НЭМЭЛТ:
Засгийн газрын өнөөдрийн /2024.04.17/ хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын сайд, Нийслэл, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хуралдаанд гурван асуудал танилцууллаа.
Монгол Улсын нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэх танилцуулгатай холбоотойгоор нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг өөрчлөн зохион байгуулах, нийслэл, зарим аймгийн чиг үүргийг хотод шилжүүлэх асуудлаар холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтлоо.
Мөн нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах хүрээнд хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болголоо.
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай, Төр, хувийн хэвшлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хог хаягдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг боловсруулаад байна.
Шинэ Зуунмод хот нь амралт, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ, засаг захиргаа, оюутны хотхон, судалгаа, шинжилгээ, тээвэр, логистик, олон улсын нисэх онгоцны буудал, агаарын карго зэрэг найман бүстэй байхаар хөгжлийн төлөвлөгөөнд тусгажээ.
Мөн хуралдаанд нийслэлийн дотоод, гадаад бондоор санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан байна.
Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ
“Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж, “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгох замаар оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлнэ.
Мөн тус журмаар Консерваторын сургалтын орчныг сайжруулах арга хэмжээ, сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, дагалдах хэрэгсэл худалдан авах болон засвар үйлчилгээний зардалд Улсын төсвөөс нэмэлт санхүүжилт олгоно.
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан шинжлэх ухаан, технологийн бодлого, урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдэхийн зэрэгцээ шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүргийн хуваарилалтыг оновчтой тогтоож, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны хувьд олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх замаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшилж, дэвшил гарна гэж дүгнэж байна.
Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо
Яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Цаашид 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг Засгийн газраар хэлэлцэхээр болж байна.
Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд 2022 онд 173717 иргэн, 2023 онд 150849 иргэн утсаар болон сошиал сувгуудаар хандсан байна. Утсаар тус төв 2022 онд 72679, 2023 онд 94080 дуудлага хүлээн авч дунджаар 64,5 хувийн гүйцэтгэлтэй ажиллажээ. Үүнээс 2022 онд 51453 иргэний санал, хүсэлт, гомдлыг бүртгэн холбогдох байгууллагад шилжүүлж 97,3 хувийг, 2023 онд 68580 иргэний санал, гомдлыг шилжүүлж 96,3 хувийг тус тус шийдвэрлэсэн үзүүлэлттэй байна.
11-11 төв иргэдийн санал, хүсэлт, гомдлыг утсаар, вэб хуудсаар, и-мэйлээр, Дуут шуудангаар, фэйсбүүкээр, биечлэн, И-Монголиа-гаар хүлээн авдаг байна.
Засгийн газрын хуралдаан болж байна
Засгийн газрын өнөөдөр /2024.04.17/-ийн ээлжит хуралдаан 08.00 цагт товлогдсон. Хуралдаанаар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлээс гадаад, дотоодын бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл арга хэмжээний талаар, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, Ипотекийн зээлийн хэрэгжилт болон түрээсийн орон сууцаар хангах хөтөлбөрийн талаар зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Энэ цаг мөчид Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Бүжинлхам 2024-04-17 75.190.35.176
Уул нь сайхан санаа байна.
Зуун Мод хотод нийслэлийг нүүлгэж аваачаад Монгол улсын нийслэл гэж нэрлэвэл болох юм биш үү Харин Улаанбаатар хуучнаараа хөгжөөд л явж байг. Жишээ нь Америкийн баруун эрэг San-Francisco бол том хот Гэхдээ California мужийн нийслэлийг Sacramento гэж нэрлэдэг Төв хэсэгт байрлах Nebraska мужийн нийслэлийг Lincoln (Харин Omaka бол хамаагүй их хөгжилтэй) гэж нэрлэдэг Гэх мэт жишээнүүд олон бий шүү дээ
И 2024-04-17 103.168.34.196
ниййслэлийн байгууллагуудын ажиллагсдын цалинг улсынхаас өөр жишигээр тогтоохоор ЗГ шийдсэн юм уу ? Автобусны жолооч,ТҮК- н ажиллагсдын цалин г.м.