Ц.Элбэгдорж: Та нарын цаг ирж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Та нарын цаг ирж байна

Өнөөдөр хичээлийн шинэ жилийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган Сингапур Улсад зохиогдсон залуучуудын Олимпийн анхдугаар их наадам, Турк Улсад зохиогдсон дэлхийн сурагчдын шатрын тэмцээн, ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд тус тус амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийн тавцанд өндрөөр гаргасан тамирчид, дасгалжуулагч нарыг төрийн одонгоор шагнав. Үүнд, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Биеийн тамир спортын газрын гимнастикийн багш, дасгалжуулагч Цэрэнсодномын Алтантөгс, Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Даваацэрэнгийн Мөнхбаяр нарыг, Алтан гадас одонгоор Монголын шатрын холбооны тамирчин Алтан-Өлзийн Энхтуул, Чөлөөт бөхийн холбооны тамирчин Батзоригийн Батцэцэг, БТСГ-ын үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Ганбатын Эрдэнэболд, Буудлагын спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Цагаандалайн Хонгорзул нарыг тус тус шагналаа.

Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр улс орон даяар баяр болж байгаа их сайхан өдөр. Монголын бахархалт олон мянган хүүхэд залуучууд шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож байна. Энэ сайхан өдөр би, багшийн хөдөлмөр зүтгэлийг, мөн шавь нарынх нь гаргасан амжилтыг үнэлж байгаадаа баяртай байна. Шавийн эрдэм багшаас гэж ярьдаг. Олон мянган багш, үеийн үед монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө, сайхан амжилтын төлөө цаг наргүй зүтгэж ирсэн. Ер нь бага насандаа ч гэсэн эрч хүч, хурд, хөдөлмөр зүтгэл, дасгал сургуулилт шаардсан ийм амжилтаар монгол хүүхдүүд, манай өсвөр үеийнхэн өндөр амжилт гаргаж болох юм байна гэдгийг та нарын амжилт харуулснаараа үнэ цэнэтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, аав хүний хувьд та бүгдээр бахархаж байна. Та нарын цаг ирж байна. Бүх цаг боломж та бүгдийн өмнө чинь байна. Дараа дараагийн тив дэлхий, олимпийн тэмцээнүүдэд энэ амжилтаа давтан гаргахыг хүсье” гэлээ. Уулзалтын төгсгөлд, эх орныхоо нэр төрийг тив дэлхийн хэмжээнд өндөрт өргөсөн эдгээр дөрвөн тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт оюутан болгохоор шийдвэрлэснээ Ерөнхийлөгч онцоллоо. Мөн Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулыг Монгол Улсын Их Сургуулийн салбар сургуулиудаас сонгон суралцах эрхээр шагнасныг дурьдаад, тив дэлхийн хэмжээний өндөр амжилт гаргасан хэн бүхний өмнө ийм боломж нээлттэй байгааг өсвөр үеийнхэндээ уриаллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж