙ БАЙХАД ГЭМТ ХЭРЭГТЭН МЭТЭЭР ОЙЛГУУЛЖ БОЛОХГҮЙ"
Хуульч Б.АГАР-ЭРДЭНЭ:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг тусгай дэглэм бүхий байгууллагын өрөөнд тусгаарлан хорьж, эрх чөлөөг түр хугацаагаар хязгаарлах зорилгоор баривчилдаг. Баривчлах ажиллагаа гэдэг бол өөрөө хуулиар нарийвчлан зохицуулагдсан харилцааг хэлдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг хэн байхаас үл хамааран баривчлах хууль зүйн үндэслэл бүрдсэн тохиолдолд тус ажиллагааг хийнэ. Гэвч баривчлах ажиллагааны ард иргэний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах ойлголт бий болдог. Нарийвчлан дурдвал,
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчилсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ” гэж заасан.
ЭХХШтХ-ийн 31.4 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Тодруулбал, сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа, мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол сэжигтнийг баривчилна. Баривчлах ажиллагааг хэргийн нөхцөл байдлаас шалтгаалж авч хэрэгжүүлдэг.
Гэвч олон нийтийн сүлжээгээр сэжигтнийг баривчилж байгаа үйл явцыг танилцуулах ёстой гэсэн хууль байхгүй. Харин ч хуульд өөр агуулга бүхий зохицуулалт байдаг.
Тодруулбал, шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр суурь, саналаа урьдчилан илэрхийлэх, шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, шинжээч, мэргэжилтэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарах хүртэл яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж олон нийтэд мэдээлэхийг хориглоно. Хэдийгээр мөрдөгчөөс олон нийтэд гэмт хэрэгтэн гэж мэдээлээгүй боловч цахим сүлжээнд буй иргэдийн сэтгэгдэл, бидний ухамсарт баривчлагдаж буй нэр бүхий этгээдүүдийг гэмт хэрэгтэн гэж ойлгогдох нөхцөл байдлыг үүсгээд байна. Цагдаагийн байгууллага буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага нь хуульд заасан ажиллагаа явуулахдаа хүний эрхийг хүндэтгэж, гэм буруутай мэт сэтгэгдлийг олон нийтэд хүргээд байж болохгүй. Мөн сэжигтэн этгээдийн хувийн мэдээлэл, хөрөнгийн мэдээлэл, эмзэг мэдээллийг шууд олон нийтэд ил гаргаад байж болохгүй.
Шууд бус утгаараа Монгол Улсад энгийн хэллэгээр бол зөв бурууг нь шүүх эрх мэдлийн байгууллага буюу шүүхийн ажлыг олон нийтээр хийлгэх буруу хандлагыг суулгах эрсдэлтэй.
Эрүүгийн хэрэг болгонд сэжигтэн этгээд шүүхээр шийтгүүлдэггүй, зарим хэрэг цагаатгагддаг. Тэгвэл угаас гэмт хэрэг үйлдээгүй хүнийг нотлох баримтын зөрүүтэй байдал, бусдын худал гүтгэлэг, мөрдөн шалгах ажиллагааны алдаанаас болж яллагдагчаар татаж, түүнийг олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулсан боловч шүүхээс гэм буруугүй гэж тогтоовол яах вэ? Уучлал гуйгаад өнгөрөх үү? Мэдээж үгүй. Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг үгүйсгэж буй хэлбэр болж хувирна. Манай улсад цагдаагийн байгууллага шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх болоогүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн 1-т “… Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ …” гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Гэм буруутай эсэхийг шүүх тогтоогоогүй байхад шууд л гэмт хэрэгтэн мэтээр ойлгуулаад байж болохгүй. Мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг. Гэвч тухайн этгээдүүдийг баривчлахыг сэтгүүлчид хэрхэн мэдэж, баривчлах цагийг нь яг, таг тааруулж мэдээд байгаа юм бэ? Шүүхээс гэм буруутайг тооцоогүй атал олон нийтэд мэдэгдээд байвал энэхүү арга барил нь улс төрийн техник болж хувирвал эрх зүйт төрийн буюу бидний зорьж буй нийгмийн мөн чанарыг бүхэлд нь үгүйсгэж, дарангуйлал бий болж, популист төрийн албан хаагчдыг бий болгож, хүн төвтэй төрийг үүсгэх эрсдэлтэй.
