Ирэх долоо хоногт дэлхийн хамгийн том сонгууль эхэлнэ. Энэхүү сонгууль нь Энэтхэгийн сүүлийн арав гаруй жилийн үр дүнг тодорхойлж ирээдүйг замчлах чухал мөч юм. Ерөнхий сайд Нарендра Моди гурав дахь удаагаа албан тушаалаа хашиж, түүний Бхаратия Жаната нам (BJP) ирэх таван жил засаглалын эрхээ сунгаж чадах эсэхийг нэг тэрбум гаруй хүн шийднэ. Өнгөрсөн хугацаанд Нарендра Модигийн удирдлага дор Энэтхэг улс эдийн засаг, цэрэг техникийн хувьд хамгийн хурдацтай өсөн дэвшсэн. Гэвч тус улсын шашны үзэл баримтлал хэт туйлширсан ба Моди дахин сонгогдвол ирэх таван жилийн дотор Энэтхэгийг Хинду шашинт улс болгохоор дайрах болно гэж шүүмжлэгчид дүгнэлээ. Тиймээс дэлхийн хүн амын 10 гаруй хувь орших Энэтхэгийн сонгуулийн талаар юу мэдвэл зохих ёстой вэ?
Энэтхэгчүүд хэрхэн саналаа өгдөг вэ?
Энэтхэгийн үндэсний сонгууль нь ардчилал, логистикийн асар том ажиллагаатай. Нийт сонгогчид саналаа өгч дуусахад сар гаруй хугацаа зарцуулдаг ба дүнг нэгтгэхэд хэдэн өдөр шаардагддаг. Энэ удаагийн сонгуульд 968 сая хүн санал өгөх эрхтэй ба 2019 оны сонгуулиас 150 сая орчим хүнээр илүү гэсэн үг. Тиймээс сонгогчдын тооноос хамаарч ганц өдрийн дотор санал өгөх боломжгүй.
Сонгуулийн санал хураалт дөрөвдүгээр сарын 19-нд эхэлж, зургадугаар сарын 1 хүртэл долоон үе шаттайгаар явагдана. Тус улсын 28 муж, холбооны найман нутаг дэвсгэрийн бүх саналыг тоолж, зургадугаар сарын 4-нд дүнг гаргах болно.
Олон намын тогтолцооны дагуу энэтхэгчүүд таван жилд нэг удаа явуулдаг парламентын доод танхимыг сонгоно. Лок Сабха гэгдэх доод танхимын сонгуулиар иргэд 545 суудлын 543-ыг нь сонгох ба үлдсэн суудлыг ерөнхийлөгчийн санал болгосон намын гишүүдээс сонгох юм. Олонх болсон нам нь засгийн газраа байгуулж, нэр дэвшигчдийнхээ нэгийг ерөнхий сайдаар томилох журамтай.
Гол өрсөлдөгчид
Нарендра Моди болон түүний "BJP" нам иргэдийн дунд алдартай хэвээр байгаа ба ирэх таван жилд дахин төрийн эрхийг атгах хамгийн өндөр магадлалтай байна. Моди 2014 онд Ерөнхий сайдаар сонгогдож, халамжийн болон нийгмийн шинэчлэлийг хэрэгжүүлсэн гавьяатай. Тэрбээр 2019 онд 67 хувийн санал авч , дахин сонгогдсон. Энэ удаад кампанит ажлынхаа хүрээнд шашны үзлийг нэгтгэхийг зорьж байна.
"BJP"-ийн гол өрсөлдөгч нь тусгаар тогтнолоо олж авснаас хойш 77 жилийн ихэнх хугацаанд улс орноо удирдаж байсан "Энэтхэгийн Үндэсний Конгресс (INDIA)" юм. Моди дахин ялалт байгуулахаас урьдчилан сэргийлэхийн тулд Конгресс бусад сөрөг хүчний удирдагчид, бүс нутгийн томоохон намуудтай эвсэл байгуулав. Тэд өнгөрсөн сарын сүүлээр “ардчиллыг аврах” платформ дээр кампанит ажлаа эхлүүлсэн.
