
Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Өнөөдөр улс орон даяар баяр болж байгаа их сайхан өдөр. Монголын бахархалт олон мянган хүүхэд залуучууд шинэ хичээлийн жилийн нээлтэд оролцож байна. Энэ сайхан өдөр би, багшийн хөдөлмөр зүтгэлийг, мөн шавь нарынх нь гаргасан амжилтыг үнэлж байгаадаа баяртай байна. Шавийн эрдэм багшаас гэж ярьдаг. Олон мянган багш, үеийн үед монголын хүүхдүүдийн сайн сайхны төлөө, сайхан амжилтын төлөө цаг наргүй зүтгэж ирсэн. Ер нь бага насандаа ч гэсэн эрч хүч, хурд, хөдөлмөр зүтгэл, дасгал сургуулилт шаардсан ийм амжилтаар монгол хүүхдүүд, манай өсвөр үеийнхэн өндөр амжилт гаргаж болох юм байна гэдгийг та нарын амжилт харуулснаараа үнэ цэнэтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, аав хүний хувьд та бүгдээр бахархаж байна. Та нарын цаг ирж байна. Бүх цаг боломж та бүгдийн өмнө чинь байна. Дараа дараагийн тив дэлхий, олимпийн тэмцээнүүдэд энэ амжилтаа давтан гаргахыг хүсье” гэлээ. Уулзалтын төгсгөлд, эх орныхоо нэр төрийг тив дэлхийн хэмжээнд өндөрт өргөсөн эдгээр дөрвөн тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт оюутан болгохоор шийдвэрлэснээ Ерөнхийлөгч онцоллоо. Мөн Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн А.Энхтуулыг Монгол Улсын Их Сургуулийн салбар сургуулиудаас сонгон суралцах эрхээр шагнасныг дурьдаад, тив дэлхийн хэмжээний өндөр амжилт гаргасан хэн бүхний өмнө ийм боломж нээлттэй байгааг өсвөр үеийнхэндээ уриаллаа.