Мэдээллийн хэрэгслүүдээр тухайн этгээдүүдийн царай дүрсийг нууж, нэрийг гаргахгүй байх бүрэн боломжтой. Баривчлагдаж буй этгээдүүд хэн байх нь хувь хүн надад ямар ч хамааралгүй боловч баривчилж буйг мэдээлж байгаа нь эрх зүйт төрийн шинжийг хэт үгүйсгэж байгааг харж болно.
Эцэст нь хэлэхэд манай Монгол Улс зөв бурууг дэнсэлдэг шүүх гэдэг байгууллагатай бөгөөд олон нийт шүүхийн ажлыг хийгээд байж болохгүй л болов уу гэж бодож байна.
"МАНАЙ ЦАГДАА, ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОХГҮЙ Л ЗҮЙЛ ХИЙЖ БАЙНА"
Хуульч О.БАТХҮҮ:
-Ингэж болохгүй л дээ. Хүнийг шүүхээр гэмт буруутайг нь тогтоох хүртэл хэнийг ч гэмт буруутайд тооцохгүй гэх Үндсэн хуулийн зарчим бий. Дэлхийн бүх оронд хэрэглэдэг. Цагдаагаар сүр болгоод барьдаг, ингэхдээ үүдэндээ сэтгүүлчид зогсоочихсон байдаг. Угтаа тэр хүнийг зүгээр л шалгаж байгаа. Шалгаад гэм буруугүй ч байж болно. Түүнээс өмнө энэ хүмүүсийн нэр хүнд, алдарт халдаж байгаа хэлбэр. Мөрдөн шалгах ажиллагаа нууц явагдах ёстой. Шалгуулж байгаа хүн, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нь хүртэл тэр хэргийн талаарх мэдээллийг гадагшаа задруулж болохгүй. Задруулаад явбал эрүүгийн хариуцлага хүлээдэг.
Цагдаа нар шоу хийдэг тэр тусмаа сонгууль дөхчихсөн байхад хүн барьдаг, янз бүрийн мэдээлэл тараадаг нь буруу жишиг гэж үзэж байна.
Базар, Бат-Эрдэнэ гээд хүмүүс буруугүй ч байж болно. Хүн гомдол гаргаад цагдаа барьж байна. Хэвлэлүүдээр дандаа хэдэн сая ам.доллар, тийм хүмүүсийг санхүүжүүлсэн гэх мэдээ цацагдлаа. Дараа нь энэ хүмүүсийг гудамжаар явахад хүн бүр л мэднэ. "Цагдаа нар тусгай ажиллагаа явуулж барьж байсан" гээд ярина. Энэ хүмүүс Монголд төдийгүй гадаадад бизнес хамтрагчидтай байж болно. Эрүүгийн цагдаагийн газарт баригдаад хоригдоод шалгагдана гэдэг энэ хүмүүсийн бизнесийн нэр хүнд, гэр бүлд нь яаж тусах вэ. Нийгэмд өдийг хүртэл босгосон энэ хүмүүсийн нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бусад улсын жишээг хар.
Солонгост ийм баривчилгаа болдог ч нөгөө хүндээ маск зүүлгэсэн байдаг. Аль болох олон нийтэд тухайн хэргийнх нь талаар мэдээлдэггүй. Ийм жишигтэй. Манай цагдаа, хуулийн байгууллага болохгүй л зүйл хийж байна.
Холбоотой мэдээ