Рахул Ганди бол Конгрессын нүүр царай юм. Бусад гол хүмүүс нь Аам Аадми намын алдартай удирдагч, Делигийн ерөнхий сайд Арвинд Кежривал аж. Мөн "Бүх Энэтхэгийн Тринамоол Конгресс"-ын Мамата Банержи, өмнөд Тамил Надугийн Ерөнхий сайд Мутхувел Карунаниди Сталин зэрэг бүс нутгийн хүчирхэг тоглогчид орно. Эдгээр хүмүүс өөрсдийн бүс нутагтаа ялалт байгуулахын тулд кампанит ажлаа нухацтай авч үзэж байна.
Сөрөг хүчин хэр хүчтэй вэ?
"INDIA" блок одоогийн байдлаар дотоод мөргөлдөөнд автсан ба ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнээ сонгоогүй байна. Шинжээчдийн үзэж буйгаар тэдний дунд Моди шиг бусдын сэтгэлийг татаж чадах хүн байхгүй. Сөрөг хүчин мөн адил Модигийн кампанит ажлыг сулруулж чадахгүй байгаа шинжтэй. Дели хотын ерөнхий сайд Кежривал зэрэг сөрөг хүчний хэд хэдэн гишүүд улс төрийг буруутгасан үйлдлээр баривчлагдсан байна. Тэднийг мөрдөн байцааж, банкны дансыг нь царцаасан ба 218 сая ам. долларын татвар төлөхийг шаарджээ. "BJP" энэ хэрэгт хөндлөнгөөс оролцоогүй гэж мэдэгдсэн.
Сөрөг хүчнээс илүү, Моди олон жилийн турш засгийн эрхийг атгасан тул өөрийн байр сууриа хадгалахад амархан гэж шинжээчид үзсэн. Модигийн нам болон түүний холбоотнууд Лок Сабхад 400 гаруй суудал авахаар зорьж байгаа. Энэ нь Энэтхэгийн үндсэн хуулийг өөрчлөхөд хангалттай хэмжээний суудлын тоо юм. "BJP"2019 онд303 суудал авч, Конгресс нам 52 суудал авснаар үнэмлэхүй олонх болж сайжирсан.
Гол асуудал
Энэтхэг бол дэлхийн хамгийн том ардчилсан орон боловч арав гаруй жилийн турш "BJP" засаглалтай байсан. Шинжээчид популист Моди ардчилсан институцаа чанга атгасан гэж үзэж байна. Тус улсын 200 сая лалын шашинтнууд "BJP"-ийн Хинду үндсэрхэг бодлогоос болж хавчигдаж байгаа юм. Моди шүүмжлэгчдийнхээ амыг тагласан, тэр дундаа Энэтхэгийн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэлмэгдүүлсэн гэж буруутгагдаж байна. Жил бүр гаргадаг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс"- т Моди засгийн эрхэнд гарсан 2014 онд Энэтхэг 140-д байсан бол өнгөрсөн жилийн жагсаалтад 180 орноос 161 болж буурчээ. Модигийн засаглал нь Исламын шашны дурсгалт газруудыг нураахаас эхлээд эртний лалын шашинтнуудын байгуулсан хотуудын нэрийг өөрчилсөн. Мөн түүхийн сурах бичгүүдийг шинэчилснээр Энэтхэгийн хувьд шашингүй үндэстний үнэт зүйлээс Хинду шашинт анхдагч үндэстэн болж хувирсан юм. Шинжээчдийн үзэж буйгаар " BJP"-ийн өөр нэг нэр томъёо нь "Энэтхэгийг энэ замаар урагшлуулах" аж.
Модигийн дэмжигчид түүний эдийн засгийн амжилтыг онцолдог. Эдийн засаг нь хурдацтай өргөжин тэлж байгаа энэ үед Энэтхэг 21-р зууны хүчирхэг гүрэн болоход бэлэн байна. Түүний "G20"-ийг зохион байгуулсан нь тус улсыг орчин үеийн дэлхийн хүчирхэг гүрэн болгосон. Мөн Моди олон чухал амлалтаа биелүүлж, сүйрсэн Бабри сүмийн суурин дээр баригдсан ариун Аёдхья хотод Хинду шашны сүм болох Рам Жанмабхооми Мандирын нээлтийн ёслолд амжилттай оролцсон. Энэтхэгийн эдийн засаг өсч байгаа хэдий ч дэлхийн хамгийн олон хүн амтай улсад сая сая залуучууд хангалттай ажлын байргүйгээс болж ядуурлын түвшин нэмэгдэж байна. Өнгөрсөн онд 20-24 насны ажилгүйдлийн түвшин 44.4 хувь байсан. Тариаланчид сүүлийн жилүүдэд эдийн засгийн сайн сайхан байдлыг илүү хүчтэй хамгаалахыг шаардаж, үр тарианы үнийг удаа дараа нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тус улсын нийт хүн амын 55 хувь нь газар тариалангаар амьжиргаагаа залгуулдаг.
Хамгийн адал явдалтай санал хураалт
Энэтхэгийн сонгууль нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас ч илүү өндөр өртөгтэй. Делид төвтэй Хэвлэл мэдээллийн судалгааны төвийн мэдээлснээр 2019 онд улс төрийн намууд, нэр дэвшигчид болон зохицуулах байгууллагууд кампанит ажилдаа 8.6 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Энэ жилийн зарлага 2019 оны үеийг давах төлөвтэй байна. Гималайн нурууны өндөр оргилуудаас Энэтхэгийн төв мужуудын алслагдсан ойд хүртэл 1 сая гаруй санал авах байр бий. Нийт 15 сая сонгуулийн ажилчид зам, завь, тэмээ, галт тэрэг, нисдэг тэргээр аялж, Энэтхэгийн сонгогч бүрт хүрэхийг хичээдэг. Хятадтай хиллэдэг, 4,650 метр өндөрт байрлах Химачал Прадеш мужийн алс хойд хэсэгт орших Ташиганг тосгоны иргэд нь дэлхийн хамгийн өндөрт байрлах санал хураалтын байранд саналаа өгч байв. Өмнө нь 2019 оны сонгуульд найман мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ жил нэр дэвшигчдийг зарласан хэвээр байгаа ч 2700 гаруй нам Лок Сабха дахь суудлын төлөө тэмцэлдэх бө үүнд 6 үндэсний, 70 гаруй муж улс багтана.
Нам бүрт сонгуулийн хорооноос олгосон билэг тэмдэгтэй. Хүн амын дөрөвний нэг нь бичиг үсэггүй тул иргэд нам тус бүрийн билэг тэмдгээр саналаа өгдөг. Тухайн билэг тэмдгүүд нь сэнс, сам, манго зэрэг өдөр тутмын эд зүйлс юм. Эрх баригч "BJP"-ийн билэг тэмдэг нь бадамлянхуа байдаг бол Конгресс намынх өргөгдсөн, нээлттэй гар юм. Кежривалын Аам Аадми нам (эсвэл Энгийн хүний нам) нь авлигын эсрэг гудамжны хөдөлгөөнийг төлөөлдөг шүүр юм.
Эх сурвалж:CNN, Wikipedia, Times of India
Нэргүй 2024-04-17 188.162.254.116
Хамгийн гол юмыг нь орхигдуулчихсан (санаатай юу санамсаргуй) байна !!! саналыг хар машинаар биш хуний нуд гараар тоолох юм!!!!!!
Нэргүй 2024-04-17 188.162.254.116
Хамгийн гол юмыг нь орхигдуулчих(санаатай юу,санамсаргуй юу ) саналыг